Төлөвшөөгүй намууд төрөөр тоглож дууслаа

2016 оны 1 сарын 25

Улс төрийн үйл ажиллагаанд тун ч залуугаасаа оролцож байгаа танилтайгаа саяхан гудамжинд таарав. Уг нь оюутан цагаасаа л Ардчилсан залуучуудын холбоонд элсч, улмаар АН-ын бодлого үйл ажиллагааг чамгүй олон жил дэмжиж байгаа залуу улстөрч юм. Ирэх сонгуулиар ч мань нөхөр тойрогт өрсөлдөх бодол тээж яваа гэнэ ээ. Гэхдээ намдаа өгөх хандиваар жаахан тиймхэн. Тэгээд ч нам нь нэр хүндийг чухалчилна. Өрсөлдөөн илүү чанаржих учраас энэ удаад төдийлөн танигдаагүй залууст боломж хомсхон байгааг дуулгасан бололтой юм. Ер нь тэгээд заавал УИХ-д өрсөлдөнө гэж байхаар намынхаа гайгүй албан тушаалд ажиллаад байж болохгүй байгаа юм уу гэхэд “Зөндөө л олон жил дарагдаж явлаа. Энэ жил хэрвээ тойрог өгөхгүй бол сонголт зөндөө л байна. ХҮН-д элсчихвэл тойрог бэлэн байна. Бүр болохгүй бол МАХН руу очсон ч яадаг юм” гэх нь тэр. Ер нь ч манай танил шиг бодолтой болсон хүмүүс эрх баригч хоёр намд цөөнгүй бий. 76 суудал цөөхөн, улс төрд шат ахих гэсэн хүмүүс хоёр намд хэтэрхий олон.

Тиймдээ ч эдгээр гомдогсод зорьж очих нам нэгээр нэмэгдсэн нь Хөдөлмөрийн үндэсний нам болжээ. Шинээр байгуулагдсан энэ намын ард анхнаасаа С.Ганбаатар гэж хүн байсан нь тодорхой байлаа. Өөрийн гэсэн том компани үгүй, үйлдвэрчний эвлэлийн дарга хийж гудамжинд жагссаны үр дүнд парламентад орж ирсэн энэ эрхэмд нам байгуулах мөнгө хаанаас гарч ирснийг хэн ч мэдэхгүй. Улстөрчид хардахдаа “барууны санхүүжилттэй” хэмээн тодотгодог ч бизнесийн салбарын сео нар ХҮН-ыг сонгох болсон нь нэгийг хэлэх биз.

Өөрөөр хэлбэл, мөнгөтэй хүмүүс намд ороод ирэхээр нам бодлогын ажлыг биш бизнесмэнүүдийнхээ өмнөөс дуугардаг, тэдний эрх ашгийг хамгаалдаг зарчмаар ажилладаг.

Энэ зарчмаас ХҮН ч адилхан ухарч чадахгүй болж байна гэсэн үг. Цаашлаад энэ нам гомдогсодоор дүүрэх эсэх нь цаг хугацааны л асуудал боллоо. Саяхан ХҮН ээлжит бус анхдугаар хурлаа хийв. Намын даргыгаа жинхлэх, тангараг өргүүлэх ёслол гэгчийг зохион байгуулсан юм. Энэ үеэр АН, МАН-д үнэнчээр зүтгэхээ тангараглаж байсан олон ч эрхмүүд сууж харагдав. Зарим нь бүр өглөө нь намаасаа гараад үдээс хойш ХҮН-д элсчихсэн эрхмүүд. Намын үзэл бодлоос алхам ч ухрахгүй хэмээн мэдэгдэж байсан тэд ХҮН-ын эгнээнд хэдийнэ нэгдэж орхиод социализмын үеийн уриа лоозон аятай доль цохисон тангараг өргөж байв. Хөдөлмөрийн үндэсний намынхан бид зөвхөн монгол хүний төлөө ажиллана гэж мэдэгдэж буй. Гэвч тэд олонхи болж чадахгүй л бол “ХҮН”-ий төлөө ажиллах мөрийн хөтөлбөрөө биелүүлж чадахгүй. Яг л таван жилийн өмнө МАХН байгуулагдахдаа шударга ёсны төлөө ажиллана гэж тангараглаж байсан шиг. Харин таван жилийн дараа бодит байдал юу болж хувирсныг эргээд харъя.

Энэ нам МАН-аас урвасан, эсвэл гомдож ирсэн хүмүүсээр дүүрсэн. Сонгууль дөхсөн энэ үед одоо МАН-аас хөөгдсөн хүмүүс МАХН руу багагүй хөвөрнө. Үзэл бодол, үнэт зүйл гэж юу байдгийг мэдэхгүй хэсэг бүлэг нэг хүнийг тахин шүтэх үзлээр улс төр хийж ирлээ. Н.Энхбаяр, Энхбаяр бас дахиад Н.Энхбаяр гэсэн зарчим л МАХН-д үйлчилдэг гэхэд хэтийдсэн болохгүй. Монгол төрд шантаажны улс төр яаж хийдгийг тэд яруу тодоор харуулав. Төрийг үнэлэх үнэлэмж навс буурч, хянагчийн албан тушаалтай нэг нь салбарын сайд болтлоо дээшлэхийг харлаа. Намын даргынхаа оймсны завсар хавчуулагдсан зарим нь үнэт зүйл гэж шүтэж явсан нэгнээсээ урваж, эсрэг намынхаа эрх мэдэлтэй нэгний зааварчилгаагаар монгол төрийг самарч байгааг бэлхнээ харж буй. МАХН-д эхнээс нь нэгдэж орсон, эцсээ хүртэл тэмцэж яваа нь биш тойрог олдохгүй болохоор, намдаа хаягдаад ирэхээр л гүйж очсон хүмүүс хэтэрхий олон болсон. Тэд өнөөдөр илүү өндөр албан тушаалд очиж байгааг ч нуугаад яахав.

Мөнгө өгсөн нь албан тушаалд очдог жишгийг тэд л бий болгож байна. Гомдсон нэг нь гүйгээд очиход албан тушаал өгч болдог юм гэдэг буруу жишгийг тэд тогтоосон. ХҮН ч өнөөдөр тийм болохгүй гэсэн баталгаа алга. МАН-аас жийгдсэн хэсэгт МАХН үүдээ нээдэг шиг. АН-аас жийгдсэн хүмүүс ХҮН-ыг сонгож эхлэх нь. Үзэл бодлын хувьд алд дэлэм зөрүүтэй МАХН руу очиж чадахгүй учраас залуусыг дэмжиж байгаа шинэ улс төрийн хүчнийг сонголоо хэмээн ХҮН руу АН-ын гомдогсод цуврах нь. 1990 оноос өмнө монголын ард түмэн ганцхан МАХН/ МАН/-д гишүүнээр элсдэг байлаа. Тэр үед намын гишүүн болохын тулд маш өндөр шалгуурыг давдаг байсан. Улмаар ардчилал Монгол Улсад ялснаар МАХН /МАН/, АН гэсэн улс төрийн хоёр том хүчинд ард түмэн хуваагдаж эхэлсэн. Ардчилал гэж юу хүссэнээ хийж болдог юу ч ярьж хэлж болдог, бас хэнээс ч хэзээ ч урваж болдог гэсэн буруу ойлголт бий болсноор ганц нэг хүмүүс нам байгуулж, түүгээрээ дамжуулан улс төрийн шантааж хийдэг, албан тушаалд авдаг бичигдээгүй хууль хэрэгжиж эхэлсэн. Эцэстээ эмх замбараагаа алдаж өнөөдөр Монголд төр толгойлж томроогүй, олны санал авч оройд ч гарч чадаагүй 24 нам үйл ажиллагаа явуулж буй нэрээр данслагдаж.

Эндээс бодлого тодорхойлж буй нь хоёрхон. Цаашдаа ч хоёулаа ээлжилж төр барихаас өөр сонголтгүй. Бусад нь идэвхтэй үйл ажиллагаа явуулж, үзэл бодлоо хамгаалж чаддаггүй учраас ард түмэнд хүлээн зөвшөөрүүлж чаддаггүй. Бусад нам эвслүүд золоор нэг суудал авчихвал түүгээрээ дамжуулан төрийн ажилд тээг садаа болдог, шантааж хийдэг. Эсвэл парламентын гаднаас улс орны хөгжилд саад болох популизм хийж, улстөрчдийг шантаажилдаг. Хоёр том нам улс төрийн оноо авахын тулд эдгээр намуудыг ашигладаг, хэрэглэж дуусаад хаячихдаг. Эвсэл байгуулах тухай ярьж, хамтарч ажиллах санал хүргүүлж “хайр” зарлахаас хэтрэхгүй. Энэ бүхний үр дүнд монгол төрийн үнэлэмж алдагдаж, төрийн албаны шалгуур улам бүр бүдгэрсээр буй. Өөрийн гэсэн түүхэн замналыг бий болгож, түүхийн нугачаанд алдаж онож, бүдэрч босоогүй төлөвшөөгүй намуудаар бид төрөө тоглуулж дууслаа. Төлөвшөөгүй нам төрд олон болохын хэрээр төлөвшөөгүй УИХ, төлөвшөөгүй Засгийн газар бий болдог. Төрийн тогтворгүй байдал тэндээс л гарч ирдэг. 90 жилийн түүх бичсэн МАН хэдийгээр сөрөг хүчин болсон ч боловсон хүчний чадвар, чадавхиар хэнийг ч өмнөө алхуулдаггүй. 25 жилийн түүхийг бичилцсэн атлаа л АН-ынхан өнөөдөр төр удирдаж чадахгүй гэдгээ харуулж буй.

Тэдэнд төлөвших цаг хугацаа хэрэгтэй гэсэн үг. Тэгвэл байгуулагдаад таван жил болж буй эсвэл нэгхэн жилийн настай намууд олонхи болох “мөрөөдөж”, Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх тухай яриад эхлэхээр төрийн өндөр босго, улс төрийн намын бүтээж босгосон түүх юу болж хувирах вэ. Нам гэдэг хэсэг хүмүүс цуглаж сэтгэлийн хөөрлөөр тангараг өргөж, нэг суудлаар шантааж хийхийн нэр биш. Өөрийн гэсэн үзэл бодол, үнэт зүйлийг бий болгож, түүнийгээ ард түмнээр хүлээн зөвшөөрүүлж, дэмжлэг авах тухай асуудал. Нам гэдгээ хүлээн зөвшөөрүүлэхийн тулд тодорхой цаг хугацааг даван туулдаг. Гэтэл өөрийн намын түүх бүтээж чадаагүй, дандаа бусдын халаасанд шантааж хийж ирсэн, үнэт зүйлээ ч бүрэн тодорхойлоогүй намуудад битгий мөрөөд гэж хэлэх цаг нь болж. Эхлээд боловсон хүчнээ бэлтгэ. Гомдогсодоор биш үнэхээр үзэл бодол, үнэт зүйлээр намаа хүлээн зөвшөөрүүл. Тэр цагт хүсээд байгаа төрийн өндөр суудал ирж л таараа.

Б.ЭРХЭС

ЭХ СУРВАЛЖ: WWW.MMINFO.MN

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна