"Багшид дутагдах зүйлгүй болоод байна"

2016 оны 1 сарын 26

Д.Цогтоо: Ажилдаа зүрх сэтгэлээсээ ханддаг, мэргэжлээ хүндэлдэг байх юм бол багшид дутагдах зүйлгүй болоод байна

Хөвсгөл аймгийн “Эрдмийн далай” үндэсний лаборатори сургуулийн захирал Д.Цогтоотой ярилцлаа.

-2012 оноос хойш хэрэгжүүлж байгаа “Боловсролын чанарын шинэчлэлийн бодлого”, “Зөв монгол хүүхэд” хөтөлбөрийн хэрэгжилт танай аймагт ямар байгаа вэ?

-“Зөв монгол хүүхэд” хөтөлбөр аймгийн хэмжээнд амжилттай хэрэгжиж байгаа. Манай сургуулийн хувьд хүүхэд бүрт чиглэсэн энэ  хөтөлбөр эцэг эхчүүдийн дэмжлэг сайшаалыг авч чадсан. Үйлчлүүлэгч дэмжиж байна гэдэг бол хэрэглээ өндөр байна гэсэн үг.  Хүүхэд бүрийн авъяасыг нээн дэмжиж байгаа нь тэдний сонирхол, идэвхи оролцоог нэмэгдүүлж номоор өөрийгөө хөгжүүлэх боломжийг давхар бий болгож байгаа.

-Ирэх жилээс ахлах ангийн сургалтын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Энэ хөтөлбөртэй санал нэгдэж байгаа юу? Ямар үр дүн гарна гэж бодож байна?

-Манай сургууль бага, суурь боловсролын сургалтын цөм хөтөлбөрийг бусад сургуулиудтай хамтран ажиллаж амжилттай хэрэгжүүллээ. Энэ хөтөлбөр хэрэгжиж эхэлсэнээс хойш сургуулиуд хоорондоо хамтран, мэргэжлийн багш нар хоорондоо холбогдож нэг нэгнийгээ дэмжин, туршлага солилцох нөхцөл бий болж байна.  Багш нар сургалтын арга технелогио сайжруулахаас гадна сурагчдад илүү сонирхолтой болж байгаа учраас цөм хөтөлбөрийг маш сайн үр дүн дагуулсан гэж дүгнэж байна.

-Багшийн хөгжил, сургуулийн орчин сайжруулах тал дээр өнгөрсөн жилд багагүй хөрөнгө орууллаа. Сургулиудад физик, химийн лаборатори, багш бүрт олгосон нөүтбүүк гээд энэ бүхэн хүүхдийн хөгжилд ямар нэмэр болж байна?

-Багшийн хөгжлийг дэмжинэ гэдэг бол сургалтын нэг хэрэглэгдэхүүнийг сайжруулж байна гэж ойлгож болно. Багш нөүтбүүктэй болоход гартаа бүх зүйлээ авч явах боломжтой болно. Ажилдаа  зүрх сэтгэлээсээ ханддаг, мэргэжлээ хүндэлдэг байх юм бол багшид дутагдах зүйлгүй болоод байна.

П.ТӨМӨРЧӨДӨР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна