Олимпийн бамбарын буухиа Дадалын хил дээр

Хуучирсан мэдээ: 2016.01.25-нд нийтлэгдсэн

Олимпийн бамбарын буухиа Дадалын хил дээр

 

Хөлбөмбөгийн эх орон гэгддэг Бразил улсад ирэх наймдугаар сард зуны 31 дүгээр олимпийн наадам болох билээ.  Хүн төрөлхтний эв нэгдлийн их наадам “Рио Де Жанейро-2016”-г угтсан “Дархан хил-Олимп” аяны бамбар хилийн ангиудаар аялж байна. Монголын Үндэсний олимпийн хороо, Хил хамгаалах ерөнхий газар тухайн орон нутагтай хамтран энэхүү аяныг зохион байгуулж буй.

Олимпийн бамбар наран ургах зүүн хил дорнын цэнхэр хязгаар Хилийн 0198 дугаар ангиас эхэлж, өдгөө Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Өмнөговь, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан, Булган, Сэлэнгэ, Хэнтий зэрэг 12 аймаг, 64 сум, 20 отрядаар дайрч нийт 7762 км газраар аялаад байна. Энэхүү “Дархан хил-Олимп” бамбар нэгдүгээр сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймгийн хилийн ангиас Хэнтий аймгийн Дадал сумын хилийн 0287 дугаар ангид шилжсэн. Тэгвэл тус ангиас бамбарыг өнөөдөр(01.24) Дорнод аймгийн Баян-Уул сумын хилийн ангид шилжүүлэн өгөх юм.

Эзэн Чингисийн тоонот нутгийг сахин хамгаалж буй Дадал сумын хилийн 0287 дугаар анги бамбарыг хүлээн авах үеэрээ олон арга хэмжээг зохион байгуулжээ. Тодруулбал, Зүүн бүсийн цанын аварга шалгаруулах тэмцээн, Дадал сумын иргэн Д.Мөнхөөгийн нэрэмжит волейболын тэмцээн, “Хилчин” спорт хорооны нэрэмжит үндэсний бөхийн барилдааныг тус тус зохион байгууллаа.

Дадал суманд олон жилийн турш тасалдаад байсан цанын тэмцээнийг Монголын цанын холбооноос тус суманд нэгдүгээр сарын 21-23-ны өдрүүдэд зохион байгуулав. Мөн Монголын үндэсний мөсөн шагайн холбооноос монголчуудын уламжлалт тоглоомын нэг болох мөсөн шагайн харвааг тус сумын иргэдэд сурталчилан таниулах арга хэмжээ болжээ. Монголын ард түмний өнө зууны түүхтэй нүүдэлчдийн өвлийн наадам, уламжлалт мөсний шагайн харвааг сэргээн хөгжүүлэхэд ихээхэн анхаарч Улаанбаатар хотоос шилдэг харваачдыг урьж, Дадал, Биндэр суманд сургалт, тэмцээнийг зохион байгууллаа.

“Дархан хил-Олимп” аяны бамбарын үеэр Дадал суманд болсон цанын тэмцээнд Хэнтий аймгийн Баян-Адарга, Хурх, Биндэр, Дадал, ХЦ 0287-р анги, Дорнод аймгийн Баян-Уул, Баяндун сумын цаначид өсвөр, насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдлөө.

Энэхүү арга хэмжээнд МҮОХ-ны дэд ерөнхийлөгч, олимпийн мөнгөн медальт, Гавьяат тамирчин, Ардын багш Ц.Дамдин, Хилийн 0287 дугаар ангийн захирагч, хурандаа Ж.Жамсрандорж, “Хилчин” спорт хорооны хөнгөн атлетикийн багш, дасгалжуулагч Ж.Даваасүрэн болон Монголын цанын холбоо, Монголын үндэсний мөсөн шагайн холбоо, Дорнод, Хэнтий аймгийн сумдын төлөөлөгч нарын албаны хүмүүс оролцсон юм.

 

ДАДАЛ СУМАНД ОЛОН ЖИЛ ТАСАЛДААД БАЙСАН ЦАНЫН ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монголын Үндэсний олимпийн хорооны дэд ерөнхийлөгч, олимпийн мөнгөн медальт, Гавьяат тамирчин, Ардын багш Ц.Дамдин хэлэхдээ “Ирэх наймдугаар сард Бразил улсад оролцох Монголын баг тамирчдаа дэмжих зорилгоор МҮОХ, ХХЕГ-тай хамтран олимпийн бамбарыг дархан хилээр аялуулж байна. “Олимпийн бамбар-Дархан хилд” аяны хүрээнд Монголын ард түмэн олимпийн үйл ажиллагааг дэмжих, олимпийн үйл ажиллагааг сурталчилан таниулах арга хэмжээ болсоор жил гаруй хугацааг өнгөрлөө. Эзэн Чингис хааны өлгий нутаг Дэлүүн болдогт олимпийн бамбар ирлээ. Өвлийн идэр есийн хүйтнээр бамбар аялах хугацаанд өвлийн спортыг дэмжсэн Ерөнхийлөгчийн зарлигийг дэмжин Дадал суманд олон жилийн турш тасалдаад байсан цанын тэмцээнийг зохион байгууллаа. Мөн үндэсний спортыг хөгжүүлэх зорилгоор мөсний шагайн өнөө цагийн шилдэг тамирчид сургалт зохион байгуулж, ард иргэдийн дунд тэмцээн зохион байгуулав. Онон, Балж голын эрэг дээр амьдарч байгаа иргэд мөсөн шагайн спортоор хичээллэх бүрэн боломжтойг харлаа. Энэ бүхэнд Монголын цанын холбоо, Монголын үндэсний мөсөн шагайн холбоо идэвхи зүтгэлтэй ажиллаж байна. Олимпийн бамбарын үйл ажиллагаа “Рио-2016” наадам эхлэх хүртэл хилчдийн буухиагаар үргэлжлэн явагдана. Хэдийгээр гадаа -40 хэм хүртэл хүйтэн байгаа ч олимпийн бамбарын илч шиг олон түмний сэтгэл дулаан байна. Олимпийн үйл ажиллагааг дэмжсэн нийт хүмүүстээ талархаж байна. Мөн олимпийн наадамд эрхээ авсан, цаашид олон эрх аван оролцох нийт тамирчид та бүхнийг ард иргэдийн зүгээс дэмжин талархаж байгааг дамжуулахад сайхан байна.” гэсэн юм.

 

 

ОЛИМПИЙН БАМБАР ЭЗЭН ЧИНГИСИЙН ТООНОТ НУТГИЙГ САХИН ХАМГААЛЖ БУЙ ХИЛИЙН АНГИД ИРЛЭЭ

Энэ үеэр Хилийн 0287 дугаар ангийн захирагч, хурандаа Ж.Жамсрандоржоос зарим зүйлийг тодрууллаа.

-Юуны өмнө “РИО-2016” олимпийн бамбарыг амжилттай буухиалан авлаа. Аль ангиас буухиаг авсан бэ?

-Хөлбөмбөгийн эх орон гэгддэг Бразил улсын Рио Де Жанейро хот бол энэ зуны турш олны анхааралд байна. Тэнд дэлхийн спортын шилдгүүд очино. Энэхүү наадмыг угтан “РИО-2016” олимпийн бамбар Монгол Улсын хилийг тойрон эзэн Чингисийн тоонот нутгийг сахин хамгаалж буй хилийн 0287 дугаар ангид ирээд дараагийн ангидаа шилжиж байна. Бид бамбарыг Сэлэнгэ аймгийн отрядиас авсан. Сэлэнгэ аймаг болон манай ангийн хувьд газарзүйн байрлалаас шалтгаалаад шууд уулзах боломж байдаггүй учраас Улаанбаатар хотоор дамждаг. Ингээд бид Сэлэнгэ аймгийн хилийн ангиас бамбарыг Богд уулан дээр авсан. Бид энэхүү бамбарыг нэгдүгээр сарын 24-ний өдөр Дорнод аймгийн Баян-Уулын хилийн ангид хүлээлгэн өглөө.  

-“РИО-2016” олимпийн бамбарыг хүлээн авсны дараа ямар сургалт, тэмцээнийг зохион байгуулсан бэ?

-Олимпийн бамбарыг угтан аваад олон арга хэмжээг зохион байгууллаа. Энэ хугацаанд Монголын үндэсний олимпийн хороо, Монголын цанын холбоо, Монголын үндэсний мөсөн шагайн холбоотой хамтран сургалт тэмцээнийг зохион байгууллаа. “Хилчин” спорт хорооны нэрэмжит үндэсний бөхийн барилдааныг хилийн заставуудад боллоо. Үүнд улсын начин П.Ганхүү, аймгийн арслан Г.Ганцоож нарыг урьж, оролцуулсан байгаа. Мөн Дадал сумын иргэн Д.Мөнхөөгийн нэрэмжит 23 баг оролцсон гар бөмбөгийн тэмцээн болсон. Тус суманд олон жил тасалдаад байсан цанын спортыг сэргээх зорилгоор Зүүн бүсийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай боллоо. Мөн мөсөн шагайн спортыг ард иргэдэд сурталчилан таниулах зорилгоор шилдэг тамирчдын үзүүлэх тоглолт хийлээ.

-Дадал суманд олон жил тасалдаад байсан цанын спорт эргэн хөгжихөд боломж гарлаа гэж харлаа.

-20 жилийн өмнө Хэнтий, Дорнод аймгийн хойд сумдуудаар цанын спорт маш өргөн хэмжээнд хөгжиж байсан. Тэр үеийн хүүхэд залуучууд болон ахмадууд хөлдөө цана, тэшүүрээр гулгах дуртай байлаа. Тухайн үед тэмцээн их болдог байсан болохоор оролцогчдын тоо их, мөн цана ховор байж, гарын доорх материалыг ашиглан цанатай болдог байсан. Гэтэл тэр үе ард хоцорчээ. Өнөөдөр орчин үеийн техник хэрэглэсээр залуучууд маань гулгах бүрэн боломжтой боллоо. Мөн сүүлийн 20-иод жил тасалдаад байсан цанын спорт Дадал суманд дахин хөгжих боломж олдсонд талархаж байна. Тэмцээнд оролцох гэж Биндэр, Хурх, Баян-Адарга болон Дорнод аймгийн Баяндун, Баян-Уул сумаас тамирчид хүрэлцэн ирлээ. Энэхүү тэмцээнийг зохион байгуулахад МҮОХ, Монголын цанын холбоо, Хэнтий аймгийн Биеийн тамир, спортын газар болон аймаг, сумдын удирдлагууд дэмжлэг үзүүлэн тусалсанд хилчдийнхээ өмнөөс талархаж байна. Мөн мөсний шагайн өнөө цагийн шилдэг тамирчид хүрэлцэн ирж, сургалт зохион байгуулж, үндэсний спортыг орон нутагт хөгжүүлэхэд сэтгэл зүрхээ гарган ажилласанд баяртай байна.


 

Олимпийн бамбар наран ургах зүүн хил дорнын цэнхэр хязгаар Хилийн 0198 дугаар ангиас эхэлж, өдгөө Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Өмнөговь, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан, Булган, Сэлэнгэ, Хэнтий зэрэг 12 аймаг, 64 сум, 20 отрядаар дайрч нийт 7762 км газраар аялаад байна. Энэхүү “Дархан хил-Олимп” бамбар Сэлэнгэ аймгийн хилийн ангиас Хэнтий аймгийн Дадал сумын хилийн 0287 дугаар ангид шилжсэн. Тэгвэл тус ангиас бамбарыг өнөөдөр(01.24) Дорнод аймгийн Баян-Уул сумын хилийн ангид шилжүүлэн өгөх юм.

 

Ч.БОЛОРЧУЛУУН

Гэрэл зургийг Ц.АРИУНБОЛД

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж