"Монгол шуудан"-гийн 34% МАН-ын хөрөнгөтнүүдэд очлоо

2016 оны 1 сарын 25

-Мэдээлэлд үндэслэн дээрх хувьчлалын араас “Монгол шуудан”-г “Ард санхүүгийн нэгдэл”-ээр дамжуулан МАН-ын хөрөнгөлөг хэсэг хувьчлан авчээ” гэсэн тайлбар зүүж болохоор байна-

Монголын шуудангийн үйлчилгээний 95 хувийг дангаар гүйцэтгэдэг монополь компани “Монгол шуудан” төрийн өмчит компанийн 34 хувийг “Ард санхүүгийн нэгдэл” хаалттай хувьцаат компани хөрөнгийн биржээр дамжуулан худалдан аваад удаагүй байна. Хоёр он солигдох заагт хөрөнгийн бирж дээр энэ үйл явц өрнөсөн ба хувьчлалаар “Монгол шуудан”-гийн 34 хувийг худалдан авсан “Ард санхүүгийн нэгдэл”-ийн хувьцаа эзэмшигчдийн төлөөлөл болон ТУЗ-ийн дарга Ж.Оюунгэрэл нарыг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэ сарын 19-нд хүлээн авч уулзан баяр хүргэжээ.

Төрийн өмчит компанийг анх удаа биржээр дамжуулан олон улсын стандартын дагуу хувьчлах жишиг тогтоосон гэж Ерөнхий сайд маань баярласан бол “Ард санхүүгийн нэгдэл”-ийн ТУЗ-ийн дарга Ж.Оюунгэрэл “Компанийн засаглал, удирдлагыг зөв хэрэгжүүлэхэд улс төрөөс хараат бусаар ажиллах шаардлагатай байгаа учраас төрөөс энэ боломжоор хангаж ажиллахыг хүсч байна” гэж “сэргэлэнтэв”.

“Монгол шуудан” ХК-ны хяналтын багц 34 хувийг эзэмшихээр болсон “Ард санхүүгийн нэгдэл” нь 2014 оны арванхоёрдугаар сарын 3-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаараа хаалттай хувьцаат компани болох шийдвэр гаргасан ба үүсгэн байгуулагчдын нэг, ТУЗ-ийн дарга Ж.Оюунгэрэл нь шатахуун импортлогч “Петровис”-ийн эзэн, МАН-ын гишүүн гэдгээрээ олонд танигдсан нэгэн. Тэгвэл гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг хэвлэлд “Ард санхүүгийн нэгдэл” өнөөдөр 333 хувьцаа эзэмшигчтэй, үүнд Монголын шилдэг компаниуд байна. Петровисын үүсгэн байгуулагч ТУЗ-ынх нь дарга Ж.Оюунгэрэл өөрөө хөрөнгө оруулагч. Мөн МАК гэж компани байна. М-Си-Эс гэж компани байна” /тухайлбал, https://soundcloud.com/business-radio-98-9/vision-20150209/ гэж ярьж байжээ. Гүйцэтгэх захирлын өгсөн мэдээллээр “Ард санхүүгийн нэгдэл”-ийн хувьцаа эзэмшигчдийн тоонд МАК, MCS компаниуд багтдаг юм бол эдгээр нь МАН-ын гол санхүүжүүлэгчид гэдгийг олон нийт элдэв тайлбаргүйгээр ойлгоно.

Уг нь Монгол шуудангийн 34 хувийг “Ард” санхүүгийн нэгдэл”-ээс гадна “Хишиг арвин индустриал” ХХК болон 300 гаруй иргэн худалдан авсан гэж албан мэдээнд дурдаж байгаа ч тэдгээр “жижгүүд” зүгээр л хэлбэр төдий зүйл гэж хэлэхэд хилсдэхгүй. Учир нь энэ удаагийн хувьчлалд “Ард санхүүгийн нэгдэл” дангаар 34 хувийг авах санал гаргасныг Санхүүгийн зохицуулах хороо зөвшөөрөөгүй юм байна. /Нэмэлт хувьцаа хөрөнгийн биржээр дамжуулан гаргах зөвшөөрлийг тус хорооноос өгсөн/.

Гэхдээ дараагийн ээлжинд хоёрдогч зах зээлд хувьцаа худалдах замаар “Монгол шуудан”-гийн 34 хувийн хяналтын багц нэг гарт төвлөрөх боломж нээлттэй үлджээ. Тэгэхээр эдгээр мэдээлэлд үндэслэн дээрх хувьчлалын араас “Монгол шуудан”-г “Ард санхүүгийн нэгдэл”-ээр дамжуулан МАН-ын хөрөнгөлөг хэсэг хувьчлан авчээ” гэсэн тайлбар зүүж болохоор байна.

“Монгол шуудан” компани нь 2014 онд 738 сая төгрөгийн ашигтай ажилласан компани юм байна. Сүүлийн арван жилийн байдлаар ашгийн үзүүлэлт хэлбэлзэлтэй ч тогтмол өсч ирсэн гэж хөрөнгө оруулалтын шинжээчид сурталчилж буй. Гэхдээ тус компанийн 34 хувийг төртэй хамтран эзэмшихээр авсан нөхдөд шуудангийн салбарын ирээдүйн хөгжил, ашгийн үзүүлэлт чухал уу, аль эсвэл хотын А бүс дэх газар нь чухал уу. Өнөөдөр энэ санааг сошиал сүлжээгээр нийгмийн тодорхой хэсэг илэрхийлж байна.

Энд сануулахад 2015-2016 онд хувьчлах төрийн өмчит компаниудыг биржээр болон дуудлага худалдаагаар худалдан хувьчлахаар заасны зэрэгцээ нэг л компанийг өр төлбөрийг төлөх нөхцөлтэйгээр хөрөнгө оруулагч талд санал болгон хувьчлахаар тусгасан нь “Хөтөлийн цемент шохойн үйлдвэр” юм. Тус үйлдвэрт “Чингис” бондын зээлийн санхүүжилтээр хөрөнгө оруулалт хийсэн тал уг зээлийг эргэн төлөх замаар хувьчилж авна гэсэн үг. Уг үйл явц эхлэхтэй зэрэгцэн үйлдвэрийн өмнөх даргыг хоёр жил дамнуулан хуулийн байгууллага цагдан хорьж шалгаад гэм буруугүй гэж үзэн сулласан ба энэ хооронд “хувьчлал” дээрх байдлаар явагдсан гэж үзэх хүмүүс ч байдаг.

ЭХ СУРВАЛЖ: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна