Эко салоны Даагий эгчийн өгсөн үс арчилгааны 10 зөвлөгөө

Хуучирсан мэдээ: 2016.01.25-нд нийтлэгдсэн

Эко салоны Даагий эгчийн өгсөн үс арчилгааны 10 зөвлөгөө

Унасныг ургуулж, гандсаныг сэргээдэг шидэт халгайн эмчилгээгээрээ алдаршсан “Эко салон”-ы баримталдаг зарчим бол химийн бус байгалийн аргаар бүсгүйчүүдийн төрөлхийн гоо сайхныг сэргээх аж. Гоолингоо багийнхан өнгөрсөн Бямба гаригийн уулзалтаараа тус салоныг үүсгэн байгуулагч, монгол эмийн ургамлыг үс арчилгаанд ашиглах өөрийн гэсэн технологийг боловсруулсан, үсчин Т.Оюунжаргалын үс арчилгааны талаарх 10 үнэт зөвлөгөө:

1. Төрөлхийн шингэн үсийг хуссан ч, эмчлүүлсэн ч өтгөрөхгүй
Эмэгтэй хүн 31 нас хүрэхээсээ өмнө унаган даахиа үргээх ёстой гэж уламжлалт ёс заншилд заасан байдаг юм билээ. Гэхдээ эмэгтэйчүүд үүнээс гадна төрөлхийн шингэн үсээ өтгөрүүлэхийн тулд хусуулах нь элбэг. Би үйлчлүүлэгчиддээ үсээ хусуул гэж огт зөвлөдөггүй. Бүтэн хоёр жилийн турш толинд харах болгондоо үсээ ургуулахыг хүснэ гэдэг гунигтай. Угаасаа таны үс хусууллаа гээд тооны хувьд олон болж ургана гэж байхгүй. Таны эцэг эхээс  заяасан үсний тоо өөрчлөгдөхгүй. Манай салоны халгайн эмчилгээ ч төрөлхийн шингэн үсийг өтгөрүүлэхгүй. Харин нэмж хорогдуулахгүйгээр, био шинж чанарыг нь хадгалж чадна. Олдмол шингэрэлттэй үсний тухайд бол өөр хэрэг.

2. Өндөг үсийг хөвсийлгөдөг
Хэдий төрөлхийн нарийн, цөөн ширхэгтэй үсийг өтгөрүүлэх боломжгүй ч, ургамлын гаралтай эмчилгээ хийлгээд ирэхээр шингэн үс ч хөвсийж өтгөн мэт харагддаг. Гэрийн нөхцөлд өндөгний цагааныг шампуньтайгаа холиод угаахад ч үс маш сайн хөвсийнө. Гол нь хүйтэн бүлээн усаар угаах хэрэгтэй. Халуун усаар угаавал өндөг толгой дээр “чанагдаж”, өдөржингөө үнэр нь чамаас салахгүй.
Карьерын зөвлөгөө: Би үсчний ажлыг бүр доороос нь буюу үсчний газрын үйлчлэгчээс эхэлсэн. Аажмаар үсчний суудал түрээсэлж байгаад, дараа нь өөрийн гэсэн жижигхэн салонтой болсон. Тэр үед бүсгүйчүүдийн үсийг шүүр шиг хатуураад эсвэл халзраад ирэхэд нь сэтгэл өвдөж, үүнийг эмчлэх ямар нэг арга байж л таараа гээд эрэл хайгуул хийж эхэлсний минь үр дүнд өнөөдрийн манай “Эко салон”-ы брэнд болсон халгайн эмчилгээ бүтээгдсэн юм. Анх би халгайгаа их хэмжээгээр нь түүгээд, хааяа муутгаад, хувин дүүрэнг асгаад л учрыг нь олохгүй хэсэг хугацааг өнгөрүүлсэн. Халгай их муухай үнэртэй. Тэгээд л үнэрийг нь ч дарж, үр дүнг нь ч сайжруулах ямар нэг арга үүнд байж л таараа гээд тасралтгүй хичээсний эцэст санасан хэмжээндээ хүртэл хөгжүүлсэн. Одоо “Халгайн эмчилгээ” бол өөрийн гэсэн хадгалалт, хандлалтын технологитой бүрэн хэмжээний үйлчилгээ болсон. Брэнд гэдэг чинь их жижигхэн юмнаас эхэлдэг юм билээ. Ганцхан түүнийг тууштай хөгжүүлэх нь чухал.

3. Олдмол цагаан үсийг бид өөрсдөө үүсгэдэг
Цагаан үс үүсэх нас хамаагүй эртэдсэн. Энэ нь бидний хэрэглэж байгаа компьютер, гар утас зэргийн хорт нөлөө, нийгмийн бухимдлаас маш их хамааралтай. Хөрөөнд гараа авсан мужаан залуу сэтгэлээр унаад долоохон хоногийн дотор цав цагаан үстэй болсон тохиолдол бий. 6 настай мөртлөө цав цагаан толгойтой жаахан охин ч над дээр ирж байсан. Ерөөсөө л нөгөө стресс бөгөөд бидний нэг хором ч холдохгүй байгаа технологиудын нөлөө энэ юм. Мөн химийн будагны хоршлоос ч хамааралтайгаар цагаан үс үүсч болно. Олдмол цагаан үсийг эмчилснээр араас нь түрж ургах үсийг хар өнгөтэй болгох боломжтой. Харин зулгаах нь маш буруу. Үсний 1 гуурснаас 3 үс гарч ирдэг. Тэгэхээр нэгийг зулгаавал гурав болж үржинэ гэсэн үг. Тиймээс цагаан үсээ угтай нь тулгаад нүдэнд харагдахгүй болтол хайчилчих.

4. Сайн шампунийг хэрхэн сонгох вэ?
Ихэнх хүн хөөсрөлт сайтай шампунийг сайн чанартай гэж боддог. Гэтэл шампуний хөөсрөлтийг ихэсгэхийн тулд салим гэдэг химийн бодисыг их хэмжээгээр хийдэг юм. Ер нь бөөнөөр нь үйлдвэрлэдэг шампуниудын борлуулалтанд илүү анхаараад хорыг нь төдий чинээ их хийчихдэг. Бидний хэрэглэж байгаа шампуний найрлаган дах химийн элементүүдээс болж үс уналт, цахилгаанжилт, хатуурал зэрэг үүсдэг. Тиймээс аль болох ургамлын гаралтай шампунь хэрэглэх хэрэгтэй. Жишээ нь манай “Халгай” шампунь хөөсрөлт муутай ч чанартай. Дэлхийд ургаж байгаа ургамлууд тэр чигээрээ биднийг анагаах увдистай. Халгай их муухай үнэртэй гэж дээр дурдсан. Гэтэл судлаад үзэхээр тэр сонин үнэр л үсийг эмчилдэг байгаа юм. Бид янз бүрийн анхилам үнэртэй зүйлсэд дасал болоод, байгалиасаа холдчихоод байна л даа.

5. Ихэнх хүн үсээ дутуу угаадаг
Зарим хүнээс яг юу гэдэг нь мэдэгдэхгүй эвгүй үнэр гардаг ш дээ? Тэр бол үсээ дутуу угаахын үр дагавар юм. Бохирдол нь бүрэн арилаагүй хуйхнаас хөлсөрхөг үнэр ялгардаг. Хэрвээ өмнө нь үсээ шампуньдаад хальтхан хөөсрүүлчихээд л зайлчихдаг байсан бол, одооноос дуу аялсан шигээ, толгойгоо дүүрэн хөөс болтол массажилж байгаад хүйтэн бүлээн усаар зайлдаг хэвшилтэй болоорой. Сайн цэвэрлэгдсэн үс хоорондоо үрэлцэхдээ хяхтнаж дуугардаг. Ингэж сурвал үсний төрөлхийн өнгө гялтганаж, толгой хөнгөрч, салхинд ширхэг ширхэгээрээ намирна. Харин дутуу угаагаад л байвал үс бүрсийж, амархан өнгөө алдан, хагшилт үүсч, эвгүй үнэр ялгардаг. Мөн нэг шампунийг хэвшил болтол нь хэрэглэх их буруу. Химийн будагтай үсний, эмчилгээний, хагны эсрэг гээд л өөрийн үсний онцлог бүрт тохирсон шампуниудыг ээлжилж, сольж хэрэглэж байгаарай.

6. Үсээ “бүр яг байгалиар” нь байлга
Хүн бүрийн төрөлх үс өөрт нь гадны ямар ч зохиомол, химитэй үснээс илүү зохино. Над дээр африкуудынх шиг, бүр “тороосон” буржгар үстэй охин ирж байсан. Би тайралт хийх явцдаа юм яриад л, үсийг нь хуруугаараа бигудинд ороож байгаа юм шиг мушгиад л байлаа. Гэтэл тэр охины үс үсчинд янзлуулсан юм шиг гоё долгионтой болчихсон. “Та яаж ийм болгов оо?” гэж асуухад нь би “Чи эхлээд өөрийнхөө үстэй ярь. Чиний үсэнд ийм гоё юм байхад чи тэрийгээ мэдээгүй явж” гэж хэлсэн. Төрөлхийн гоо сайхнаа ил гаргахад жаахан эрэл хайгуул, хөдөлмөр л хэрэгтэй.

7. Нүдний өнгө=Үсний идеал өнгө
Нас залуу байх тусам цайвар үсний өнгө гоё харагддаг. Бор царайтай хүнд ч цайвар өнгө зохино. Тайра Банксийг л бодъё л доо. Тэр өнгөт арьстай ч, хааяа үсээ бор саарал өнгөөр будуулчихсан байдаг нь их гоё зохицож харагддаг. Ер нь үсээ будуулах гэж байгаа хүмүүсийн дагах номер нэг мөрдлөг бол үсний өнгө, нүдний өнгө хоёрыг адилхан болгох юм. Энэ хоёр ижилсвэл царай төрх гэгээлэг бас илүү залуу харагддаг.
Карьерийн зөвлөгөө: Намайг “зовоодог” үйлчлүүлэгчдэд би дуртай. Жишээ нь Ариунаа эгч байна. Дандаа шинэ содон зүйл надаас хүсч, миний толгойг ажиллуулдаг шүү. “Өөрөө л мэд дээ. Тан дээр ирэхээрээ л би гоё болчихдог” гэдэг үйлчлүүлэгч нар сонирхолгүй ш дээ. (инээв) Хүн өөрийгөө байнга хөгжүүлж, мэргэжлээ хувиараа тасралтгүй дээшлүүлэх ёстой гэж би боддог. Би өөрийгөө ч, үсчидээ ч Google, Youtube-ээс байнга судалгаа хийхийг шаардаж, дэлхийд дэлгэрч байгаа шинэ тренд, засалт болгоныг туршиж суралц гэж шавдуулдаг. Зарим хүн 10 жилийн өмнөх юмаа ч одоог хүртэл ярьж хийсээр байдаг. Гэтэл аливаа юм улам боловсронгуй болж, өдөр бүр хүн болгон шинийг хүсч байна. Ажилдаа алхам тутамд бүтээлч, эрэл хайгуулч хандах хэрэгтэй.

8. Үсний мөөгөнцрийн тухайд
Бид гадаад орчны маш их бохирдолтой нийгэмд амьдарч байна. Өвлийн утаанаас гадна зуны хөрсний бохирдлоос үүдэлтэй вирусууд агаарт хэдэн саяараа бий. Мөн ялаа, батганууд бидэнд мэдэгдэлгүйгээр үсэн дээр өндөглөснөөс үүдэн хуйхны демодекс үүсдэг. Эдгээрээс урьдчилан сэргийлэх журмаар үсний мөөгөнцрийн эсрэг шампуниар хааяа угаахад гэмгүй.

9. Үсний тоникийг байнга хэрэглэхэд гэмгүй
Тониконд үсний уналтын эсрэг B-ийн төрлийн бүх витамин байдаг. Гэхдээ нэг хайрцгийг хэрэглээд хэсэгтээ завсарлага авч үсийг амраах хэрэгтэй. Тэгэхгүй бол үс өөрөө дадамхай чанартай болно. Тоникийг дандаа хуйхны цэвэрлэгээний дараа түрхэх ёстой. Яг л нүүрээ цэвэрлэж байж цэвэрлэгээний тоникоороо арчдаг шиг.

10. Үсийг зоригтойгоор тайруулах “зөв цаг”
Хүний үс ургах хурд, шинж чанараараа анаген, катаген, телоген гэсэн гурван үед хуваагддаг. Анаген үе бол ургалтын хамгийн идэвхтэй үе. 3 сар орчим үргэлжилдэг энэ үед үсээ тайрч хусуулвал хурдан ургана. Энэ үеийг танихын тулд толгойныхоо зулай хэсгийг гэрэлд хараарай. Баахан тасарсан юм шиг үс жижиг жижгээрээ сөрдийсөн байдаг даа? Тэр бол чиний үс анаген үедээ яваагийн шинж.

Миний мөрөөдөл: Би хүмүүст зөв үс арчилгаа, зохистой хэрэглээний боловсрол олгохыг хүсдэг. Бас Японд очиж мэргэжил дээшлүүлэх, Victoria’s secret-ийн тайзны ард моделуудын үсчинээр ажиллах мөрөөдөлтэй. Бүр өөрийгөө тэнд хэн нэгнийх нь үсийг ороогоод зогсож байгаагаар төсөөлдөг гээч! Би хаа нэг тийшээ явахаараа монгол мөнгөөр бараг 700 мянган төгрөг төлөх байсан ч хамаагүй, хамгийн тансаг, мундаг үсчинд нь орж үйлчлүүлдэг. Би үйлчлүүлээд гарахдаа тэндээс зарцуулсан мөнгөнөөсөө ч илүү үнэ цэнэтэй зүйлийг ажиглаж сураад гардаг байхгүй юу.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж