Улсаа нураах улс төр

2016 оны 1 сарын 26

Арав хоногийн өмнө шинээр байгуулагдсан Бүртгэл статистикийнхан улсын төсвийн алдагдал өнгөрсөн онд нэг их наяд, 116 тэрбумд хүрч, шинэ оны босгон дээр чанаргүй зээлийн хэмжээ 824,9 тэрбумтай гарсныг зарлав.

Стастистикийн албархуу бөгөөд уйтгартай тоонуудыг тоож сонирхсон нь цөөн болохоос уг нь Г.Уянгын улс төрөөс илүү чухал асуудал юм шүү дээ. Дээрх хоёр тоо бол Монголын эдийн засагт хэрэг бишидсэнийг харуулах гол үзүүлэлтүүд. Манай эдийн засаг ерөнхийдөө тун муу байгааг л харуулсан тоонууд. Тоо худлаа хэлдэггүй гэдэг дээ.

МАН-ын бүлэг өчигдөр хуралдаж, Ч.Сайханбилэгийг огцруулах асуудлыг 100 хувь дэмжихээ илэрхийлэв. Угаасаа энэ асуудлыг хэлэлцээд байх шаардлагагүй анхнаасаа Г.Уянгад захиалсан улс төр  байсан юм чинь, АН-ынхан алиагаа алдаж байвал тэдэнд маш сайн.

Уянга нь МАН-аа, МАН нь Уянгаагаа ашиглаж, аль аль нь засгийг унагааж л байвал  чөтгөр, шуламтай нөхцөхөд бэлэн байна.

Улстөрчдийн хийдэг ажил улс төр мөн нь мөн. Гэхдээ чихэр хүртэл тун нь хэтрэхээр хор болдог шүү дээ. Үүнтэй адилхан Монголын улстөрчдийн улстөржилт нь хэтрэх тусмаа улс орноо хөлдөө чирж буйн хамгийн сүүлийн жишээ бол Засгийн газрын олон улсын зах зээлд гарахаар бэлтгэж байсан Мазаалай бондыг арилжаалах асуудал хойшлогдсон явдал. Уг нь 850 сая долларын бонд арилжиж, цус алдаж буй эдийн засагтаа шингэн хийх гэсэн зорилготой байв. Эдийн засаг сэргэхгүй бол Станд байг авч магадгүй нөхцөлд оржээ, манай улс.

Н.Алтанхуягийн хэлсэнчлэн Ардын намын баасыг Ардчилсан нам дөрвөн жил цэвэрлэлээ. Ардын намын авсан өр зээлийг төлөх гэж өнгөрсөн дөрвөн жил АН-ынхан байдгаараа л ажиллаа. Одоо Оюутолгойгоор шалтаг болгосон шалтгаан ч олж чадахгүй байгаа МАН-ын улс төр улсаа нураахаас өөрөөр өөрт нь ч хожил авчрахгүй юм.

Засгийн газрын тэргүүнийг огцруулах асуудал яригдаж байгаа нөхцөлд ямар тэнэг нь Монголын үнэт цаасыг худалдаж аваад “шатах” юм бэ?

Гэтэл нөгөө талд Монголын эдийн засагт маш их мөнгө хэрэгтэй байна. Доллар орж ирэх бүх сувгууд нь хаалттай, долларын хомсдол үүссэнээс ханшийг нь барих боломж ч бараг үлдсэнгүй. Доллар орж ирэхгүй байгаа нөхцөлд долларын ханшийг ямар мундаг ид шидтэн байлаа ч барих боломжгүй.

Н.Золжаргал доллар үйлдвэрлэж, Ч.Сайханбилэг доллар хэвлэж чадах биш. Ч.Сайханбилэгийн хийх ажил бол хууль эрх зүйн хүрээнд эдийн засгийг тогтворжуулах. Огцруулах үндэслэл болсон Оюутолгойн гэрээг МАН-ын үед зурсан. Хэрэв энэ гэрээ Монголд ашиггүй байсан гэвэл анхны Хөрөнгө оруулалтын гэрээг баталсан Ардын намынхан үүрэх ёстой. Ардчилсан намын хийсэн ажил бол явж байгаад замдаа гацсан галт тэргийг л буцаад хөдөлгөөнд оруулсан гэсэн үг.

Н.Алтанхуяг ил хэлж адлагдсан болохоос Ардын намын баасыг Ардчилсан нам дөрвөн жил цэвэрлэж яваа нь үнэн шүү дээ. Оюутолгой,Эрдэнэт, Чалькогоос зээлж идсэн 800 тэрбум төгрөг хаана байна. Мөнгийг нь идээд дуусчихсан, Ардын намын авсан өрийг төлөх гэж Ардчилсан намынхан нусаа хацартаа наах нь холгүй байна. Энд тэнд очоод мөнгө гуйгаад элдэв гуйлгачин, ядуугаараа дуудуудаад байгаа нь чухамдаа хэнээс болсон хэрэг вэ. Хэрэв МАН-ынхан 800 тэрбумыг тараагаад идчихээгүй бол, тэд гадаадын хөрөнгө оруулагчдын үргээсэн хуулийг батлаагүй бол, урт нэртэй хуулиар алтны үйлдвэрлэлийг гацаагаагүй бол шүү дээ.  Одоо Оюутолгойгоор шалтаг болгосон ч,  шалтгаан  олж чадахгүй байгаа МАН-ын улс төр улсаа нураахаас өөрөөр өөрт нь ч хожил авчрахгүй юм.

МАН-ын бүлэг зуун хувь Ч.Сайханбилэгийг огцруулахаар болсон гэвэл тус бүлгийн 26 гишүүн дээр Г.Уянга, Л.Цог, О.Баасанхүү гурвыг нэмбэл 29 кноп болж байна. Бие даагч хоёрыг тооцвол 31 болно. Харин эсрэгээрээ Ардчилсан намын бүлэг засгаа 100 хувь хамгаалж үлдэхээр болсон. Тэдэн дээр МАН-ын улс төрд шүүмжлэлтэй хандаж байгаа ИЗНН-ын хоёр, Ерөнхий сайдыг огцруулахгүй гэж өнгөрсөн долоо хоногт хуралдаад шийдчихсэн “Шударга ёс” эвслийг нэмбэл ямар ч байсан Ч.Сайханбилэгийг Ардын намынхан Г.Уянгатай, С.Ганбаатартай, О.Баасанхүүтэйгээ хамжаад ч сугалж чадах нь юу л бол. Өөрөөр хэлбэл, АН-ын засгийг нураах гэсэн МАН-ын улс төр тэр тэргүй уугиж ч чадахгүй унтрах нь тодорхой, эсрэгээрээ харин улсаа нураах л хар ажиллагаа болж байна.

Ч.Сайханбилэгийг огцруулах Ардын намын операци чухамдаа Ц.Нямдоржийн хэлснээр “шуламтай ч нөхцөх”-д бэлэн байгаагаа  л харуулсан хэрэг боллоо.

Чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлыг жагсаалтыг харахад ирэх пүрэв гаригт Ч.Сайханбилэгийн асуудлыг УИХ-аар хэлэлцэнэ. Ардчилсан намын бүлэг засгаа 100 хувь хамгаалж чадна гэсэн амлалтдаа хүрч чадвал Ардын намын улс төрөөс айгаад байх ч шаардлагагүй. МАН-ын бүлгийнхэн зуун хувь суугаад О.Баасанхүү, Г.Уянга, Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун, С.Ганбаатар нартай нийлээд ч АН-ыг ялж чадахгүй л болов уу. Засгаа огцруулах хэрэггүйг Ардын намынханд анхааруулаад байгаа нь АН-ынханд “хайртайдаа” биш засаглалын хямралыг хүсээгүйдээ тэр. Засаглалын хямралыг дагаад эдийн засгийн үзүүлэлтүүд дандаа унадаг нь бичигдээгүй хууль. Эдийн засаг унаад эхлэхээд улс орны үндэсний аюулгүй байдал ч асуудалтай болно гэсэн үг.

АН-ыг чадах гэсэн Ардын намын улс төр зөвхөн Монголоо л хорлоод өнгөрөх бололтой дог.

Ж.НЯМСҮРЭН

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна