“Улаанбаатарын өвлийн наадам” болно

2016 оны 1 сарын 25

Сэтгүүлч:
Улаанбаатар

Аялал жуулчлалын үндсэн үйл ажиллагаа зуны улиралд явагддагаас шалтгаалж мэргэжлийн ажилтнууд тогтвор суурьшилтай ажиллах, тур операторууд өрсөлдөх чадвартай үнэ санал болгох, их хэмжээний хөрөнгө оруулалт татах боломжгүй болдог. Зочид буудлын ор ашиглалт, агаарын тээврийн компаниудын суудал дүүргэлтийн түвшин ч улирлаас шууд хамаарч, аялал жуулчлал, түүнийг дагасан олон бизнесүүд аравдугаар сараас зургадугаар сарыг хүртэл зогсонги байдалд ордог билээ. Тэгвэл энэ асуудлыг Улаанбаатар хотод төрийн байгууллагуудын шугамаар зохион байгуулах олон улсын хурал, зөвлөгөөн, уулзалтыг аялал жуулчлалын идэвхгүй улиралд явуулах замаар шийдвэрлэх захирамжийг нийслэлийн Засаг дарга гаргалаа. Өнгөрсөн онд 129 534 гадаадын иргэн албан зорилгоор манай улсад жуулчилсны 44 508 нь 6, 7, 8 дугаар сард иржээ.

“Төвлөрлийг сааруулах арга хэмжээ авснаар тур оператор компаниудад зуны улиралд авдаг жуулчдаа багагүй хэмжээгээр нэмэгдүүлэх боломж бүрдэнэ. Төрийн байгууллагууд ч төсөв хэмнэх боломжтой болно. Учир нь бид Улаанбаатар хотын 4, 5 одтой 10 зочид буудалтай есдүгээр сараас тавдугаар сар хүртэл 50 хүртэл хувийн хөнгөлөлттэй үнээр үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулж, гадаад сурталчилгаанд нь дэмжлэг үзүүлж байгаа” гэж нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Э.Баттулга онцлов.

Улаанбаатар хот нь долоо хоногт дунджаар таван чиглэлийн 20 олон улсын галт тэрэг, долоон авиа компани есөн чиглэлээр 50 орчим олон улсын нислэг хүлээн авдаг бүс нутгийн зам тээврийн зангилаа боловч зорчигч урсгалын хувьд жилийн дөрвөн улирал, өвөл зуны саруудад ихээхэн ялгавартай байдаг. Нийт жуулчдын 44 хувь нь 7, 8, 9 дүгээр саруудад ирдэг тул энэ үед олон улсын нислэгт болон зочид буудлуудад их хэмжээний ачаалал үүсдэг байна. Тиймээс нийслэл хотын зүгээс хурал зөвлөгөөнөөс гадна өвлийн эвентэд тулгуурласан аялал жуулчлалыг хөгжүүлэх төлөвлөгөө гарагжээ. Энэ жил л гэхэд хоёрдугаар сарын 06-ны өдөр “Улаанбаатарын өвлийн наадам” арга хэмжээг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулахаар төлөвлөжээ.

Б.БАТ


 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна