Д.Жамъяншарав: Юнивишн интернэтийн үйлчилгээгээ хязгаарлаагүй

2016 оны 1 сарын 26

Сүүлийн үед Юнивишнийн гурвалсан үйлчилгээний интернэт “хязгаартай болох нь”, “үнэ нь нэмэгдэх нь” гэх зэрэг яриа олон нийтийн дунд төөрөгдөл үүсгээд байгаа билээ. Тэгвэл энэ талаар Юнител группын Бизнес Хөгжил, Төлөвлөлт хариуцсан Дэд захирал Д.Жамъяншараваас тодруулснаа хүргэе.

-Юнивишн өрхийн Гурвалсан үйлчилгээндээ 2 сарын 1-ээс өөрчлөлт хийх гэж байна. Чухам яг ямар, ямар өөрчлөлт орсон байгаа вэ, дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

-Бидний хэрэглэгчдэдээ санал болгож ирсэн Гурвалсан үйлчилгээний Классик, Премиум, Премиум плас зэрэг багцуудаа нэршлийн хувьд илүү ойлгомжтой, энгийн болгох үүднээс S, M, L, XL багц болгон өөрчилсөн. Мөн дээр нь Энтертайнмент, Спорт, Гэр бүлийн контент бүхий сувгийн багцууд нэмэгдсэн бөгөөд интернэтийн нөхцлөө шинэчилсэн байгаа. Харин үнийн хувьд огт өөрчлөгдөөгүй гэдгийг хэлмээр байна.

-Интернэтийн нөхцлийн шинэчлэлтэнд хэрэглэгчдийн зүгээс асууж тодруулах зүйл их байх шиг байна. Уг өөрчлөлтийг хийх шалтгаан нь юу байв?

-Интернэтийн хэрэглээг хүмүүс агаар шиг гэж ойлгодог. Гэвч энэ нь бидний ус, цахилгааны хэрэглээтэй нэгэн адил цаанаа бодит өртөг, зардал урсаж байдаг хэрэглээ шүү дээ. Бид дэлхий нийтийн жишгийг даган хэрэглэгчдийнхээ хурд болон дата хэрэглээнд суурилсан багцын үйлчилгээг өгч эхлэхээр төлөвлөөд байна.

-Интернэт хязгаартай болсон гэх яриа гараад байна. Энэ үнэн үү?

-Юнивишнийн зүгээс хэрэглэгчдийнхээ интернэт хэрэглээг огт хязгаарлаагүй. Харин хэрэглэгчийн дата хэрэглээ тодорхой түвшинд хүрсний дараа хурдны зохицуулалт хийж байгаа болохоос хэрэглэгчийн интернэт хаагдана гэсэн үг огт биш юм. Жишээ нь: Хамгийн бага буюу “S” багцын хувьд хэрэглээ 100GB хүрсэн тохиолдолд үндсэн 3mbps хурд нь тухайн сараа дуустал 512kbps болох боловч хэрэглээнд хязгаарлалт байхгүй, хэдэн ч GB дата хэрэглэж болно. Бусад багцуудын хувьд ч мөн адил энэ жишгээр явна.

-Тэгвэл багцад дагалдуулж байгаа интернэт хэрэглээ хангалттай юу?

-Хангалттай гэж үзэж байгаа. Өрхийн нийт хэрэглэгчдийнхээ дунд хийсэн судалгаа, тооцооноос үзэхэд манай хэрэглэгчдийн 99 хувь нь сард 49.2GB хүртэл дата хэрэглэдэг нь тогтоогдсон. Тиймээс хамгийн бага багцад дагалдах 100GB гэдэг бол хангалттайгаас ч илүү их хэмжээ юм. Хэрвээ үүнээс өндөр хэрэглээтэй өрх байлаа гэхэд хэрэглээндээ тохируулан бусад M, L, XL багцууд руу шилжих бүрэн боломжтой байгаа.

-IPTV-ийн видео сангаас кино үзэх, телевизийн суваг үзэхэд дата унах уу?

-Огт унахгүй. Зөвхөн интернэт хэрэглээнд л дата тооцогддог.

-Нийт интернэт хэрэглэгчдийн дунд интернэтийн үйлчилгээ үзүүлэгч компаниудын интернэтийн хурд удаан, чанар муу гэсэн ойлголт түгээмэл байдаг. Үүнд танай зүгээс ямар байр суурьтай байдаг вэ?

-Одоогоор интернэтийн үйлчилгээ үзүүлэгч компаниуд интернэтээ “dedicated”, “shared” гэсэн 2 хэлбэрээр түгээж байгаа. Өөрөөр хэлбэл “shared” интернэт нь хэрэглэгчдийн багцад заасан хурдыг хөрш өрхүүдийн дунд хувааж өгдөг гэсэн үг. Эдгээр өрхүүд нь нэгэн зэрэг интернэтэд холбогдоход нэг айлд оногдох хурд нь хуваагдаж удаашрах нь ойлгомжтой. Энэ хэлбэрийг интернэт үйлчилгээ үзүүлэгчдийн ихэнх нь ашиглаж байна.

Харин Юнивишнийн хувьд “dedicated” буюу багцад заасан хурдыг хуваалгүйгээр зөвхөн тухайн өрхөд нь зориулж ногдох хурдыг нь бүрэн өгдөг.

Зарим хэрэглэгчид багцад заасан хурдандаа хүрдэггүй гэх гомдол, санал мэр сэр хэлдэг. Хурд удаашрах нь биднээс шалтгаалаагүй олон хүчин зүйлсээс хамаарч байдаг. Жишээ нь: Тухайн өрхөд нэг цаг мөчид хэдэн хүн зэрэг интернэт ашиглаж байгаа, Wi-Fi төхөөрөмжөөсөө хэр хол байгаа, үзэж байгаа эсвэл татаж байгаа контент байршиж буй сервер нь хэр ачаалалтай байгаа гэх мэт шалтгаан нь интернэтийн хурд удаашрахад нөлөөлдөг.

-Юнивишнийн хэрэглэгчид интернэт хэрэглээгээ яаж мэдэх вэ? Хянах боломж бий юу?

-Хэрэглэгч 2 сарын 2-оос эхлэн мессежээр болон манай вэб хуудаснаас хэрэглээгээ тогтмол харж, хянах боломжтой.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна