Цэнхэрийн гол цэнхэртэх үү?

2016 оны 1 сарын 26

Парламентын сонгууль хаяанд ирлээ. Хэдийгээр хэн хаанаас нэр дэвших нь албан ёсоор тодорхой болоогүй ч намууд хэнийг хаана сойхоо хэдийнэ тохиролцсон бололтой.

“Сонгууль-2016” тулааны өнгийг аймаг, нийслэл Улаанбаатараар тодорхойлон долоо хоногийн Мягмар, Пүрэв гаригуудад манай сайт тоймлон хүргэх болно.

АРХАНГАЙ: Цэнхэр тойрог

Сүүлийн гурван удаагийн сонгуулийн дүнг харахад архангайчууд Ардчилсан намд итгэл үзүүлсээр иржээ.

1996 оны парламентын сонгуулиар Архангай аймаг гурван тойрогтой байсан бөгөөд тус аймагт Ардчилсан холбоо эвслээс нэр дэвшсэн Р.Гончигдорж, С.Ламбаа болон тухай үеийн МАХН /МАН/-аас  нэр дэвшигч С.Төмөр-Очир  нар УИХ-д сонгогдож байв.

2000 онд МАХН буюу МАН Архангайд үнэмлэхүй ялалт байгуулж, С.Төмөр-Очир, М.Далайхүү, Б.Чадраа нар УИХ-д суух “илгээлт” өвөртлөв. АН-аас нэр дэвшсэн Н.Батбаяр, С.Ламбаа нар “гудамжинд лааз” өшиглөхөд хүрсэн нь Ардчилсан нам 1996-2000 онд буюу засаг барих дөрвөн жилийн хугацаандаа М.Энхсайхан, Ц.Элбэгдорж, Ж.Наранцацралтын засгаараа туг тахиж, Р.Амаржаргалын гээд дөрвөн засаг сольсонтой холбоотой.

2004  оны сонгуульд сөрөг хүчин байсан Ардчилсан нам Архангайд үнэмлэхүй ялалт байгуулсан юм. Ардчилсан намаас Р.Гончигдорж, Н.Батбаяр, С.Ламбаад архангайчууд итгэл хүлээлгэж, энэ цагаас хойш Цэнхэрийн голын нутаг цэнхэртэх болсоор гурван сонгууль үджээ.

2008 онд Ардчилсан нам ахиад л ялалт байгуулав.

2012 онд Сонгуулийг холимог системээр явуулахаар болж тус аймаг хоёр тойрогтой болсон. Ардчилсан намаас Н.Батбаяр, Б.Болор, Монгол Ардын намаас Ж.Мөнхбат, Ё.Баатарбилэг, МАХН-аас Д.Удвал нар нэр дэвшсэн ч, Ардчилсан намын хоёрт УИХ-д суух эрх архангайчууд олгов.

2016 оны сонгуульд Архангайгаас хэн, хэн нэр дэвшихээр бие халаалтаа эхлүүлэв ээ?

Ардчилсан нам

Ардчилсан намд Архангайгаас гурван удаа суудал чирж ирсний хувьд Н.Батбаяр жагсаалтад нэг, хоёроор бичигдэх магадлал өндөр. Гэхдээ тэрбээр Архангайгаас нэр дэвшихээр бэлтгэлээ базааж эхэлжээ. Эдийн засгийн хөгжлийн сайд байхдаа аймгийнхаа хөгжил цэцэглэлтэд багагүй хөрөнгө оруулсан гэх яриа байдаг. Ямар сайндаа л Улаанбаатарт байхгүй өргөн, уудам  дөрвөн эгнээ замаар архангайчууд давхилдах болсоны очсон хүн болгон л амаа уралдуулан ярих юм билээ. Түүнтэй хамт Сангийн сайд Б.Болор Архангайдаа дахин нэр дэвших бололтой.

Чингис бондоос санхүүжсэн “Гудамж” төслийн хүрээнд тус аймаг нийт 14 км хатуу хучилттай авто замтай болж, уулзварууд нь гэрлэн дохиотой дөрвөн зам болон тойрог хэлбэрийн зөв зохион байгуулалтад оруулсан ажлыг нь архангайчууд мартаагүй. Тиймээс энэ удаагийн парламентын сонгуульд Цэнхэрийн гол бас л цэнхэртэх магадлал өндөр байгаа аж.

Монгол ардын нам

Өнгөрсөн оны сонгуулиар Ардын намаас Архангай аймагт нэр дэвшиж, “өвдөг шороодсон” Ж.Мөнхбат намын Ерөнхий нарийн бичгийн даргынхаа хувиар жагсаалтад бичигдэнэ гэсэн мэдээлэл бий.

Харин МАН-ын үед Архангайн засаг даргаар ажиллаж, АТГ-т шалгагдаж явсан, Т.Бадамжунайн хүн гэгддэг Ё.Баатарбилэг энэ удаад нэр дэвшихгүй. Энэ жилийн сонгуульд Т.Бадамжунай Архангайгаас  нэр дэвшинэ гэж таамаглаж байгаа улстөрчид байна. Гэхдээ Т.Бадамжунай нэр дэвшинэ гэсэн баттай мэдээ байхгүй, тэр өөрөө ч Архангайд нэр дэвших ямар нэгэн реакци үзүүлээгүй “нууц” байдалтай байгаа билээ.

Харин амнөх сонгуулиар Архангайд нэр дэвшихээр бэлтгэлээ базааж байгаад ах нартаа “жийгдсэн” Г.Тэмүүлэн энэ удаад тус аймгаас нэр дэвших нь баараггүй болсон Өнгөрсөн дөрвөн жил Архангайг “услах”-аа ч орхиогүй юм. Гэхдээ Архангайд томоохон хөрөнгө оруулалт хийсэн Ардчилсан намын ах нарынхаа өмнө гишгэж чадна гэж тооцоход хэцүү. Архангайчуудын сүүлийн гурван удаагийн сонгуулийн дүнг ч бодолцсон тэр шүү дээ.

МАХН

МАХН-аас Д.Тэрбишдагва Архангайг “тордож” яваа. Тэрбээр сүүлийн гурван сонгуульд нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт ялалт байгуулсан. Энэ удаад төрсөн нутгаа тойлдох нь зөв гэж шийдсэн бололтой.

Ийнхүү Архангайг “тоочиглосон” эрхмүүд аль хэдийн усалгаандаа оржээ.

 Ж.НЯМСҮРЭН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна