Хүүхдүүд утааг мангастай зүйрлэжээ

2016 оны 1 сарын 25

Монгол Улсын агаарын бохирдол, утаа сүүлийн дөрвөн жилд үлэмж их хэмжээнээсээ 26 хувиар буурсан гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ. Ийнхүү буурсан Улаанбаатар хотын утаа ургийн өсөлтөд хэрхэн нөлөөлж байна вэ гэдгийг гаднын эрдэмтэд судалж эхэлжээ. Ингэхдээ Сүхбаатар дүүрэгт амьдардаг 540 ээж буюу жирэмсэн эмэгтэйг хамруулж, сонгоод нэг хэсэгт нь агаарын бохирдлыг бууруулах төхөөрөмж суулгаж, ээжүүдийг хоёр хуваан, харьцуулж судалсан байна. Ингэхэд агаарын бохирдлыг бууруулах төхөөрөмж ашигласан ээжүүдээс гарсан нярайн биеийн хэмжээ, агаарын бохирдлыг бууруулах ямар ч арга ашиглаагүй ээжүүдээс мэндэлсэн нярайгаас 0.4 сантиметрээр урт, 80 грамм илүү жинтэй байжээ. Энэхүү судалгааны үр дүнгээс харахад агаарын бохирдол ургийн өсөлт, үржилтэд хэрхэн сөргөөр нөлөөлж байгааг харж болно. Хэрэв одоогийн Улаанбаатарын утааг яаралтай бууруулахгүй бол ураг, нярайн эрүүл мэндэд маш хортойг судлаач Райн Аллен анхааруулж байна. Тэрбээр 2020 он буюу дээрх судалгаанд хамрагдсан нийт нялхсаа дөрвөн нас хүртэл тандаж, агаарын бохирдол тэдний амьсгалах эрхтэн, уушги, мэдрэлийн систем буюу сэтгэн бодох чадварт нь хэрхэн сөргөөр нөлөөлж буйг ялган гаргаж ирэх аж.

Амьсгалын замын өвчнөөр өвдсөн нийт иргэдийн 10 мянган тутам нь утаа, тоосжилтоос болдог. Зуны улиралд гарсан амьсгалын замын өвчлөл өвлийн улиралд хоёр дахин нэмэгддэг. Энэ нь нөгөө агаарын бохирдолтой шууд холбоотой гэж Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн захирал Б.Цогтбаатар тайлбарлалаа. Улаанбаатар хотын хамгийн их утаатай цэг, цагийг Цаг уур, орчны шинжилгээний газраас нэрлэж байна. Тухайлбал өглөө 05.30-10.00, орой 18.00-21 цаг буюу ахуйн галлагааны ид үед Толгойт, Зурагт, Баянхошуу, 32 тойргийн орчимд агаарын бохирдол хамгийн их байдаг аж.

Энэ охиныг Б.Азжаргал гэдэг. Орчин дунд сургуулийн дөрөвдүгээр ангийн сурагч тэрбээр агаарын бохирдол ямар үр дагаврыг дагуулж байна вэ гэдгээ зургаар илэрхийлж, сурагчдын дунд явагдсан “Цэвэр агаар-Эрүүл ирээдүй” гар зургийн уралдаанд тэргүүлжээ. “Хичээлдээ явахад эргэн тойрон харанхуй, урдах зам харагдахгүй болтол Улаанбаатар хот утаатай байдаг. Заримдаа машинд мөргүүлчих вий дээ гэж айдаг” тухайгаа Б.Азжаргал охин ярилаа. Тэрбээр утааг мангастай зүйрлэж, зургаа зуржээ.

Таван жилийн өмнөөс Монгол Улсын төр утаандаа анхаарлаа хандуулж, улсын төсвөөс агаарыг бохирдлыг бууруулахад жил бүр 30 тэрбум төгрөгийг гаргадаг байжээ. Хотын гэр хороололд 180 мянган айл өрх амьдардаг гэвэл тэдний 50 хувь буюу 90 мянга орчмыг утаагүй зуухаар хангаж, утааг багасгасан гэнэ. Мөн цахилгааны шөнийн төлбөрийг 50 хувиар бууруулж, гурван мянган өрх цахилгаанаар дулаанаа шийджээ. Харин урт хугацааны дараа буюу 10, 20 жилийн дараа үр дүнгээ өгөх гэр хорооллыг орон сууцжуулах, галлагааг халж, газны хийг ашигладаг болох зэрэг дэвшилтэт ажлууд хийгдэж эхэлснийг албаныхан онцлон ярилаа. Гэхдээ дээрх ажлуудын үр дүн нь гарч эхлээгүй байхад Монгол Улсын Засгийн газар агаарын бохирдлыг бууруулах зорилтот хөтөлбөрүүдээ зогсоож, шаардагдах хөрөнгийг зургаан тэрбум төгрөг болгож буулгажээ.

Дэлхий дээр жил тутам 3.1 сая хүн агаарын бохирдол, утаанаас хордож наснаасаа эрт хорвоог орхин одсон гэж ДЭМБ-аас мэдээлжээ. Монголд 1999-2016 онуудад агаарын бохирдолтой шууд холбоотой амьсгалын тогтолцооны өвчин 26.8 хувиар, зүрх судасны тогтолцооны өвчин 18.1 хувиар нэмэгдсэн байх юм. Харин сүүлийн жилүүдэд агаарын бохирдол амьсгалын замын өвчлөлөөс гадна бага насны хүүхдийн сэтгэн бодох чадвар, мэдрэлийн системд сөргөөр нөлөөлж эхэлснийг Улсын Их хурлын даргын ивээл доор зохион байгуулагдаж буй “Хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөө, шийдвэрлэх арга зам” олон улсын зөвлөгөөн онцлон, хэлэлцэж байна.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Ц.АРИУНБОЛД

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна