Олон улсын стандартад нийцсэн спортын заал нэмэгдлээ

2016 оны 1 сарын 26

МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн спортын заал АНУ-ын Үндэсний сагсан бөмбөгийн холбоо /NBA/-гийн жишиг стандартад нийцэн шинэчлэгдсэн. Их, дээд сургуулиудын дунд анх удаа олон улсын жишигт нийцсэн стандарт спорт заалыг МУИС ашиглалтад оруулснаараа ихээхэн онцлогтой. Нийт 800 м2 бүхий агч модон шалыг АНУ-ын Коннор спорт корт нийлүүлэн тус компанийн мэргэжилтний удирдлаган дор Юнимат компанийн суурилуулалтын баг угсарчээ.

Ингээд сагсан бөмбөгийн ОУХМ Б.Билгүүний сэтгэгдлийг сонслоо.

-Олон улсын стандартад нийцсэн шинэхэн зааланд тоглох ямар байна вэ?

-Сэтгэгдэл өндөр байна. Монголын их, дээд сургуулиас анхдагч болж, олон улсын стандартад нийцсэн заалтай болсонд сургуулийнхаа хамт олонд талархаж байна. Мөн энэхүү зааланд МУИС-ийг төгссөн сагсан бөмбөгчидтэй хамт нэг болон анхны тоглолтыг хийхэд сайхан байна. Бас нэгэн түүхийн гэрч болон үлдэж байгаа нь дурсамжтай санагдлаа.

-Хандгайт дахь сагсан бөмбөгийн ордны заалтай харьцуулахад ямар байна вэ?

-Мэдээж их туршлагатай компани заалны угсралтын ажлыг хийжээ. Олон улсын стандартад нийцсэн заалтай болохын тулд их ач холбогдол өгсөн нь харагдлаа. Заалны лак, шалны зузаан сайн байна. Хандгайтын заалыг бодвол зууралт илүү санагдлаа. Тоглолтын явцад хий ойхгүй, чанарын хувьд маш сайн болсон байна.

Нэмэлт мэдээлэл хүргэхэд. Коннор спорт корт интернэйшнл (Соnnor Sport Court) нь АНУ-ын спортын дэвжээний тэргүүлэгч бөгөөд NBA (Үндэсний сагсан бөмбөгийн холбоо), NCAA (Оюутны спортын холбоо), FIBA (Олон улсын сагсан бөмбөгийн холбоо), USTA (АНУ-ын теннисний холбоо), FIVB (Олон улсын волейболын холбоо), US Youth Futsal (АНУ-ын залуучуудын футзалын холбоо) болон USA Volleyball (АНУ-ын волейболын холбоо) зэрэг холбоодын албан ёсны дэвжээг хийдэг байна.

Коннор спортын кортын Монголд суурилуулсан шал нь Неошок буюу полиуритан зөөлөвчтэй агч модон шал юм.

Хойд Америкт ургадаг агч мод нь мэргэжлийн спортын шал үйлдвэрлэхэд хэрэглэдэг бөгөөд ялангуяа сагсан бөмбөгийн спортод хамгийн тохиромжтой гэж тооцогддог. Коннор спорт кортын шал неошок буюу полуритан зөөлөвчтэй агч модон шал юм байна.

Ч.БОЛОР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна