Хүйтний эрч сулрахгүй

2016 оны 1 сарын 26

Хүйтний эрч нэгдүгээр дуустал сулрахгүй, нутгийн төв хэсэг, зүүн зүгийн зарим нутгаар цас орж, говь тал,  зүүн зүгийн зарим нутаг Дарьганга, Дорнодын нутгаар явган шуурга шуурахыг Цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс анхаарууллаа.  Төвийн зарим нутгаар нэгдүгээр сарын 27, 28 ний өдрүүдэд цас орж, нутгийн зүүн хэсгээр маргаашаас эхлэн салхи секундэд 12-14 метр хүрч, ширүүсэх юм байна. Улаанбаатарт нэгдүгээр сарыг дуустал өдөртөө 20 орчим градус, шөнөдөө 28-30 градусын хүйтэнтэй байх юм. Нэгдүгээр сарын дунд үеэс хүйтний эрч ийнхүү чангарч, нийт нутгаар шөнөдөө 35-53 градуст хүрчээ.

Цаг агаар өнгөрсөн өвөл буюу 2015 оны нэгдүгээр сард бүх нутгаар дулаахан, төв, говь, тал хээрийн нутгаараа өдөртөө 3-6 градусын дулаан байсныг цаг уурчид санууллаа. Өнгөрсөн өвөл ийнхүү хүйтний эрч суларч, хамгийн хүйтэндээ шөнө 24-25 градус байсан байна. Харин энэ жил ялангуяа нэгдүгээр сарын цаг агаар, олон жилийн дунджийн хүйтнээс хоёр дахин чангарч, эрс хүйтэрчээ. Цаг уурчдын мэдээлснээр одоо нутгийн ихэнх хэсэг зузаан цастай байгаа аж. Нэгдүгээр сарын сүүлийн 10 хоногийн урьдчилсан цаг агаарын мэдээллээр хүйтний эрч сулрахгүй харин ч нутгийн зарим хэсгээр цас нэмж орон, шуурна гэдгийг цаг уурчид сэрэмжлүүлж байна.

Дархадын хотгороор шөнөдөө 42-49 градус өдөртөө 30-35 градус, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 34-39 градус өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 26-31 градус өдөртөө 16-21 градус хүйтэн байна. Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 35-40 градус өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 28-33 градус өдөртөө 18-23 градус хүйтэн байна. Говийн нутгийн хойд хэсгээр шөнөдөө 28-33 градус өдөртөө 17-22 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус өдөртөө 12-17 градусын хэмтэй байна.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Ц.АРИУНБОЛД

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна