Шагнал хийгээд цоорхой дээл

2016 оны 1 сарын 26

“Энгэрээ цоолсон гурван жанжин, бараа бологчдынхоо хамт өргөөний гадаа ирж буух нь сүртэй бахтай байлаа” гэж С.Удвал ахайтны “Их хувь заяа” романд гардаг. Энэ бахархалт сэтгэл зүй өнөөдөр хийгээд ойрын ирээдүйд ч ул болохгүй нь бололтой.

Сар шинэ болохтой зэрэгцээд “Саран ээж”, “Өрлөг эх”-ийн өргөмжлөл санал болгогсод нэмэгджээ.

“Ачлалт ээж”-ээр өргөмжлүүлэх үү, 700 мянган төгрөг өгчих” гэх санал өвлийн сүүл сарт, “Март-8” дөхөхтэй зэрэгцээд энд, тэндээс дуулдана. Ээжийгээ баярлуулах хүсэлд хөтлөгдсөн хүүхдийнх нь сэтгэхүйгээр нь хөрөнгөжих нь нэг талдаа буян, нөгөө талдаа бизнес. Харилцан таашаалтай үйлдэл.

Хүн төрөлхийн сайн сайханд дуртай. Тэр нь байхгүйгээ бий болгох, болгохгүй ч баатарлаг үйлст өргөмжлүүлэх далдын хүсэлтэй нь холбоотой. Монголчууд хамгийн хайртай хүнээ алдаршуулах, гавъяа шагналыг нь гайхуулах дуртай түмэн. Улс эх орныхоо төлөө оюун бодол, билиг ухаан, бие сэтгэлээ зориулсан гавъяатанг төр, засгаас үнэлдэг ч тэрхүү үнэлэмж, түүнийг дагасан үй олон хүчин зүйлс өнөөдөр асуудал болжээ. Бидний үнэлэмж ч цаг, үеэ дагаад өөрчлөгдөж байна. Хавтгайрсан шагнал эргээд түүний үнэ цэнийг үгүй хийж буй талаар халаглан ярих боллоо. Сонгууль дөхөхөөр намын шагналаас эхлээд, хөдөлмөрийн хүндэт медалийг эрхэм гишүүд, салбарын сайд нар баруун солгойгүй тараадаг болоод жишиг тогтлоо. Үүний хүчээр өрх, айл, хамаатан, салдангийнх нь саналыг “хайрцагладаг” болохоор үүнийг зогсооход үнэндээ бэрх. Шагналгүй үлдэгсдийн хоосон үлдсэн орон зай, эмзэг сэтгэхүйг ашиглан бүтэн энгэрийг нь цоолж, түүний төлөө хэд гурван төгрөг босгодог ТББ-ууд ч бий болжээ.

Хаа хаанаа энэ бүхнийг зөвшөөрч, хууль эрх зүйн орчноо сайжруулахгүй бол “Алтан гадас” гавъяаны амралтаа авсныг тодорхойлох тодорхойлолт болоод уджээ. Төрийн шагналын тодорхойлолт, үнэлэмж, чиг, баримжааг хэзээний өөрчлөх болсныг ч цаг үе харуулаад байх шиг. Энэ ч утгаараа Төрийн шагналын тухай хуулийн төслийг УИХ-д Ерөнхийлөгч өргөн бариад байгаа. Харин энэ талаар “News agency”-ийн явуулсан Төрийн шагналын тухай хуулийн төслийн дагуу Төрийн одон, медалийг өөрчлөх нь зөв үү?  гэсэн санал асуулгад 972 хүн оролцсон бөгөөд түүний 70 орчим хувь нь буюу 651 нь “Зөв. Орчин цагийн шаардлагад нийцүүлсэн байдлаар тодорхой болгох нь чухал” гэж хариулсан бол үлдсэн 321 нь “Буруу. Өмнөхөөрөө явахад буруудах зүйл алга” гэсэн саналыг гаргажээ. Өөрөөр хэлбэл санал асуулгад оролцсон гурван хүний хоёр нь өнөөгийн шагналын тогтолцоог өөрчлөх шаардлагатай гэж үзэж байна.

Өнөөдөр С.Удвал гуайн “Их хувь заяа” романаа бичсэн 1978 оныхоос шагналын үзэл баримтлал үндсэндээ өөрчлөгдсөнгүй. Түүх сөхвөл, Монгол улсад орчин цагийн төрийн дээд шагналын систем 1924 оны анхдугаар Үндсэн хуулийг баталсантай холбоотойгоор Улсын III Их Хурлаас 1926 онд "Бичгийн гавьяа" болон "Цэргийн гавьяа" одонг бий болгосноор эхэлсэн хэмээн үздэг юмсанж.

Энэ чиглэлийн эрх зүйн баримт бичиг ч цаг үеэ дагаа дөрвөнтэй өөрчлөгджээ. Энэ өөрчлөлтүүд 1936, 1941, 1963 болсон бөгөөд хамгийн сүүлд 1990 он өөрчлөгджээ. Цол хүртээх, одон медалиар шагнахтай холбоотой асуудлыг Монгол Улсын бус БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1990 оны 148 дугаар зарлигаар батлагдсан "БНМАУ-ын цол, одон, медалийн тухай дүрэм"-ээр зохицуулж байна. Үүнээс гадна “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1999 оны 71 дүгээр зарлигаар батлагдсан “Монгол Улсын цол хүртээх, одон, медалиар шагнах журам” зохицуулж байгаа бөгөөд  “Ардын” болон “Гавьяат” зэрэг цол, одон, медалиудыг тухайлан бий болгож байсан Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар батлагдсан 26 орчим дүрэм, журам хүчин төгөлдөр хэвээр үйлчилж байна” гэдгийг Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдээлж байна.          

Өнөөдөр Төрийн шагнал, одон медаль хүртээхэд хуучны коммунист сэтгэлгээний шалгуур байсаар байгаагийн тод жишээ нь "он удаан жил, идэвх зүтгэлтэй ажилласан", "хөдөлмөрийн тогтвортой амжилт гаргасан" гэсэн шалгуур. Өнөөдөр тогтвортой хөдөлмөрлөх, нэг газарт он удаан жил ажиллахаас илүү ашиг орлоготой, ажлын байрны нөхцөл байдлыг сайжруулахыг чухалчилдаг, тийм сэтгэлгүйгээр асуудалд ханддаг болсон. Тиймээс энэхүү шалгуурыг цаг үеэ мэдэрч, зохицсон байдлаар өөрчлөх нь чухал. Харин дээрх хуулийн төсөлд тодорхой салбар, үйл хэрэгт "гавьяа байгуулсан" тохиолдолд шагнадаг хүндэтгэлийн шагналын тогтолцоо уруу шилжих үзэл баримтлалыг мөрдлөг болгохоор тусгасан аж. Хууль санаачлагчид “Байгуулсан "гавьяа" нь Үндсэн хуульд заасан эрхэм зорилгыг биелүүлэхэд тодорхой түвшинд хувь нэмрээ оруулсан байх зарчмыг тусгасан” гэнэ.

Энэхүү хуулийн төслийн нэг давуу тал нь одон медаль, төрийн шагналд хугацаа, тоог нарийн тусгасан явдал. Ингэснээр сайд болоод орон нутгийн удирдлага, УИХ-ын гишүүд баруун, солгойгүй шагнал тарааж, түүгээрээ нэр хүндийг нь унагах явдал багасна.

Өнөөдөр “Алтан гадас”-гүй дарга, даргын аав, ээж үгүй гээд хэлчихвэл дэгсдүүлсэн болохгүй л болов уу? Хугацаа зааж, нарийн шалгуур тогтоосноор шагналд тодорхойлоход ч ахиц гарч, жинхэнэ шигшинэ гэсэн үг.

Нөгөөтэйгүүр шагналыг дагасан мөнгө, эдийн засгийн үр өгөөжтэй зохицуулалт хийж гэмээнэ өнөөгийн нийгэмд жинхэнэ утгаараа иргэдээ үнэлсэн хэрэг болно.

Ингэж гэмээнэ энгэр цоолохын учир утга тодорхой болох ёстой гэж мунхаглана. Бусдын тусын тулд гэхээсээ нийгэмд үр өгөөжтэй, он удаан жил ажилласан гэхээсээ богино хугацаанд өндөр бүтээмжтэй ажилласныг урамшуулж, шагнах нь нэн чухал. Суудлын бөглөөс бологсдыг шагнаж байна гэдэг нөгөө утгаараа хөгжлийг хойш татахыг дэмжсэнтэй агаар нэгэн гэж найдна. Тэгж байж энгэрээ цоолсон хүн сэтгэл бүтэн, амьдрал өөдрөг явна.

Л.НАРАНТӨГС


Шагналууд хэрхэн өөрчлөгдөх вэ?

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна