Тайваньд цочир хүйтэрснээс 57 хүн нас баржээ

2016 оны 1 сарын 25

 

Дулаан уур амьсгалтай Тайваньд гэнэтийн хүйтэн агаарын урсгалын нөлөөгөөр температур огцом доошилжээ. Агаарын хэм огцом өөрчлөгдсөнөөс шалтгаалсан өвчлөлөөр Тайваньд 57 хүн нас барсан байна. Тайваньд нэгдүгээр сард дунджаар Цельсийн 16 С байдаг боловч өнгөрсөн амралтын өдрөөр цочир хүйтэрч 4 С болж буурсан байна. Гэхдээ маргааш агаарын хэм Цельсийн 17 С байхыг цаг уурын албанаас мэдээлжээ.

 

Агаарын хэм огцом өөрчлөгдсөнөөс Тайбэйд 40 хүн, Шинэ Тайбэй хотод 17 хүн нас барсны олонх нь өндөр настнууд аж. Шинэ Тайпей хотын захиргаанаас орон гэргүй 91 хүнд хоноглох майхан өгч тусалсан байна.

 

Хүйтэн агаарын урсгалын нөлөөгөөр Тайбей хотын уулархаг газраар 9 см зузаан цас орсон аж. Үүний дараа цас үзэхийг хүссэн хүмүүс Тайбэй хотын уулын замуудад түгжрэл үүсгэсэн гэнэ.

 

Хүйтэн агаарын урсгал Зүүн Өмнөд Азийн бусад орнуудад ч ажиглагдсан юм. Тухайлбал Хонгконгод өнөөдөр /I.25/ сургуулиудыг хааж, ууланд гацсан 130 хүнийг аврах ажиллагаа явуулжээ. Хонгконгод ням гаригт агаарын хэм Цельсийн 3 С болж буурсан байв. Түүнчлэн Өмнөд Солонгосын Чэжү аралд их цас орноос онгоцны нислэгүүд саатжээ.

 

Б.АНХТУЯА

 

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна