Айлчлал амжилттай үргэлжилж байна

2016 оны 1 сарын 25

Ерөнхий сайд нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Унгар улсын Ерөнхий сайд Виктор Орбан нар Төрийн ордонд албан ёсны хэлэлцээ хийлээ. Хэлэлцээ илэн далангүй, найрсаг, дотно уур амьсгалд боллоо гэдгийг хоёр Ерөнхий сайд онцоллоо.

Монгол Улс, Унгар улс эртний түүхэн холбоотой. Хоёр орны хооронд далайд гарцгүй, нэгэн цагт социалист блокийн гишүүн байсан, ардчилсан, чөлөөт эдийн засгийн өөрчлөлтийг нэгэн цагт хийсэн зэрэг ижил төстэй зүйл олон байдаг.

Сүүлийн жилүүдэд манай хоёр орны харилцаа хамтын хүчин чармайлтаар өргөжин хөгжиж байна. Унгар улсын Ерөнхийлөгч, Гадаад хэргийн сайд нар манай улсад айлчилсан төдийгүй Элчин сайдын яамаа Улаанбаатар хотод 2015 онд сэргээн нээсэн нь Унгарын Засгийн газар Монгол Улстай харилцах харилцаандаа өндөр ач холбогдол өгч буйн илрэл гэдгийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэлэлцээний эхэнд тэмдэглэлээ.

Энэ оны долдугаар сард Монгол Улс АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулна. Энэ уулзалтад урьсанд талархаж байгаагаа Ерөнхий сайд Виктор Орбан хэллээ.

Хоёр орны эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах шаардлага байна. Энэ хүрээнд Европын стандартад нийцсэн хамтарсан үйлдвэр байгуулж, бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд гаргах нь хоёр талын ашиг сонирхолд нийцнэ. Өнөөдөр байгуулж буй Монгол Улсын Хөгжлийн банк, Унгар улсын ЭКСИМ банк хоорондын хамтын ажиллагааны санамж бичиг чухал ач холбогдолтой.  Хоёр орны хувийн хэвшил хоорондын хамтарсан төслүүдийг дэмжих, зээлийн шугам нээх, хамтарсан хөрөнгө оруулалтын сан байгуулах боломжийг судалж үзэхийг Унгарын Ерөнхий сайдаас хүслээ.

2010 оноос яригдаж эхэлсэн Сонгино дахь “Биокомбинат” төрийн өмчит үйлдвэрийн газарт Унгар улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр иж бүрэн шинэчлэл хийх ажлын явцыг эрчимжүүлэх нь хоёр орны эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагаа өргөжин тэлэхэд түлхэц болно. Энэ төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг Унгарын талтай хамтарч хийх саналтай байна. Хоёр орны худалдааны нийт эргэлтийг нэмэгдүүлэх, худалдааг харилцан ашигтай хоёр урсгалтай болгоход анхаарч ажиллахыг хүсээд Унгарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх сонирхлоо Ерөнхий сайд Ч.Сайханбилэг илэрхийллээ.

Хоёр улсын Хөдөө аж ахуйн яам хооронд 2011 онд байгуулсан хамтын ажиллагааны санамж бичигт тусгагдсан ажлуудыг эрчимжүүлэх шаардлага байна. Мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрлэл, технологи өндөр хөгжсөн Унгар улсын туршлагыг судлах, хамтран ажиллах сонирхлоо мөн илэрхийллээ.

Уул уурхайн салбарт хамтран ажиллаж ирсэн туршлага бий. Монгол Улсын нутаг дэвсгэрт газрын ховор металын эрэл хайгуулын судалгааны ажил, мөн 1:50000 масштабтай геологийн эрэл-зураглалын ажил зохион байгуулахад хамтран ажиллах боломжтой гэлээ.

Улаанбаатар, Будапешт хотуудын хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байна. Хоёр хот хамтран ажиллах гэрээ саяхан байгуулсан. Гэрээнд эко-автобус үйлдвэрлэл, ухаалаг бизнес болон үзвэр үйлчилгээний төв байгуулах, Туул голын үерийн менежмент, барилгын материал үйлдвэрлэл, хөдөө ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, хоол хүнс боловсруулах үйлдвэр хамтран байгуулахаар тусгажээ.

Сонгино дахь Биокомбинат төрийн өмчит үйлдвэрийн иж бүрэн шинэчлэлийг Унгарын санхүүжилтээр хийхээр болсны дагуу цаашид энэ бүсэд Унгар улстай хамтран мал аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах цогц комплекс бүхий дагуул хот байгуулах боломжтой талаар хоёр Ерөнхий сайд ярилцлаа.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн хэлсэн саналыг дэмжиж, хамтран ажиллах бүрэн боломжтой. Хоёр орны худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, худалдааг харилцан ашигтай болгоход анхаарч ажиллахаа Унгарын Ерөнхий сайд илэрхийллээ. Унгар улс усны нөөцийн судалгаа, гүний усны нөөц тогтоох, эм, эмийн бүтээгдэхүүн, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэх туршлагатай. Эдгээр салбарт Монгол Улстай хамтран ажиллах боломж байгааг Унгарын Ерөнхий сайд хэллээ.

Унгар улсын тэтгэлгээр Монголын 400 оюутан тус улсад сурсны олонх нь анагаахын салбарт мэргэжил эзэмшсэн. Өнөөдөр 100 оюутан сурч байна, тэдний тоог 200-д хүргэх боломжтой гэж Унгарын Ерөнхий сайд хэлээд тэтгэлгийг хамтарч ажиллах эдгээр чиглэлээр суралцах оюутнуудад олгох нь зүйтэй гэсэн саналаа илэрхийллээ.

ЭХ СУРВАЛЖ: ЗАСГИЙН ГАЗАР


 

УИХ-ын даргад БНУУ-ын Ерөнхий сайд бараалхав

 

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод өнөөдөр /2016.01.25/ Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Унгар Улсын Ерөнхий сайд Виктор Орбан дагалдан яваа албаны хүмүүсийн хамтаар бараалхав.

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга, Бүгд Найрамдах Унгар Улсын Ерөнхий сайд Виктор Орбан тэргүүтэй хүндэт зочдыг Монгол Улсад тавтай зочлохыг урилаа. 

Бүгд Найрамдах Унгар Улсын Ерөнхий сайд Виктор Орбан, Улсын Их Хурлын даргыг цаг гарган хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд дагалдан яваа төлөөлөгчдийн бүрэлдэхүүнээ танилцуулсан юм. Мөн тэрээр “Сүүлийн жилүүдэд манай улсын эдийн засаг хүндхэн байсан учир Улаанбаатар хот дахь Элчин сайдын яамаа хаасан. Хэцүү үе ард хоцорсон болохоор дахин Элчин сайдын яамаа нээлээ. Өнөөдөр Унгар Улсад 100 монгол оюутан суралцаж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч саяхан манай улсад албан ёсны айлчлал хийсэн. Эртний дотно харилцаа эргэн сэргэж байгааг энд тэмдэглэн хэлмээр байна” гэлээ. 

Улсын Их Хурлын дарга хэлэхдээ, уламжлалт найрсаг харилцаатай Унгар Улстай хамтын ажиллагааг бололцоотой бүх салбарт эрчимжүүлж, тогтвортой хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын чухал зорилт болохыг онцлов. Монгол, Унгарын харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, эдийн засгийн агуулгаар баяжуулахад Ерөнхий сайд Виктор Орбаны Монгол Улсад хийж буй анхны айлчлал ихээхэн ач холбогдолтойг тэмдэглэн хэллээ. Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн үеэр Унгар Улсын Ерөнхийлөгч, Гадаад хэрэг, худалдааны сайд нар манай улсад айлчилсан болохыг дурдаад “Хоёр орны парламент хоорондын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд өндөр түвшний харилцан айлчлал чухал үүрэгтэй” гэлээ. 

Ази, Европын Парламентчдын /АЕП/ дээд түвшний уулзалт энэ оны 04 дүгээр сарын 21-22-нд Улаанбаатар хотноо болохыг Улсын Их Хурлын дарга хэлээд, уг уулзалт арга хэмжээнд Унгар Улсын Парламентын даргад урилга илгээсэн. Монгол Улс, Унгар Улстай улс төр, эдийн засаг, бизнес зэрэг бүхий л салбарт харилцаа, хамтын ажиллагаагаа улам батжуулах зорилготой байна. Монгол Улс бол зөвхөн 3 сая хүний зах зээл биш, харин манай хөрш хүчирхэг хоёр улсын 1.5 тэрбум хүн амтай зах зээл биднийг хүрээлэн байдаг. Түүнчлэн өнгөрсөн жил Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулсан бөгөөд манайд үйлдвэрлэсэн бүх төрлийн бүтээгдэхүүн 70-80 хувийн татварын хөнгөлөлттэйгөөр тус улсын хилээр нэвтрэх боломж бүрдсэнийг Улсын Их Хурлын дарга уулзалтын үеэр онцолж байв. 

Уулзалтай Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Унгарын парламентын бүлгийн дарга Ж.Батзандан, Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Ц.Даваасүрэн, Монгол Улсаас Бүгд Найрамдах Унгар Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Ганди болон албаны бусад хүмүүс байлцав.

ЭХ СУРВАЛЖ: УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 


 

Унгар Улсын Ерөнхий сайдын айлчлал үргэлжилж байна

 

Унгар Улсын Ерөнхий сайд Виктор Орбаны албан ёсны айлчлал үргэлжилж байна. Энэ нь тус улсаас манай улсад хийж буй Ерөнхий сайдын түвшний анхны айлчлал юм.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Төрийн ордны “Баганат” танхимд зочноо угтан авлаа.

Хоёр улсын Ерөнхий сайд нар Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараагаар Унгар улсын Ерөнхий сайд Виктор Орбан “Хүндэт зочны дэвтэр”-т гарын үсэг зурлаа.

Хоёр улсын Ерөнхий сайд нар ганцаарчилсан уулзалт, өргөтгөсөн хэлэлцээ хийлээ.

Ерөнхий сайд В.Орбаныг дагалдан Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны сайд, Батлан хамгаалахын сайд, Эдийн засгийн сайд, Үндэсний хөгжлийн сайд, Хөдөөд аж ахуйн сайд нараас гадна 60 орчим гаруй компани, аж ахуйн нэгжийн 60 орчим бизнес төлөөлөгч ирсэн байна. Айлчлалын үеэр хоёр талын бизнес форум зохион байгуулна. Айлчлал маргааш өндөрлөнө.

ЭХ СУРВАЛЖ: ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА

 


 

Унгарт мах экспортлоно

Унгар улсын Ерөнхий сайд Виктор Орбаны айлчлалын хүрээнд хоёр орны Ерөнхий сайд нарын албан ёсны хэлэлцээ болж өндөрлөв. Уг хэлэлцээний талаар Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Унгар улсын Ерөнхий сайд Виктор Орбан нар мэдээлэл хийлээ.

Хэлэлцээгээр хоёр орны харилцааа, хамтын ажиллагааг өргөжүүүлэн хөгжүүлэн хөгжүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах талаар дэлгэрэнгүй санал солилцсон байна. Монгол, Унгарын ард түмний нийтлэг эрх ашигт бүрэн нийцсэн үр дүнтэй хэлэлцээ болсон гэдгийг, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг онцлон тэмдэглэв.

Тэрбээр, “Энэхүү айлчлалын хүрээнд “Санхүүгийн хамтын ажиллагааны ерөнхий хөтөлбөр”-ийн талаар Монгол Улсын Засгийн газар, Унгарын Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Үүний үр дүнд Сонгинохайрхан дүүрэг дахь “Биокомбинат” ТӨҮГ-т техник, технологийн иж бүрэн шинэчлэл хийгдэж, малыг эрүүлжүүлэх, халдварт өвнөөс урьдчилан сэргийлэх ажилд томоохон ахиц гарах юм. Мөн 1968- 2015 онд хоёр улсын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийг данслах протоколь байгуулж, Монгол Улсын Хөгжлийн банк, Унгар улсын төрийн өмчит “Экзим” банк хооронд хамтын ажиллагааны Санамж бичиг байгуулсан. Мөн хоёр улсын бизнес форум зэрэг олон ажлууд айлчлалын хүрээнд хэрэгжиж байна.

Хоёр улсын хооронд махны экспортыг хөгжүүлэх, усны салбар, эмийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Улаанбаатар болон Будафешт хотуудын хооронд нийтийн тээвэр болон ухаалаг хот, цахим засаглалийн чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцсоноос гадна Монгол Улсаас Унгар улсад суралцах оюутнуудын тэтгэлгээр суралцах оюутнуудын тоог 2 дахин нэмэгдүүлэхээр болсон.

2015 онд Унгар Улсын Ерөнхийлөгч болон, Гадаад хэрэг, худалдааны сайд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж, Улаанбаатар дахь Элчин сайдын яамаа сэргээн нээсэн зэрэг нь Унгар Улс Монгол Улстай хамтран ажиллах харилцаандаа өндөр ач холбогдол өгч буйн илрэл гэж ойлгож байна.

Монгол, Унгарын ард түмний уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг боломжтой бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд Ерөнхий сайд Виктор Орбаны айлчлал чухал түлхэц болно гэж үзэж байна” гэлээ.

Харин Унгар Улсын Ерөнхий сайд Виктор Орбан хэлсэн үгэндээ:

“Бид олон жил найрсаг харилцаатай байсаар ирсэн. Цаашид хоёр улсын хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхийн төлөөл ажиллана. Унгар Улсын эдийн засаг нэгэн үед хямарч, бид Улаанбаатар хотод байгаа элчин сайдын яамаа хаахаас өөр аргагүйд хүрсэн. Гэвч бид хямралаас гарсан, элчин сайдын яамаа ч нээж чадсан.

Унгар Улсын Ерөнхий сайд Виктор Орбан миний бие 50 бизнесийн төлөөллийн хамт ирлээ. Бид монголын үйлдвэр бизнесийн төлөөлөлтэй хамтран ажиллахыг хүсч байна. Монгол Улс сүүлийн жилүүдэд маш сайн хөгжиж байгаад баяр хүргэмээр байна. Унгар Улсын эдийн засгийн хөгжил Европ даяар алдартай болсон. Тиймээс бизнесийн чиглэлээр хамтарч ажиллах, туршлага судлахаар ирлээ. Бид мах, ус, эмийн салбарт хамтарч ажиллах санамж бичиг байгуулж, Унгар улсын Экзим банкнаас Био комбинатын техник, технологийг засварлан шинэчлэх чиглэлээр 25 сая ам.долларын зээл олгохоор болж гарын үсэг зурсанд баяртай байна.

400 монгол оюутан Унгар Улсад суралцаж төгссөн. Одоогийн байдлаар 100 монгол оюутан Унгар улсын тэтгэлгээр суралцаж байна. Энэ тоог хоёр дахин нэмэгдүүлэх санал тавьж, монголын тал хүлээн зөвшөөрсөнд баяртай байна” хэмээлээ.

Мөн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй уулзсан уулзалт маш нээлттэй, үр дүнтэй байж чадсан гэдгийг онцолсон юм. Цаашид илүү олон салбар хамтарч ажиллана гэж найдаж байгаагаа илэрхийлсэн юм.

Т.ДАВААНЯМ

 


 

Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурлаа

 

Унгар Улсын 62 дахь Ерөнхий сайд Виктор Орбаны айлчлал албан ёсоор эхэлж, хүндэт зочин эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. Тэрбээр одоо Төрийн ордны баганат танхимд уригдан ороод байгаа бөгөөд зочныг Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг албан ёсоор угтан авлаа. Ноён Виктор Орбан уламжлал болсон "Хүндэт зочны дэвтэр"-т гарын үсэг зурсан юм.

Хоёр улсын Ерөнхий сайдын ганцаарчилсан уулзалт 10.20 цагт эхэлнэ. Дашрамд дуулгахад, Унгар улсын Ерөнхий сайдын хэмжээнд хийж байгаа анхны айлчлал юм. Энэ удаагийн айлчлалаар хоёр улсын харилцаа, бизнес, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санамж бичиг байгуулах юм.

Гэрэл зургийг Н.БАТМӨНХ

Т.НОМИН

 


 

Унгарын Ерөнхий сайдын айлчлал эхэллээ

 

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн урилгаар Бүгд Найрамдах Унгар Улсын Ерөнхий сайд Виктор Орбан /Victor Orban/ албан ёсны айлчлал хийхээр Улаанбаатар хотноо хүрэлцэн ирээд байна. Эрхэм зочин өнөөдөр айлчлалынхаа эхэнд Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх юм. Түүний дараа Төрийн ордонд зочилж, Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй ганцаарчилсан уулзалт болон албан ёсны хэлэлцээ хийж, баримт бичигт гарын үсэг зурна. Унгарын Ерөнхий сайд УИХ-ын дарга З.Энхболдод бараалхаж, хэвлэл мэдээллийнхэнтэй уулзан, айлчлалын талаарх мэдээллийг өгөх ажээ.

Ноён Виктор Орбаныг Унгарын бизнес эрхлэгчид дагалдан ирсэн бөгөөд тэд МҮХАҮТ-д зочилж, Унгарын өдөрлөг арга хэмжээг зохион байгуулах юм байна. Өдөрлөгийн үеэр хоёр улсын бизнес эрхлэгчдийн дугуй ширээний уулзалт, Унгарын аж ахуйн нэгж, байгууллагуудын үзэсгэлэнг худалдаа, ганцаарчилсан уулзалтууд зохиох ажээ. Унгарын талаас аялал жуулчлал, хими цэвэрлэгээ, химийн бодис, автомашин, цахим технологи, барилга, архитектур, хүнс, тавилга, электрон бараа, нэхмэл үйлдвэрлэл, хэвлэл, эм, эмийн үйлдвэрлэл, эрүүл мэнд, эрчим хүч, зөвлөгөө мэдээллийн үйлчилгээ, банк, санхүү, хөдөө аж ахуй зэрэг нийт 40 гаруй аж ахуйн нэгж оролцох юм.

Д.ЦЭЭНЭ

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна