Ирэх зун 5.8 тэрбумаар ногоон байгууламж бий болгоно

2016 оны 1 сарын 26

Улаанбаатар хот сүүлийн гурван жилд нийт 15.2 тэрбум төгрөгийг төв гудамждаа цэцэг, мод тарихад зарцуулжээ. Ирэх зун ч 5.8 тэрбум төгрөг төсвөөсөө гаргаж,  төв гудамжаа цэцгээр гоёх буюу ногоон байгууламжийн ажилд зарцуулахаар хотынхон төлөвлөсөн байна. Анх 46 га талбайд цэцэг тарьж эхэлсэн ч, өнгөрсөн жилээс цэцэг тарих гудамжийг нэмэгдүүлж 95 га болгожээ. Энэ жилийн тухайд Монгол Улсад АСЕМ-ын дээд түвшний уулзалт болохтой холбогдуулан гаднын зочид ирэх, зорчих гудамжуудыг нэн түрүүнд сонгон ногоон байгууламжийг бий болгоно. Мөн гаднаас импортоор хотыг өнгө үзэмжтэй харагдуулах загварлаг, өнгө зүс сайтай модыг авчирч, суулгахаар болжээ.

Сүүлийн жилүүдэд ийнхүү Улаанбаатар хотын ногоон байгууламжид анхаарлаа хандуулж эхэлсэн нь сайшаалтай ч дэлхийн хотуудтай харьцуулахад хангалтгүй гэж Япон улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Шимизү Такэнори үзэж байна. Тэрбээр Улаанбаатар хот төлөвлөлтгүй, замбараагүй барилга байгууламжаа барьсан учир, хотын гудамжуудыг засч тохижуулах, ногоон байгууламжийг бий болгоход хүндрэлтэй байдаг. Иймээс цаашид маш нарийн төлөвлөгөөтэйгөөр хотоо хөгжүүлэх, бүтээн байгуулалтын ажлаа хийх ёстойг зөвлөлөө.

Хотын төв замыг дагасан ногоон байгууламж одоогоор Хайлааст, Улайс мод л байна. Дээрх мод зун ногоорохоороо үзэмжтэй харагддагаас бусад үед төдийлөн хотын үзэмжид өнгө нэмдэггүй. Иймээс зөвхөн цэцэг тарихаас гадна өнгө үзэмж, дизайн сайтай модыг суулгаж, арчилж тордох хэрэгтэй гэж Захирагчийн ажлын алба тооцжээ. Ингэхийн тулд мэргэжлийн хүмүүс шаардлагатай юм. Гэхдээ Захирагчийн албаныхан Японы талтай хамтран 2013 оноос “Ногоон Улаанбаатар” төслийг хэрэгжүүлж шаардлагатай мэргэжилтнийг Японы буцалтгүй тусламжийн хөрөнгөөр бэлтгэжээ. Нэгэнт Монголд хэрэгцээт ногоон байгууламжаа хариуцан ажиллах хүчнийг бэлтгэсэн учир Япончууд өнөөдөр дээрх төслөө зогсоож байна.

 Д.УЛАМБАЯР

Зураглаач Н.БАТМӨНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна