УИХ-ын дарга олон улсын зөвлөгөөнд оролцогчдод илгээлт хүргүүлэв

Хуучирсан мэдээ: 2016.01.25-нд нийтлэгдсэн

УИХ-ын дарга олон улсын зөвлөгөөнд оролцогчдод илгээлт хүргүүлэв

ИЛГЭЭЛТ

“ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНДЭД АГААРЫН БОХИРДЛЫН

ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨ, ШИЙДВЭРЛЭХ АРГА ЗАМ”

ОЛОН УЛСЫН ЗӨВЛӨГӨӨНД ОРОЛЦОГЧДОД

Эрхэм хүндэт зочид төлөөлөгчид өө,

“Хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөө, шийдвэрлэх арга зам” олон улсын зөвлөгөөнд хүрэлцэн ирсэн хүндэт зочид, төлөөлөгчид Та бүхний амар амгаланг айлтгаж, Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр дэлхий дахинаа гадаад болон дотоод орчны агаарын бохирдолтой орчинд 50 сая хүн амьдарч жил бүр тэдний 3.1 сая нь наснаасаа эрт эндэж байна. Үүний нэг томоохон шалтгаан нь архаг өвчний эрсдэлт хүчин зүйлсийн нэг болсон агаарын бохирдол юм.

Улсын Их Хурлаас 2012 онд “Агаарын тухай”, “Агаарын бохирдлын төлбөрийн тухай”, “Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай” хуулийг шинэчлэн батласнаар хүрээлэн байгаа агаарыг хамгаалах, бохирдохоос урьдчилан сэргийлэх, агаар бохирдуулах бодисын хаягдлыг бууруулж хяналт тавих, агаарын бохирдлын төлбөр ногдуулах, төлөхтэй холбогдсон харилцааг зохицуулсан.

Монгол Улсын Засгийн газраас агаарын бохирдлын гол эх үүсвэр болсон гэр хорооллыг барилгажуулах, сайжруулсан болон хийн түлш хэрэглэх зэрэг томоохон төслүүдийг санаачлан хэрэгжүүлэх, “Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүс”-д оршдог айл өрхийг эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүнээр хангах, иргэдийн идэвх оролцоог нэмэгдүүлэх зорилгоор урамшуулал олгох зэрэг холбогдох журам, стандартыг батлан мөрдүүлж, агаарын чанарын мэдээг олон нийтэд хүргэх арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.

Эдгээр олон талт арга хэмжээг зохион байгуулж байгаа хэдий ч агаарын бохирдол төдийлөн буурахгүй, Монгол Улс агаарын бохирдол өндөртэй орны тоонд багтаж, энэ нь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлсөөр байна.

Агаарын бохирдол нь хүн амын эрүүл мэндэд, ялангуяа эх, хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, зулбалт, дутуу төрөлт, ургийн төрөлхийн гаж хөгжилтэй хүүхэд төрөх эрсдэлийг нэмэгдүүлэх, хүүхдийн оюун санаа, сэтгэн бодох чадвар, өсөлт хөгжилтийг бууруулах нөлөөтэй байдгийг олон улсын болон манай орны эрдэмтэд, судлаачдын хийсэн судалгааны дүн харуулж байна.

Энэхүү зөвлөгөөнөөс эх, хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлж байгаа сөрөг нөлөөг бууруулах чиглэлээр салбар хоорондын уялдааг хангасан, нотолгоонд тулгуурласан, хэрэгжихүйц, үр дүнтэй зөвлөмж гаргах нь чухал гэж үзэж байна. Зөвлөмжийг хэрэгжүүлэхэд бид бүх талаар дэмжин ажиллана гэдгээ энэ дашрамд илэрхийлж, “Хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөө, шийдвэрлэх арга зам” олон улсын зөвлөгөөний үйл ажиллагаанд амжилт хүсье.


 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА

ЗАНДААХҮҮГИЙН ЭНХБОЛД

 

2016 оны 1-р сарын 25

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж