Шенгений бүсийг хоёр жилээр цуцална

2016 оны 1 сарын 26

 

Ойрхи-Дорнод болон Африкийн орноос ирэх дүрвэгч, цагаачдын урсгалыг хязгаарлаж чадахгүй бол Шенгений бүсийг хоёр жилээр цуцлахад хүрэхийг Европын холбоо мэдэгдлээ. Шенгений бүсийг цуцлах эсэх нь ирэх хэдэн долоо хоногт дүрвэгч, цагаачдын урсгалыг хэрхэн зохицуулахаас хамаарах болж байна. Европын холбооны дүрвэгсдийн асуудал хариуцсан сайд нарын Амстердам дахь хурлаар хилийн нээлттэй бүсийг удаан хугацаагаар цуцлах эсэхийг шийдэх аж.

 

Түүнчлэн дүрвэгсдийн Европ ирэх гол “орох хаалга” болсон Грек улсыг түр хугацаанд Шенгений бүсээс хасах саналыг Европын холбооны зарим сайд нар гаргажээ. Өнгөрсөн онд Туркээс Газар дундын тэнгисээр дамжин 40 мянган дүрвэгч Грек ирсэн байв.

 

Үүний зэрэгцээ зарим орнууд  дүрвэгсдийн урсгалаар дамжин ирэх исламын зэвсэгт дайчдаас сэрэмжлэн хилийн хяналтаа чангатгах арга хэмжээг хэдийн авч эхлээд буй юм. Германы канцлер Ангела Меркель “нээлттэй хаалганы” бодлогоор 800 мянган дүрвэгчийг хүлээж авахаар болсон нь Кёльн хотод гарсан гэмт хэргийн дараа шүүмжлэл, эсэргүүцэл дагуулаад байна. Кёльн хотноо охид эмэгтэйчүүдийг татаж чангаан, бэлгийн дарамт үзүүлсэн олон зуун хэрэг нэгхэн шөнийн дотор гарч, үүнд дүрвэгсдийг буруутгажээ. 

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна