Монгол ёс заншилаа дээдэлцгээе

Хуучирсан мэдээ: 2016.01.26-нд нийтлэгдсэн

Монгол ёс заншилаа дээдэлцгээе

Монголчууд бид аж төрөх, айл гэрийн ёсны баялаг уламжлалтай. Хүүхдийн нэр өгөх, хүүхдийн угаалгын зан үйл, хүүхдийн даахь үргээх, удам залгуулах ухаан, найрын дэг ёс, шинэ гэрийн найр, хуримлах, насны ой тэмдэглэх, төл авахуулах, мал хөнгөлөх, ноос савах, эсгий хийх, ан агнуур зэрэг аж төрөх болоод айл гэрийн зан үйлийн гайхамшигтай ёс дэгтэй ард түмэн бид билээ.

Орчин үед дээрх биет бус соёлын өвүүд алдагдах, мартагдах нь олонтаа болж, уламжлалт зан үйлүүдийг гажуудуулах тохиолдол гарах болсон. 


МЭНДЛЭХ ЁСОН

Монголчуудын мэндлэх, хүндлэх ёс арвин баялаг уламжлалтай байдаг. Гаднаас ирсэн хүн гэрийн гадаа ирж, мориноосоо буухын өмнө:

– Нохой хорио! гэхэд нэгэн хүн нохой хорьж өгнө. Тэгэхэд нь унаанаасаа бууж, морио уяад (тушаад) зочин хэт хутгаа буулган гэрт орж:

– Сайн байцгаана уу? (хоёроос дээш хүн байвал) сайн байна уу та (ганц хүн байвал) гэж мэндэлнэ. Хэт хутгаа ийнхүү буулгадаг нь муу санаа өвөрлөж ирээгүй, аюулгүй гэдгийн тэмдэг болдог юм.

Гэрийн эзэн:

– Дээшээ сууна уу (морил) гэж зочныг хүндлэн суулгасны дараа тухайн үеийн байдлаас хамааран зочин:

– Сайн зусаж (намаржиж, өвөлжиж, хаваржиж) байн уу гэж мэндчилнэ. Гэрийн эзэд:

– Сайхаан, сайхан зусаж (намаржиж, өвөлжиж, хаваржиж) байнауу? гэж хариу мэндчилэн, хэрэг зориг хаа хүрнэ, хэт нутаг хаана билээ? гэх зэргээр байдлыг мэдэхээс гадна, цай идээ барьж хундэтгэн зочилно.

Хэрэв чанасан цай, хоол болж байхад зочин ирж тохиовол бэлгэ дэмбэрэлтэй явна гэж үздэг. Зочин хэрэг зориг, хэт нутгийнхаа талаар ярьж, улмаар нэр алдраа мэдэлцэж, хөөрөг, гаанс зөрүүлэн нутаг орны газрын гарц байдал, малын тэвээрэг, нүүдэл суудлын талаар ярилцдаг. Хэрэв зочин хол газраас яваа бол цай хоолоор дайлж, өнжиж, хоноод явах боломжийг гэрийн эзэд болгоодог заншилтай.

Хэрэв өмнө нь таньдаг хүнтэй ойрд уулзаагүй бол мөн дээрхийн адил мэндэлнэ. Зочин:

– Сонин сайхан юутай байна? гээд ажил, ахуйн холбоотой зүйлийг ярьцгаана. Дүү насны хүн ахмад хүнтэй эхлэн мэндчилж амрыг эрдэг ёстой. Малын бэлчээрт, эсвэл замд тааралдсан хүнтэй бол зөв талаараа зөрөх маягтай болж мэндчилнэ. Хэрэв яараагүй бол мориноосоо бууцгаан газар сууж мэндээ солилцохын хамт хөөрөг, ганс зөрүүлэн ахуй байдал, аж амьдралынхаа талаар хөөрөлдөж, нэг ёсондоо тодорхой мэдээлэл олж аваад явцгаадаг байна. Эсгий хийх, ноос савах, унага тамгалах болоод бусад зан үйл, ёслолын үеэр холбогдох бэлгэ дэмбэрлийн үгийг харилцан хэлэлцэж, ажил үйлсэд нь гар бие оролцон туслалцана.

НАЙРЫН ДЭГ ЁС

Монголчууд баяр наадам, хурим найрыг нарийн дэг журамтай хийх талаар олон зуун жилийн арвин баялаг уламжлалтай билээ. Манай ард түмэн ямар ч найрыг нарийн зохион байгуулалттайгаар хийж найр наадмын ёс журам сайн мэдэх хүнээр найрын ахлагч сонгон түүний зөвшөөрөлгүйгээр хоорондоо ярилцах, дураар гарч, орох, суудал сольж суух зэргийг хүртэл хатуу цээрлэн ямар дуу, ерөөлийг хэдийд дуулж, ерөөх, ямар зан үйлийг хэрхэн гүйцэтгэх тэргүүтнийг тогтсон ёс журмын дагуу үйлддэг уламжлалтай.

Аливаа найр ийнхүү нарийн дэг ёстой байдаг нь зочин гийчдийн наргиан цэнгээнийг боогдуулах бус харин ч аятай таатай нөхцөл боломжийг олгож буй хэрэг юм. Мөн найр хурим дээр олонд хандаж хэлэх үгийг энгийн ярианы байдлаар бус харин уран тансаг хэллэг бүхий шүлэг ерөөлөөр хэлэлцдэг нь гоо сайхны учир холбогдолтой ажээ.

үргэлжлэл: budda.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж