Орос хямралаас гарах уу?

2016 оны 1 сарын 26

Оросын гадаад өр буурсан нь рублийн уналтыг тогтворжуулна гэсэн хүлээлт байна.  

Оросын гадаад өрийн хэмжээ өнгөрсөн онд 85 тэрбум доллараар буурчээ. Харин энэ жилийн хувьд тус улсын гадаад өр төлөлт  50–55 тэрбум  доллар байх гэнэ. Үүнийг дагаад валютын эрэлт буурна. Тэр нь рублийн ханшинд эерэгээр нөлөөлөх хүлээлт үүсээд байгаа юм.  Хэдийгээр Оросын эдийн засаг хямарч байгаа ч гадаад өрөө төлөх  валютын нөөц хангалттай байгаа аж.

Өнгөрсөн долоо хоногт нефтийн үнэ нэмэгдсэний улмаас рублийн ханш чангарч Москвагийн бирж дээр евроны ханш 86 рубль хүртэл унаж, доллар 79 рубль хүртэл суларсан  байна. Оросын Төв банкных нь мэдээгээр,  Оросын гадаад өр өнгөрсөн онд 14 хувиар буюу 599 тэрбум доллараас 515,3 тэрбум хүртэл буурчээ.  Улсын өр нь өнгөрсөн онд 1,6 тэрбумаар бууран 30,7 тэрбумын хэмжээнд хүрсэн бөгөөд үлдсэн  өр нь хувийн хэвшлийнхэн буюу банк, компаниудын  гадаадын зээлдүүлэгч нарт төлөх ёстой мөнгө байжээ.

Оны сүүлчээр Төв банк нь “ том банкуудад байгаа валютын нөөц нь  аравдугаар сарын 1-нээс 2016 оны долдугаар сарын 1 хүртэл өрөө төлөхөд  хангалттай хүрэлцэнэ” хэмээн мэдэгдэж байсан удаатай. Үүний зэрэгцээ валютын  нэмэлт санхүүжилт хийх  ашиглагдаагүй лимитийн хэмжээ 28,7 тэрбум доллар байсан юм.

Валютын хувьд асуудал гараагүйг  Төв банкных нь алт, валютын нөөц  бага зэрэг буурсан үзүүлэлт харуулав. Өнгөрсөн оны эхээр 385,5  тэрбум доллар байснаа 368,4 тэрбум хүртэл буурсан байлаа.  Худалдааны ашигтай сальдо нь 23 хувиар буурсан ч нэлээ их хэмжээний  доллар /146 гаруй тэрбум доллар/ дансанд байжээ.

Хувийн хэвшлийнхний гадагшлуулсан  мөнгөний урсгал нь урьдчилсан тооцоогоор, өнгөрсөн онд 56,9 тэрбум  доллар болж байна. Харин өмнөх жилийн үзүүлэлт нь 153 тэрбум доллар байжээ.  Хувийн хэвшлийн салбарынхны  төлөгдсөн гадаад өр нь мэдэгдэхүйц их байснаараа өмнөх жилийнхээс онцлогтой  байжээ. Банкнууд нь  гадаад валютын худалдаа болон хүүгийн хөрөнгөөр  гадаад өрөө ихээхэн нимгэлсэн аж.  Шууд хөрөнгө оруулалтаар гадаадын валютыг нэмэгдүүлэх  банкнууд гадаад өрөө нэмж байсан юм.  Гадаадын хөрөнгө оруулалтын хатуу нөхцөлд байсан  бусад салбарууд ч  өрөө багагүй даржээ..

“Нефтийн үнэ ерөнхийдөө  45 хувиар хямдарсан ч Оросын эдийн засаг нь гадаад доргионд тогтвортой нь харагдсан” гэдэгт Sberbank CIB банкны шинжээчид итгэл төгс байна. Энэ оны эхээр нефтийн үнэ хямдарч байгаа ч  рублийн ханш суларсан, шахаж байгаа хэрэглээний эрэлт,  хоригийн буянаар импорт буурч  зэргээс  худалдааны тэнцвэр нь ашигтай л байгаа юм.  Урсгал үйл ажиллагааны  данс ч ашигтай хэвээр байна.  Өрийн төлөх мөнгө буурснаар 2016 оны урсгал ажиллагааны  дансны  баланс нэмэгдэх боломж гарч ирнэ гэж Sberbank CIB банкны шинжээчид дүгнэсэн байна. Brent нефтийн баррелийн жилийн дундаж үнэ 38,3 доллар байхад  урсгал үйл ажиллагааны ашгийн зөрөө нь  $55,7 тэрбум доллар байна гэж Газпром банк тооцоолжээ.  Эдийн засгийн хөгжлийн яам нь 2016 онд мөнгөний урсгал 50 тэрбум орчим доллар байна гэж үзэж буй.

Рублийн ханшийг сулруулж буй  нефтийн хамаалар буурч байгааг мэргэжилтнүүд хэлэх болсон.  Энд үнэт цаасны хувь нийлүүлэгч нарын итгэмжлэгдсэн  “Райффайзен Капитал” компанийн шинжээч София Кирсанова гэгч шинжээчийн хэлсэн үг сонирхолтой татаж байна. Тэрбээр  өнгөрсөн оны дөрөвдүгээр улирлаас хойш нефтийн үнэ 43 хувиар унасан бол рублийн уналт дөнгөж 19 хувьтай байлаа хэмээн харьцуулжээ.

Нефтийн үнэ  өссөн тохиолдолд рублийн ханш чангарахад юу ч саад болохгүй гэсэн үг юм. Оросын “ЛУКойл” компанийн тэргүүн сая Давосын Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцохдоо  нефтийн үнэ оны хоёрдугаар хагасаас эхлэн өсч,  баррель нь 50 доллар хүрнэ гэж мэдэгджээ.  Тэр үе нь хэзээ нэгэн цагт ирэх байх л даа хүлээх л үлдлээ.

Орос Давосын чуулгад ач холбогдол өгсөнгүй

Энэ жилийн Давосын Дэлхийн эдийн засгийн чуулга дээр эдийн засгийн уналт нь 3,9 хүрээд байгаа Орос төлөөлөгчдийнхөө статусыг буулгалаа. Оросын төлөөлөгчдийг Алс Дорнодын хязгаарын ерөнхийлөгчийн бие төлөөлөгч Юрий Трутнев толгойлов.

“Одоо Орост хямралаас гаргах эдийн засгийн хөтөлбөр алга. Энэ жил Давост  албан тушаалтнууд очих шаардлага алга” хэмээн санхүүгийн блокийн эх сурвалж хэлсэн байв. Давосыг нэг мөр хаяж болохгүй.  Хөрөнгө оруулагчдын сонирхол Орост унаж байгаа үеэр түүнийг нь халааж байхгүй бол эдийн засагт давхар цохилт болно. Түүнд оролцож юу болж буйг сонирхох ёстой” хэмээн засгийн газрын нэгэн түшмэл хэлжээ.

Одоо Орост баруунтай  хамтарсан эдийн засгийг хөгжүүлэх төслүүд байхгүй байгаа нь Алс Дорнодын  хягаарын бие төлөөлөгчийг тийш нь илгээн Оросын зүүн зүгт эргэж буйг сануулсан хэрэг байх  л даа.

Давосын чуулгад Орос төдийлөн ач холбогдол өгөөгүй бөгөөд харин тэнд Америкийн санхүүч  Жорж Сорос Оросын эдийн засгийн талаар сонирхолтой ярьсан байв. “Оросын эдийн засаг маш сул байна. Гэхдээ хангалттай хэмжээний гадаад валютын нөөцтэй. Тэр нь ойрын хоёр жилдээ хангалттай хүрэлцэнэ. Нөөц 2017 онд маш багасах үеэр Оросын  байдал ээдрээтэй болно.  Өнөөгийн эдийн засгийн урсгал байдалд Оросын төсвийг тандах хэрэгтэй. Тэр нь Путиныг  олонд алдартай болгож байгаа “нийгмийн өмнө хүлээсэн үүрэгт” нь хор болно. Ингэж хэлэхдээ тэр тэр Путин болон Оросын эдийн засагчдын сөрөг үр дагаварыг арилгахаар хийж байгаа зүтгэлийг үнэлсэн байна.

Харин Оросын лидер өөрөө  эдийн засгийнхаа талаар ингэж ярсан юм. "Өнөөдрийн байдлаар нэн ялангуяа, манай эдийн засагт   хор хөнөөлийг  манай экспортын бүтээгдэхүүний  уламжлалт барааны үнийн бууралт авчирч байна. Гэхдээ сөргөөс гадна  эерэг зүйл ч тэнд байгаа”  гэж Путин хэлэв. “Нефтийн үнэ өндөр байхаад орж ирж буй ашгийг   урсгал  зардалдаа  хэрэглэхээс татгалзах нь  хүнд байдаг. И Манайд нефть, хийн  хамаарал аюултай хэмжээнд өссөн учир одоо бид түүнийг бууруулахаар ажиллаж байгаа нь эрүүлжүүлж байгаа юм” хэмээн Путин онцолж байна.

"Хоёрдугаарт нефтийн доллараар бүхнийг худалдан авч болно. Түүний ашиг нь өндөр байхад  өөрийн хөгжлийг дэтгэхгүйд хүргэнэ. Нэн ялангуяа өндөр технологийн салбарт.  Одоо бидний ДНБ-ний уналт 3,8 хувь, аж үйлдвэрийн уналт  3,3 хувийн уналттай, инфляцийн өсөлт 12,7 хувьтай байна. Хэдийгээр инфляци өндөр байгаа ч гадаад худалдаанд эргэлт эерэг байна. Бид аажмаар эдийн засгийг тогтворжуулан хөгжүүлэх болно. Бид бүхэл бүтэн хөтөлбөрүүд, ялангуяа импортыг орлуулах хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.  Тэр нь өөрөө өндөр технологийн салбарт хийж байгаа хөрөнгө оруулалт юм” хэмээн Путин онцлон тэмдэглэсэн байв.

 Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна