УИХ-ын даргад БНУУ-ын Ерөнхий сайд бараалхав

2016 оны 1 сарын 25

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод өнөөдөр /2016.01.25/ Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Унгар Улсын Ерөнхий сайд Виктор Орбан дагалдан яваа албаны хүмүүсийн хамтаар бараалхав.

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга, Бүгд Найрамдах Унгар Улсын Ерөнхий сайд Виктор Орбан тэргүүтэй хүндэт зочдыг Монгол Улсад тавтай зочлохыг урилаа. 

Бүгд Найрамдах Унгар Улсын Ерөнхий сайд Виктор Орбан, Улсын Их Хурлын даргыг цаг гарган хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд дагалдан яваа төлөөлөгчдийн бүрэлдэхүүнээ танилцуулсан юм. Мөн тэрээр “Сүүлийн жилүүдэд манай улсын эдийн засаг хүндхэн байсан учир Улаанбаатар хот дахь Элчин сайдын яамаа хаасан. Хэцүү үе ард хоцорсон болохоор дахин Элчин сайдын яамаа нээлээ. Өнөөдөр Унгар Улсад 100 монгол оюутан суралцаж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч саяхан манай улсад албан ёсны айлчлал хийсэн. Эртний дотно харилцаа эргэн сэргэж байгааг энд тэмдэглэн хэлмээр байна” гэлээ. 

Улсын Их Хурлын дарга хэлэхдээ, уламжлалт найрсаг харилцаатай Унгар Улстай хамтын ажиллагааг бололцоотой бүх салбарт эрчимжүүлж, тогтвортой хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын чухал зорилт болохыг онцлов. Монгол, Унгарын харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, эдийн засгийн агуулгаар баяжуулахад Ерөнхий сайд Виктор Орбаны Монгол Улсад хийж буй анхны айлчлал ихээхэн ач холбогдолтойг тэмдэглэн хэллээ. Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн үеэр Унгар Улсын Ерөнхийлөгч, Гадаад хэрэг, худалдааны сайд нар манай улсад айлчилсан болохыг дурдаад “Хоёр орны парламент хоорондын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд өндөр түвшний харилцан айлчлал чухал үүрэгтэй” гэлээ. 

Ази, Европын Парламентчдын /АЕП/ дээд түвшний уулзалт энэ оны 04 дүгээр сарын 21-22-нд Улаанбаатар хотноо болохыг Улсын Их Хурлын дарга хэлээд, уг уулзалт арга хэмжээнд Унгар Улсын Парламентын даргад урилга илгээсэн. Монгол Улс, Унгар Улстай улс төр, эдийн засаг, бизнес зэрэг бүхий л салбарт харилцаа, хамтын ажиллагаагаа улам батжуулах зорилготой байна. Монгол Улс бол зөвхөн 3 сая хүний зах зээл биш, харин манай хөрш хүчирхэг хоёр улсын 1.5 тэрбум хүн амтай зах зээл биднийг хүрээлэн байдаг. Түүнчлэн өнгөрсөн жил Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулсан бөгөөд манайд үйлдвэрлэсэн бүх төрлийн бүтээгдэхүүн 70-80 хувийн татварын хөнгөлөлттэйгөөр тус улсын хилээр нэвтрэх боломж бүрдсэнийг Улсын Их Хурлын дарга уулзалтын үеэр онцолж байв. 

Уулзалтай Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Унгарын парламентын бүлгийн дарга Ж.Батзандан, Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Ц.Даваасүрэн, Монгол Улсаас Бүгд Найрамдах Унгар Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Ганди болон албаны бусад хүмүүс байлцав.

ЭХ СУРВАЛЖ: УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна