Мэдэгдэл

2016 оны 1 сарын 26

2016 оны 1-р сарын 21-ний өдөр “Эв санааны нэгдэл Эрдэнэс таван толгой” нэртэй “Эв санааны нэгдэл” Үйлдвэрчний эвлэлийн фэйсбүүк хуудаснаа нийтэлсэн “Hangang-Soo эмнэлэг С.Эрдэнийн эмчилгээг зогсоож, үлдэгдэл төлбөрийг заасан хугацаанд барагдуулахгүй бол шүүхэд хандахаа мэдэгдлээ” гэсэн мэдээлэлд “Эрдэнэс-Таван Толгой” ХК-ийн зүгээс  дараах мэдэгдлийг хийж байна.

“Эв санааны нэгдэл” Үйлдвэрчний эвлэлийн тэргүүн С.Эрдэнэ нь эхнэр, хүүхэд, эмчийн хамт 2015 оны 12-р сарын 7-ны өдөр БНСУ руу эмчилгээ хийлгэхээр явсан бөгөөд эмч нь хүргэж өгөөд буцаж ирсэн. “Эрдэнэс-Таван Толгой” компанийн  зүгээс түүний эрүүл мэндэд анхаарч ирсэн бөгөөд өнөөдрийн байдлаар С.Эрдэнийн дотоод болон гадаад улсад хийлгүүлсэн эмчилгээ, холбогдох бусад зардлыг “Эрдэнэс-Таван Толгой” ХК хариуцаж, нийт 100 сая төгрөгийг төлөөд байна. С.Эрдэнэд хийсэн эмчилгээ, эмчилгээнд шаардлагатай эм тарианы гүйцэтгэлийг “Hangang-Soo” эмнэлгээс авч, ирүүлсэн нэхэмжлэхийг үндэслэн компанийн зохих журмын дагуу эмчилгээний төлбөрийг шилжүүлж байгаа болно.

С.Эрдэнийн эмчилгээ болон эмчилгээний хугацаа нь эмчлүүлэгчийн биеийн байдлаас хамааран өөрчлөгдөж, эмчилгээний төлбөрийн урьдчилсан дүн нэмэгдсэн бөгөөд “Hangang-Soo” эмнэлэгтэй эмчилгээний төлбөрийн талаар хэлэлцэж, компанийн зүгээс зохих журмын дагуу уг асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна. Гэтэл олон нийтэд буруу ойлголт төрүүлэн, иргэдийг төөрөгдөлд оруулах буруу ташаа мэдээллийг сошиал сүлжээгээр түгээж байгаа нь үндэслэлгүй юм. “Hangang-Soo” эмнэлгийн зүгээс шүүхэд хандсан тухай бидэнд ямар нэгэн мэдээлэл, албан бичиг ирүүлээгүй болно. Тус эмнэлгийн зүгээс С.Эрдэнийн эмчилгээний үлдэгдэл төлбөр /ойролцоогоор 190 гаруй сая төгрөг/-ийг нэмж төлөхийг хүссэн нэхэмжлэх ирүүлснийг хүлээн авч зохих журмын дагуу шийдвэрлэхээр ажиллаж байна. “Эрдэнэс-Таван Толгой” ХК нь С.Эрдэнийн эрүүл мэндийн байдалд тухай бүрт нь анхаарал хандуулж ирсэн төдийгүй уг асуудлаар “Эв санааны нэгдэл” Үйлдвэрчний эвлэлтэй хамтран ажилласаар байгаа болно.

 

Эрдэнэс-Таван Толгой” ХК

2016.01.26

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна