Халуун тогоог хилээр оруулахыг хориглооч

2016 оны 1 сарын 26

Сэтгүүлч:
Улаанбаатар

Сүүлийн үед бараг бүх айл цахилгаанаар ажилладаг халуун тогоо хэрэглэдэг болсон. Тэгвэл энэхүү ахуйн хэрэглээний хэрэгсэл хүүхдүүдийг амьдаар нь зовоогч аймшигт “мангас” болоод байна гэхэд хэтийдэхгүй.

Хоногтоо зөвхөн нийслэлийн хэмжээнд энэхүү аймшигт “мангас”-аас болж түлэгдсэн 4-5 хүүхэд бүртгэгддэг гэдгийг албаныхан онцолж буй. Түүнчлэн сэхээнд хэвтэх, хүндрэх, цаашлаад амиа алдаж байгаа хүүхдүүдийн дийлэнх нь халуун тогооноос болж байна гэдгийг тус төвийн эмч нар онцолж байгаа юм.

Тухайлбал, өнгөрсөн ням гарагт л гэхэд ГССҮТ-ийн түлэнхийн тасагт халуун тогоотой хоолонд түлэгдсэн 1-3 настай дөрвөн хүүхэд ирсэн байна. Энэ мэтчилэн тус эмнэлэгт өдөрт 10-15 хүүхэд халуун тогоотой буцлам зүйлд түлэгдэн очдог тоон мэдээлэл байна. энэ таны сэтгэлийг зовоохгүй байна гэж үү.

 Хамгийн аймшигтай нь эдгээр түлэгдсэн хүүхдүүдийн 80 орчим хувь 1-5 насны бяцхан үрс байдаг нь харамсалтай. Мэдээж тэд бяцхан учир биеийнх  нь 40-өөс дээш хувийн түлэгдэг байна. Халуун тогоог ихэвчлэн гэр хорооллын иргэд ашигладаг бөгөөд тогооны залгуур нь маш богино тул олон залгуурт ойртуулж газарт байршуулан хоол цай хийдэг юм байна.

Тиймээс ч хөлд орох гэж тэмтчин яваа хүүхдүүд нь буцлам халуун хоол, цайнд түлэгддэг байх юм. Мэдээж биенийхээ 40-өөс дээш нь хувь нь хүүхдийн амь насанд хүрэх, маш том сорви үлддэг. Тиймээс хүүхэд томрохын хэрээр түлэнхийн сорви нь таталдаж, явж чадахаа болих, бичиж чадахгүй болох зэргээр маш олон хор уршиг илэрдэг байна.

 Халуун тогооны өөр нэг хар гай нь олон ч айлыг орох оронгүй болгож байгаа явдал. Учир нь Хятад улсаас оруулж ирдэг уг тогоо нь цахилгааны өндөр вольттой ч тэр хэрээр нь бүх товчлуурыг ашиглавал утас нь ачааллаа даахгүй шатах, мааслах нь илбэг. Ийнхүү маастай болсон цахилгаан тогоогоо иргэд хэрэглэсээр байдаг бөгөөд нэг л өдөр орох оронгүй болгодог гашуун түүх хөвөрсөөр байгаа юм.

Тиймээс бяцхан үрсийнхээ амь насаар, гэр оронгоороо дэнчин тавьж халуун тогоог хэрэглэхийн учир юун. Тэртээ тэргүй гэр хорооллын айлууд бүгд л гал түлдэг. Тиймээс эртнээс нааш гал дээрээ хоол цайгаа хийж хэрэглээд болоод ирсэн учир аймшигт халуун тогооноос татгалзмаар байна. Хүний хэрэглээ учир хориглох эрх байхгүй гэж хэлэх хүн гарч мэдэх. Тэгвэл хэрэглээг зохистой байлгах үүднээс шат дараатай ажил хийгээч. Эсвэл БНХАУ-аас халуун тогоог оруулж ирэхийг бүр мөсөн хоригло. Тэр тусмаа хямдхан, чанарын шаардлага хангахгүй эдгээр тогооноос болж ирээдүй үе маань тахир дутуу болох нь. Яг л БНХАУ-аас орж ирдэг мотоциклоос болж залуус маань үргүй болж, эсвэл гэмтэж бэртэж байгаа шиг.

Ж.ОТГОН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна