Монгол дуучид дэлхийд гарах зам нээгдлээ

2016 оны 1 сарын 26

Монголын орчин цагийн шилдэг поп дууг гадаад хэлээр, түүн дотроо англи хэлээр дуулан монгол угсаатан дунд төдийгүй олон улсад монгол дуу аялгууг түгээн дэлгэрүүлэх, монголын соёлын нөлөөллийг өргөжүүлэх зорилгоор Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрийн санаачилгаар “Монгол дуу - дэлхийд” анхдугаар уралдаан 4 шаттайгаар зохион байгуулагдаж байна. Уг уралдааны хамтран зохион байгуулагчаар МУ-ын Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Долгионы "Doly production”-ны баг ажиллаж байна.

Энэ талаар өнөөдөр БСШУЯ-аас хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө. Энэ үеэр БСШУ-ны сайд “Бид эдийн засгийн хүнд нөхцөлд байгаа.  Монголын эдийн засаг ойрхон ойрхон  хямраад байгаа нь  манай улс зөвхөн уул уурхайгаас хамаатай эдийн засагтай байгаагаас шалтгаалаад байна. Монголчуудын доллар олдог ганц суваг нь уул уурхай болоод байна. Хямралд өртдөггүй орон болоход эдийн засгийн олон зам шаардлагатай. Үүний нэг нь  соёлын үйлдвэрлэл юм. Энэхүү бэлэн дэд бүтцээ  зөвхөн дотоодын зах зээл дээр байлгаад байх биш дэлхийн зах зээл гаргах,  монголоо сурталчлах  боломжийг энэ уралдаан нээж өгч байна” гэлээ.

Уралдааныг энэ сарын 29-ний өдрөөс эхлэн 25-р суваг, UBS music, Star TV, VTV, Royal ТВ, 11 channel, “World”, SCH, Парламент зэрэг 10 телевизийн сувгаар нэгэн зэрэг цацагдах юм. 2015 оны 9 дүгээр сараас эхлэн  уралдааны урьдчилсан шатны болзлыг тараасан бөгөөд зохион байгуулах комиссын хаягаар давхардсан тоогоор  100-аад оролцогч дууны орчуулгын гүйцэтгэл болон дуулсан дуугаа ирүүлснээс  10 хүнийг шалгаруулж дараагийн шатанд тэнцүүлжээ.

Уралдааны финал буюу шувтаргад шалгарсан 10 оролцогч нь 4 шаталбараар өрсөлдөнө. Уралдааны үндсэн шүүгчээр гавьяат жүжигчин Б.Дашдондог, ая зохиогч  СТА Б.Ангирмаа,  дуучин К.Номинжин нар ажиллаж байна.  

Л.ХАЛИУ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна