Нийслэлийн мандатыг нэмэх үү?

2016 оны 1 сарын 26

НИТХ-ын тэргүүлэгч Д.Баттулга 2016 оны сонгуульд нийслэлийн х мандатын тоог 21 болгох хүсэлтийг УИХ-ын даргад хүргүүлсэн юм. Энэ хүсэлтийг харгалзан үзэж Сонгуулийн ерөнхий хороо УИХ-ын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай тогтоолын төслийг өргөн барихдаа мандатын хувиарлалтыг өөрчилсөн юм. Тодруулбал, нийслэл Улаанбаатарт 22 мандат, хөдөө орон нутагт 26 мандат олгохоор төлөвлөөд байна. Онцлоход  Дорноговь, Говьсүмбэр аймгийг нэгтгэж сонгуулийн нэг тойрог болгосон тул 26 тойрог болжээ. Өмнө нь 28 гишүүн жагсаалтаар гардаг, үлдсэн 48 мандатын 14 нь Улаанбаатар хотод, 34 нь хөдөө орон нутагт хуваарилагддаг байсан юм. Ингээд УИХ-аар хэлэлцэгдэх тогтоолын төслийн талаар УИХ дахь нам эвслийн бүлгийн төлөөллийн байр суурийг хүргэж байна. 


УИХ дахь АН-ын төлөөлөл УИХ-ын гишүүн Ж.Батзандан:

-Архангай аймаг 94 мянган хүн амтай, УИХ-д хоёр гишүүн төлөөлж байгаа бол Баянзүрх дүүргээс УИХ-д сонгогдсон нэг гишүүн 120 мянган иргэнийг төлөөлдөг.  Дундговь аймгаас сонгогдсон гишүүн 47 мянган иргэнийг төлөөлдөг. Харин Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон гишүүн 100 мянган иргэнийг төлөөлж байгаа нь нийслэлд ногдох тойргийн мандатын тоог нэмэх шаардлагатай байгаагийн илрэл.Шударга ёсны үүднээс нийслэлээс сонгогдох гишүүдийн тоог нэмэх ёстой.


УИХ дахь МАН-ын бүлгийн дарга УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

-Эрх баригч АН-ынхны хувилбараар хотоос сонгогдох гишүүд дээр жагсаалтын 28 хүнийг оруулж тооцвол нийтдээ 50 гишүүн зөвхөн Улаанбаатар хотоос сонгогддог болох юм. 2008 оноос өмнө 56 гишүүн хөдөө орон нутгаас, 20 нь Улаанбаатараас сонгогддог байсан. Харин энэ өөрчлөлтөөр нийт гишүүдийн 50 гаруй нь Улаанбаатараас сонгогддог болох нь. Сонгуулийн тойрог, мандатын тоог тогтоохдоо хүн амын тоо, нутаг дэвсгэр, засаг захиргааны нэгжийг харгалзаж үзнэ гэж Үндсэн хууль болон Сонгуулийн хуульд заасан. Гэтэл зөвхөн хүн амын тоог харгалзан тойрог, мандатын тоог тогтоох гэж байгаа нь Үндсэн хууль зөрчинө. Монгол Улс 1.5 сая хавтгай дөрвөлжин км нутаг дэвсгэртэй. Улаанбаатар хот 4.7 мянган кв.км нутаг дэвсгэртэй. Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 0.3 хувь нь Улаанбаатар хотод, 99.7 хувь нь хөдөө орон нутагт ногддог. Гэтэл нийт нутаг дэсвгэрийн 0,3 хувьд нь 50 мандат, 99,7 хувьд 26 мандат ногдохоор болж байгаа нь үнэхээр шударга бус хуваарилалт юм. Иймд энэ асуудлыг МАН-ын бүлэг дэмжихгүй.


УИХ дахь МАХН, МҮАН “Шударга ёс” эвслийн төлөөлөл Шадар сайд Ц.Оюунбаатар:

-Хүн амын тоотой харьцуулах ёстой. Нийслэлд олон мандат гэдэг утгаар нь биш хүн амын тоонд зохицсон байдлаар мандатыг хувиарлах ёстой. Тэр бол зарчмын асуудал юм. Түүнээс нийслэлд олон гэдэг ч юм уу, аль нэг гишүүн манай аймагт олон мандат олгох ёстой гэдэг байдлаар асуудалд хандаж болохгүй. Хамгийн гол нь хүн амын тоонд нийцэж байх ёстой. Тэр нь нийслэлд байна уу Дархан-Уул, Эрдэнэт байна уу ялгаагүй юм.


УИХ дахь ИЗНН-ын төлөөлөл УИХ-ын гишүүн С.Оюун:

-Хүн амын тоотой уялдуулж мандатын тоог тогтооно гэж хуульд заасан байдаг. Тиймээс хуулийн дагуу бол Улаанбаатар хотын мандатын тоо нэмэгдэх ёстой. Олон жил ярьсан атал хийж чадаагүй. Яагаад гэвэл орон нутгаас сонгогдсон гишүүдийн тоо их байдаг учраас. Энэ асуудал бол зүгээр л нэг гишүүдийн ашиг сонирхлын асуудал биш. Хэдэн иргэн, сонгогчдыг төлөөлөх вэ гэдэг утгаараа чухал юм. Улаанбаатар хотын дүүрэгт гэхэд нэг гишүүн 200-300 мянган хүнийг төлөөлж байдаг. Гэтэл хөдөө орон нутгийн жижиг тойрогт 20 мянган иргэн төлөөлөх жишээтэй. Тиймээс дэмжиж байна.

Т.ДАВААНЯМ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна