Ерөнхийлөгчид Унгар Улсын Ерөнхий сайд бараалхав

2016 оны 1 сарын 26

Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа Унгар Улсын Ерөнхий сайд Виктор Орбан өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхав.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүндэт зочныг өргөн бүрэлдэхүүнтэйгээр, хүйтний эрч чангарсан өдрүүдийг үл анзааран алс Европоос Монголд айлчлан ирсэнд талархаж буйгаа илэрхийллээ. 

Унгар Улсын Ерөнхий сайд Виктор Орбан Монголд ардчилал, хүний эрхийг хөгжүүлэх чиглэлд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хийсэн ажлыг өндрөөр үнэлж, хүндэтгэж явдгаа илэрхийлэн, Монгол Улс цэцэглэн хөгжиж буйд баяр хүргэлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч  Давосын эдийн засгийн чуулга уулзалтаас дөнгөж ирээд Унгарын төлөөлөгчдийг хүлээн авч буйд нь баяртай байгаагаа мөн хэлэв.  Ерөнхий сайд Виктор Орбан энэ удаагийн айлчлал нь Монгол, Унгар хоёр улсын харилцааг ирээдүйд илүү өндөр дээд түвшинд хүргэхэд чухал ач холбогдолтой болохыг тэмдэглэв. Улс төрийн харилцаанаас гадна ардын дипломат харилцааг ихэд үнэлдгээ бас илэрхийлж байсан юм. Ийм учраас Монголоос Унгарт сургах оюутны тоог нэмэгдүүлэхэд анхаардаг гэлээ. Бизнесийн хүрээнийхний харилцаа мөн чухал гэдгийг онцолж, өчигдөр болсон хоёр талын бизнесийнхний уулзалт дээр олон хүмүүс сайн харилцаа тогтоож амжсан гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв. “Хоёр талын харилцаа өнгөрсөн үеийнхээс их ялгаатай, ирээдүйд чиглэсэн, үр дүнтэй болно. Энэ чиглэлд хамтдаа хүчин чармайлт, шийдвэрүүд гаргах учиртай” гэдгийг Ерөнхий сайд Виктор Орбан онцолсон юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Унгарт суралцах монгол оюутны тоог нэмэх гэж буйд талархал илэрхийлж, хүнд хийж буй хөрөнгө оруулалт хамгийн чухал гэдгийг тэмдэглэлээ. Тэрээр цааш нь “Залуучууд өнөөдрийн бидний ярьж байгаа ажлуудыг ирээдүйд хэрэгжүүлнэ. Бизнесийнхэн олноор  ирж сайн түнштэй болоосой гэж хүсч байна. Улстөрчид бол ярина. Бизнесийнхэн бол бодитой ажил хийнэ. Худалдаа аж үйлдвэрийн танхимаар дамжуулж жилдээ нэг удаа бизнесийн өргөн хүрээтэй хамтарсан зөвлөгөөнийг хийж байх саналыг би дэвшүүлж байна. Улаанбаатар, Будапештэд ээлжилж хийж болно. Мөн Ерөнхий сайдын түвшинд ч юм уу, Унгар, Монголын  өндөр албаны хүмүүс жилд нэг удаа уулздаг байж болно” гэлээ. Эдгээр саналыг Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан дэмжин хүлээж авав.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Унгарын Ерөнхий сайдын айлчлалыг үнэхээр зоригтой, шийдмэг, чин сэтгэл гарган хийж буй айлчлал хэмээн үзэж байна гэсэн юм.

Ерөнхий сайд Виктор Орбан энэ оны долдугаар сард Монгол Улсад болох АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтад оролцохоо энэ үеэр илэрхийлэв.

ЭХ СУРВАЛЖ: WWW.PRESIDENT.MN

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна