Египет хамгаалалтаа чангатгалаа

2016 оны 1 сарын 26

 

“Арабын хавар” хувьсгалын таван жилийн ойг угтаж Египетийн засгийн газар хамгаалалтаа чангатгажээ. Арабын ертөнцийг донсолгосон хувьсгалаар Египетийн дарангуйлагч Хосни Мубаракийг суудлаас нь буулгасан юм. Хувьсгалын ойгоор үймээн самуун дэгдэхээс сэргийлэн Египетийн нийслэл Каир хотын Тахрир талбайд цагдаа, цэргийнхэн хамгаалалтад зогсчээ. Түүнчлэн ерөнхийлөгч Абдул Фаттах аль-Сисийн эсрэг жагсаал цуглаан төлөвлөсөн гэж сэжиглэсэн хүмүүсийг эрэн сурвалжлан 5000 айлд нэгжлэг явуулсан байна.

 

Хосни Мубаракийн дараа Египетийн анхны ардчилсан сонгуулиар сонгогдсон ерөнхийлөгч Мухаммед Мурсийг цэргийнхэн хүчээр суудлаас нь буулгаж, Абдул Фаттах аль-Сиси төрийн эрхийг авсан юм. Үүнээс хойш Египетийн засгийн газар Мухаммед Мурсийг дэмжсэн жагсаал цуглааныг хүчээр дарж, 40 мянган хүнийг баривчлан хориод байна. Мухаммед Мурсийн тэргүүлдэг “Мусульман ахан дүүс” хөдөлгөөнийхний бослого тэмцлийн улмаас 1000 гаруй хүн амь үрэгдсэн аж.

 

Хосни Мубарак Египетийн төрийн эрхийг 30 орчим жил барьсан боловч 2011 оны хоёрдугаар сард суудлаасаа зайлуулагджээ.

 

Б.АНХТУЯА

 

ЭХ СУРВАЛЖ: ВВС

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна