МАН-ын элийрэл

2016 оны 1 сарын 26

Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг урагшуулахаар болсон биш Ч.Сайханбилэгийг огцруулахаар Г.Уянгын ард нуугдсан МАН-ын бүлэг өчигдөр Ерөнхий сайдыг огцруулахыг 100 хувь дэмжсэнээ дуулгав. Үүнийгээ бүлгийн дарга С.Бямбацогт сэтгүүлчдэд дуулгахдаа “Ард түмнийг хуурсан Ерөнхий сайд. Нэг ч төгрөгийн татвар нэмэхгүй гэсэн. Гэтэл татварыг нэмсэн. Шатахууны үнэ буух боломжтой байсан. Гэвч татвар нэмээд шатахууны үнийг бууруулах боломжгүй болгосон. Мөн нэг тэрбум төгрөгийн мах экспортолно гээд одоог хүртэл хэрэгжүүлээгүй” хэмээн буруутгав.

Чухамдаа өнгөрсөн хугацаанд Ардчилсан намын бодлого болгоныг эсэргүүцэж, эрх баригчдын эсрэг “бойкот” зарласаар ирсэн нь МАН-ынхан шүү дээ. Шийдлийн Засгийн танхимд найман сар “амьдарсан” МАН-ынхан Сангийн яамыг нь атгаж байхдаа эдийн засгаа сайжруулах талаар юу хийв.

Хөдөлмөрийн сайд, Зам тээврийн сайдаар ажиллаж байсан нөхдүүд нь баахан халаа сэлгээ хийж, намынхаа нөхдийг төрд шургуулснаар өөр ажил хийгээгүйдээ л засгаас хөөгдөж гараа биз дээ.

Засгаас хөөгдөж гарсан, Дарханы Засаг даргын асуудлаас үүдсэн шарх нь МАН-ынхныг зүгээр суулгахгүй байгаа бололтой Ч.Сайханбилэгээс гаднаа УИХ-ын дарга З.Энхболдыг огцруулах бичиг өргөн барихаар болсноо өчигдөр тус бүлгийн дарга Д.Хаянхярваа хэлжээ.

УИХ-ын даргыг огцруулах шалтгаан нь их хөгийн.  Түүний өөрийнх нь тайлбарласнаар бол “УИХ-ын дарга чуулганы хуралдааны үеэр хэтэрхий дарангуйлж ханддаг. Гишүүдэд түрэмгий байдаг. УИХ-ын даргын ёс зүйд баймгүй үйлдлийг гаргаж байгаа.  Энэ нь сүүлийн үед их нэмэгдэж байна гэдгийг гишүүд шүүмжилж байна. Тийм учраас бид УИХ-ын даргад шаардлага хүргүүлэхээр шийдвэрлэсэн. Ипотекийн зээлийг Монгол банкны Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын нэрийн өмнөөс ярьж, банкны хүү тогтоох тухай асуудлыг өөрөө хийж байгаа мэтээр олон түмэнд харуулж байна. Энэ бүхэн хэт дураараа авирлаж байгаа асуудал “ нь З.Энхболд өөрөө УИХ*-ын даргаас огцрох шалтгаан болох юм байх.

Сонгуулийн чимээ ойртохын хэрээр АН-ыг аль болох хооронд нь хагаралдуулах, арга ядахдаа Ч.Сайханбилэг, З.Энхболд хоёрыг огцруулна гэж айлгаж байгаад хөдөөгийн мандатыг авч үлдэх гэсэн МАН-ын нэг арга заль.

Тэдний хийж байгаа улс төр улс оронд хэрэггүй гэдгийг МАН-ынхан мэдэж байгаа. Улс орон тун хүнд байдал орчихоод байхад улс төржихөөсөө илүү эдийн засгаа аврах талаар эрх баригчдад санал хүргүүлсэн бол МАН-ынхан ядаж л ухаалаг харагдах байлаа. Даанч, МАН-ынхан дандаа мангар улс төр хийх юм. Ч.Сайханбилэг, З.Энхболд хоёрыг огцруулчихвал АН муухай харагдана, Ардын нам гоё харагдана гэж арай бодоогүй байлгүй дээ.

А.ШАРХҮҮ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна