Жинхэнэ хямрал одоо л эхэлж байна

2016 оны 1 сарын 26

Хямрал сайнаар ч, саараар ч монголчууд танигдаж эхэллээ. Сайн нь гэвэл монголчуудын хэт тансаг хэрэглээ хумигдаж, улс орон гэлтгүй айл өрхүүд нь хэрэглээгээ танаж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, хэрэгцээгүй зүйл мөнгө зарцуулах шаардлагагүй гэсэн санхүүгийн зөв ойлголт, эдийн засгийн хариуцлагад монголчууд суралцаж байна.

Харин муу нь гэвэл өнгөрсөн хоёр, гурван жилийн хямрал бол зөвхөн эхлэл байсан. Энэ жилээс жинхэнэ хямрал эдийн засагт нүүрлэнэ гэсэн шинжээчдийн анхааруулгыг тоохгүй өнгөрч боломгүй. Учир нь өнгөрсөн гурван жилд Монголын эдийн засагт үүссэн асуудал манай улсын дотоодын улс, төрийн хэрүүл болон бодлогоос үүдэлтэй.

Намуудын гэхээсээ бүлэглэлүүдийн тэмцэл Монголын эдийн засгийг сульдааж, гадаадын хөрөнгө оруулагчид  Монголоос дүрвэх хамгийн том шалтгаан болсон. Өнгөрсөн онд Монгол Улсын ДНБ-ийн дөнгөж нэгхэн хувьтай тэнцэх хөрөнгө оруулалт орж иржээ. Харин ДНБ-ийн 45 хувьтай тэнцэх сүүдрийн эдийн засаг дахь хөрөнгийг Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулиар илрүүлсэн байна.

Гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдээгүй, мега төслүүд унах нь унаж, гацах нь гацсан Монголын эдийн засагт хамгийн таагүй сонсогдож буй нэгэн мэдээ бол Хятадын эдийн засгийн уналт.

Дэлхийн эдийн засгийн гол хөдөлгөгч Хятадын эдийн засгийн бууралт, үнэт цаасны индексүүдийн уналт хөрш ОХУ-д төдийгүй, олон улсыг хямрааж эхэлснээс харахад энэхүү үзэгдлээс Монгол тойрон гарахгүй нь ойлгомжтой. Тэр тусмаа Хятад Монголын эрдэс баялгийн гол зах зээл гэдэг утгаараа энэ жилээс эхлэн гадаас зах зээлээс үүдэлтэй хямрал манай эдийн засгийг жинхэнээсээ хямраана гэсэн “онош”-ийн эдийн засагчид тавиад байгаа юм. Илүү тодорхойгоор хэлбэл, Хятадын ханиалга манай хатгаа туссан хэвтрийн эдийн засагт хатуу цохилт болох нь дамжиггүй.

Монголын нүүрсний салбарын гол өрсөлдөгч Австрали улс  энэ оны нэгдгээр сарын 1-нээс Хятад руу нүүрсээ импортын татваргүйгээр нийлүүлэх болсон. Хоёр орны хооронд байгуулагдсан Чөлөөт худалдааны гэрээний дагуу Хятад ийнхүү өгөөмөр загнасан байна. Тус улсын аж үйлдвэрлэл өнгөрсөн оны  арванхоёрдугаар сард 5.9 хувьтай гарсан нь өмнөх арваннэгдүгээр сарынхаас 6 хувиар буурсан үзүүлэлт аж. Тэгвэл жижиглэн худалдаа нь арваннэгдүгээр сард 11.3 хувьтай байсан бол арванхоёрдугаар сард 11.1 хувь болж буурсан байна. Дэлхийн банкнаас гаргасан прогнозоор Хятадын эдийн засгийн өсөлт ердөө нэг хувиар буурахад л түүхий эдийн үнэ хоёр жилийн хугацаанд зургаан хувиар буурна гэдгийг энэ сарын эхээр Дэлхийн банкнаас гаргасан илтгэлд дурджээ. Энэ бол Хятадаас гадна Монголд таагүй мэдээ юм.

Монголын зэс, нүүрс, төмрийн хүдрийн ганц зах зээл нь Хятад. Хятадад түүхий эдийн үнэ буурвал доргилт нь Монголд ч мэдрэгдэнэ.

Тийм учраас л өнгөрсөн жилүүдэд бидний хангалттай ярьсан, гарах гарцаа олох гэж мунгинасан хямрал бол хүндрэл, жинхэнэ хямрал Хятадын үнэт цаасны уналт, эдийн засгийн саармагжилтаас улбаатайгаар яг одооноос эхэлнэ гэдэг “оргүй хоосон” мэдээлэл биш болов уу?

Дотоодын хямрал дээр гадаад зах зээлийн хямрал нэмэгдэхээр Монголын эдийн засаг хэвтрээсээ өндийж чадахгүй нь бололтой, энэ жилээс жинхэнэ хямралыг монголчууд мах, цусаараа мэдэрч эхэлнэ гээд хэлчихэд бодит үнэнээс хол зөрөхгүй юм.

Олон улсын хөрөнгийн зах зээлээс зээлж авчирсан 500 сая ам.долларыг өрийг 2017 оноос төлж эхэлнэ. Одоохондоо зөвхөн хүүгээ төлж байгаа. Дөрвөн жилийн өмнө буюу 2012 оны арванхоёрдугаар сард, долларын ханш 1350 төгрөгтэй тэнцэж байх үед  Монгол Улс Засгийн газрын баталгаатай 1,5 тэр­бум ам.долларын хүүнд хоног тутамд 130-140 мянган ам,доллар төлж байлаа. Тэгвэл өнөөдөр долларын ханш 2010 төгрөгтэй тэнцсэн гэвэл бидний Чингис бондын хүүнд хоногт тутам төлөх мөнгө багагүй өссөн гэсэн үг.  Хүүн дээрээ үндсэн зээлээ нэмээд төлнө гэвэл гадаад хөрөнгө оруулалт нь тэгтэй тэнцэж, нүүрс нь үнс болж, зэсийн үнэ нь гадаад зах зээлд улам бүр доошилж буй Монголын эдийн засагт асар том дарамт болохоор байгаа билээ.

Ядаж байхад бид дотроо үргэлж мөнхийн хэрүүлтэй, хөрөнгө оруулагчдыг үргээж, залхаах бодлого л хэрэгжүүлж ирлээ шүү дээ. Өнөөдөр л гэхэд Засгийн газар нь олон улсын зах зээлд үнэт цаасаа арилжаалахтай зэрэгцээд л Ерөнхий сайдаа огцруулах улс төр хийгээд явчихлаа. Энэ популизм нь Монголд дааж давшгүй том асуудал, эргээд эдийн засаг мөддөө сэхэхээргүй байдалд хүргэх эсэх нь эдийн засгийн хямралд туйлдаж яваа иргэдийн эмзэг цэг дээр тоглолт хийж буй Г.Уянгад ч, МАН-д ч хамаагүй гэж үү?

Дотоодын хямрал дээр гадаад зах зээлийн хямрал нэмэгдэхээр Монголын эдийн засаг хэвтрээсээ өндийж чадахгүй нь бололтой, энэ жилээс жинхэнэ хямралыг монголчууд мах, цусаараа мэдэрч эхэлнэ гээд хэлчихэд бодит үнэнээс хол зөрөхгүй юм.

Г.Уянгаар тоглуулж, МАН-ын захиалсан улс төрөөс болж, “Мазаалай” бондыг гаргахаар төлөвлөсөн Засгийн газрын төлөвлөгөө ч  нурж байх шиг. 

Нүүрс нь хог болж, зэсийнх нь үнэ уруудаж, дээдсүүд нь үргэлж мөнхийн зодоонтой, гадаад зах зээлд нэр нүүрээ алдсан монголчууд бид энэ  жил юугаараа “амь зогоох” вэ?

Ж.НЯМСҮРЭН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна