"Өргөдөл гаргасан сараас нь хүүхдийн мөнгийг тооцож олгоно"

2016 оны 1 сарын 25

Өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй хүүхдүүд төвшин харгалзахгүйгээр сар бүр 20000 төгрөг олгох хууль батлагдав. Энэ талаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газрын дарга Ц.Туваантай ярилцлаа.

-Амьжиргааны төвшин харгалзахгүйгээр хүүхдийн мөнгө өгөхөөр болжээ. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

-Өнгөрсөн баасан гаригт УИХ-ын нэгдсэн чуулганаар өмнө нь гаргасан 103 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тогтоолын төсөл батлагдлаа. Уг төсөлд өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн 1-17 дугаар бүлэгт хамрагдах хүүхдэд мөнгө олгохоор тусгасныг өөрчлөн тус санд бүртгэлтэй бүх хүүхдэд олгохоор болсон. Мөн өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгүүлж амжаагүй хүүхдийг бүртгэлд хамруулсан тохиолдолд хүүхэд бүрт 20 мянган төгрөг олгох эрх нь нээгдэнэ.

-Өрхийн мэдээллийн санд бүртгэлтэй хүүхдийн тоо өссөн үү. Хэрэв бүртгүүлж амжаагүй бол яах вэ?

-Одоогоор 900 мянган хүүхэд мөнгөө шууд авах боломж бүрдсэн. Өөрөөр хэлбэл, өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй 780 мянган хүүхэд дээр хүсэлт гаргасан 120 мянга орчим хүүхэд нэмэгдсэн гэсэн үг. Тус санд өрхийн мэдээллээ оруулж амжаагүй хүүхдэд ч энэ эрх нээлттэй. Үүний тулд харъяа хороо, хэсгийнхээ нийгмийн ажилтанд хандаж, тусгай өргөдлийн маягтыг бөглөснөөр тухайн хүүхдийн судалгаанд хамрагдах болон хүүхдийн мөнгө авах эрх нь нээгдэнэ.

-Бүртгэлтэй болон хүсэлт гаргасан бол хүүхдийн мөнгөө авах нь. Гэхдээ өрхийн мэдээллийн нэгдсэн санд тухайн өрхийн мэдээллийг нэгдүгээр сардаа амжиж баталгаажуулаагүй хүүхдийн мөнгийг нөхөж олгох уу?

-Хэрэв тухайн иргэн нэгдүгээр сарын 31-ний дотор оршин суугаа хорооныхоо нийгмийн ажилтанд хандан өргөдлийн маягт бөглөсөн бол мэдээлэл хэдэн сард баталгаажсанаас үл хамааран хүүхдийн мөнгийг өргөдөл гаргасан сараас нь тооцож олгоно. Тухайлбал, ачааллаас хамааран нэгдүгээр сард өгсөн өргөдлийн баталгаажилтыг хоёрдугаар сард хийж болох юм. Хэрэв тухайн иргэн хоёрдугаар сарын 1-нд өрхийн амьжиргааны төвшин тогтоолгох хүсэлт гаргасан бол нэгдүгээр сарын мөнгийг нөхөж олгох боломжгүй гэдгийг ойлгох хэрэгтэй.

-Одоогоор өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй хүүхдийн мөнгө ороогүй байна гэх юм. Энэ мөнгө хэдийд орох вэ?

-Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын мөнгө хоцорсон. Энэ удаагийн тогтоолд өөрчлөлт оруулах гэж байгаатай холбоотойгоор түр хойшилсон. Энэ сарын 31-нийг хүртэл бүртгэлд хамрагдах хүсэлтээ ирүүлсэн иргэдийн мэдээллийг дотоод нөөц бололцоогоо ашиглан албажуулна. Тиймээс ирэх сарын 5 гэхэд хүүхдийн мөнгө орно.

-Иргэд шилжилт хөдөлгөөн хийсэн ч хаягийн өөрчлөлт хийлгээгүй байдаг. Тэгэхээр тухайн оршин суугаа хорооондоо өрхийн мэдээллийн сангийн бүртгэл хийлгэх боломж бий юу?

-Манайхаас бүх аймаг, орон нутгийн ажилтнууддаа чиглэл өгсөн. Хэрэв иргэд оршин суугаа газартаа бүртгүүлээгүй, хаягийн өөрчлөлт хийлгээгүй байсан ч, өрхийн мэдээллийн санд бүртгүүлэх хүсэлт гарган өргөдлийн маягт бөглөх эрх нь нээлттэй.

-Тэгвэл тухайн иргэн дахин өөр газар руу шилжлээ гэхэд тэрхүү мэдээлэл устах уу?

-Үгүй. Яагаад гэвэл, тухайн хүн бүртгэлд хамрагдахдаа, бөглөж байгаа асуулгын нэмэлт мэдээлэл гэсэн хэсэгт албан ёсны хаягаа бичнэ. Тэгэхээр шилжилт хийх бүртээ бүртгүүлэх шаардлагагүй.

-Нэгдүгээр сарын эхээр өргөдлийн маягт бөглөсөн ч одоог хүртэл хяналтын баг очиж амжаагүй байгаа гэсэн иргэд байна. Ийм хүмүүс нэгдүгээр сарын хүүхдийн мөнгө олдохгүй болох нь хэмээн тэрээр сандарч буйгаа хэлсэн. Энэ тохиолдолд яах вэ?

-Оны өмнө Засгийн газрын 70 дугаар журамд өөрчлөлт орж, 490 дүгээр тогтоолд шинээр болон дахин үнэлгээ  хийх зардлыг шийдэж өгсөн. Тэгэхээр шинээр хүсэлт гаргасан өрх бүрээр орж байгаа. Магадгүй ачаалал их байгаа учраас тухайн айлд очоогүй байж болно. Гэхдээ бид бүх хүчин чадлаа дайчлан, аль болох хурдан шуурхай бүртгэлжүүлж, баталгаажуулах ажлыг түргэвчилж байгаа. Харин хөдөө орон нутгийн алслагдсан хэсэгт байгаа айл, өрхийн мэдээллийг зардал мөнгөө хэмнэх үүднээс багцалж байгаад бүртгэлжүүлнэ. Энэ үед хугацааны хувьд хоцорч болох ч иргэний өргөдөл гаргасан хугацаанаас хамааруулан хүүхдийн мөнгийг нөхөж олгоно.

-Тухайн хүсэлт гарга­сан хүнээс шалтгаа­лахгүйгээр хугацаа хоцор­сон бол хүүхдийн мөнгийг нөхөж олгоно гэсэн үг үү?

-Тийм. Тухайн иргэний зүгээс өргөдөл өгсөн сараас хүүхдийн мөнгийг олгоно гэсэн үг. Өргөдөл өгсөн өрхөөр зочлон өрхийн мэдээллийн сангийн бүртгэлийг баталгаажуулна.

-Түүнээс гадна өрхийн мэдээллийн нэгдсэн санд 900 мянган өрхийн мэдээлэл орох болжээ. Энэ тоо цаашид өсөх болов уу. Өмнө нь  нэг сая 30 мянган хүүхдэд 20 мянган төгрөг өгч байсан шүү дээ?

-900 мянгаас хол давж өсөхгүй болов уу гэсэн хүлээлт бий. Учир нь өмнө нь авч байсан хүүхдүүдээс авах зайлшгүй шаардлагатай хүмүүс нь бүртгэл хийлгэж, баталгаажуулах хүсэлтээ гаргасан байгаа юм. Өмнө нь 780 мянган хүүхдийн мэдээлэл өрхийн мэдээллийн нэгдсэн санд байсан. Хууль батлагдсанаас хойш 120 мянган хүүхдийн хүсэлт ирсэн.Тэгэхээр цаана нь 130 мянган хүүхэд энэ санд бүртгүүлээгүй байгаа гэсэн үг. Тиймээс өмнө нь хүүхдийн мөнгө авч байсан нэг сая 30 мянгаас давахгүй гэж харж байгаа.

-Төсөв баталснаас хойш хүүхдийн тоо өсч байгаа учраас хүүхдийн мөнгө олгохын тулд хэдэн төгрөгийг төсөвт суулгах ёстой юм бэ?

-Ер нь УИХ-ын 103 дугаар тогтоолоор Хүний хөгжил сангаас хүүхдийн мөнгө олгох үед санхүүжилт дутвал төсвийн тодотголд тусгахыг Засгийн газар, Ерөнхий сайдад даалгасан байгаа. Одоогоор ойролцоогоор 70-80 тэрбум төгрөг нэмж батлуулах хэрэгтэй

Д.ОЮУНЧИМЭГ

ЭХ СУРВАЛЖ: “ЗУУНЫ МЭДЭЭ” СОНИН

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна