Монгол, Унгарын Батлан хамгаалахын сайд нар уулзлаа

2016 оны 1 сарын 26

 

Унгар улсын Батлан хамгаалахын сайд Истван Симичско өнөөдөр Монгол Улсын Батлан хамгаалах яаманд ажиллаж Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Ц.Цолмонтой уулзаж, албан ёсны уулзалт ярилцлыг зохион байгууллаа.

 

Уулзалтын эхэнд Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон “Монгол, БНУУ нь уламжлалт найрсаг харилцаатай бөгөөд түүхийн ижил замыг туулж ирсэн орнууд юм. Унгар Улсын Засгийн газар Ази тив уруу чиглэсэн бодлогоо улам өргөжүүлэн идэвхжүүлж байгаа энэ цаг үед та бидний энэхүү уулзалт болж байгаагаас дүгнэхэд цаашид манай хоёр орны батлан хамгаалах салбарын харилцаа улам идэвхжин хөгжинө гэдэгт найдаж байна. Эрхэм сайд та Унгар Улсын Ерөнхий сайдын Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлалын бүрэлдэхүүнд багтаж Монгол Улсын Батлан хамгаалах яаманд зочлож байгаа нь үүний нотолгоо гэж үзэж байна.Бүгд Найрамдах Унгар Улсын Засгийн газар, мэргэжилтнүүд манай улсын хөгжил дэвшилд чухал хувь нэмэр оруулсан олон ажлыг хийж байсанд Монгол Улс үргэлж талархаж байдаг. Биокомбинат, Дарханы махны үйлдвэрийг барьж байгуулах, мөн ус сувгийн салбарт хамтран ажиллаж, Монгол Улсад 400 орчим худгийг гаргаж байсан. Манай хоёр орны ард түмэн нэг гарал үүсэлтэй хэмээн элэгсэг дотно ханддаг, энэ нь ч манай хоёр орны найрамдалт харилцаа, хамтын ажиллагаанд онцгой нөлөөлж байсан. Сүүлийн жилүүдэд Монгол Улсын эдийн засаг эрчимтэй хөгжиж байгаа ба энэхүү хөгжлийн үндсэн чиглэлүүд нь уул уурхай, ашигт малтмал болон хөдөө аж ахуйн салбар болж байна. Түүнчлэн хоёр орны батлан хамгаалах салбарын харилцааг эдийн засгийн хувьд ашигтай байхаар хамтран ажиллах боломжтой гэж бодож байна” гэсэн юм.

 

 

Мөн хоёр улсын Батлан хамгаалах яамд хооронд 2013 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр гарын үсэг зурсан “Батлан хамгаалах салбарт хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг” нь бидний хамтын ажиллагааны суурь үндсийг тавьж, цаашид хамтран ажиллах өргөн бололцоо нээж байгааг энд тэмдэглэн хэлэх ёстой. Энэ удаагийн та бидний уулзалт, хэлэлцээ ч гэсэн батлан хамгаалах салбар дахь харилцааг хөгжүүлэхэд тодорхой түлхэц үзүүлэх, шинэ хамтын ажиллагааны чиглэлүүд бий болгоно гэж үзэж байна гэдгийг талууд онцолж байв. Хоёр улсын Батлан хамгаалахын сайд нар Унгарын Худалдаа, аж үйлдвэрийн танхим болон Батлан хамгаалахын аж үйлдвэрийн нэгдлийн харъяа цэргийн техник, хэрэгсэл, тоног төхөөрөмж, хувцас хэрэглэл үйлдвэрлэгч компаниудтай хамтран ажиллах, Цэргийн эмнэлэг, эм хангамжийн чиглэлээр хамтран ажиллах, Цэргийн эмнэлгийн мэргэжилтэн сургаж, бэлтгэх, Унгарын Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдлийн харъяа Биологийн болон био-химийн лабораторитой хамтран ажиллах, Батлан хамгаалахын Их сургуулийн чиглэлээр Унгарын Цэргийн чиглэлийн Их сургуультай хамтран ажиллаж цэргийн сургалт, судалгаа, сургалтын материаллаг баазыг бэхжүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх зэрэг олон сэдвээр хамтран ажиллах талаар ярилцсан юм. Албан ёсны уулзалт ярилцлагад хоёр сайдын хамтаар БНУУ-ын талаас БНУУ-ын Батлан хамгаалахын сайдын ахлах зөвлөх, Монгол-Унгарын хамтын ажиллагааны хорооны дарга, Худалдаа аж үйлдвэрийн нэгдлийн дарга Шандар Холбок, БНУУ-аас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны Монгол Улсыг хавсран суугаа Батлан хамгаалахын атташе Тамаш Кишвари нар байсан бол Монгол Улсын талаас ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа, Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батсайхан, яамны СБТГ-ын дарга, хурандаа Г.Сайханбаяр, ГХАГ-ын дарга, бригадын генерал Ч.Сосорбарам, БХЗГ-ын дарга, дэд хурандаа Э.Бямбажав, ЗХЖШ-ын АУГ-ын дарга, бригадын генерал Д.Ганзориг, БХИС-ийн дэд захирал, хурандаа П.Жаргалан нар оролцов.

 

 

Уулзалтын талаар Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Ц.Цолмонгоос сэтгэгдлийг нь сонслоо.

 

"Манай хоёр улсын яам хооронд 2013 онд хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Өнөөдрийн уулзалтаар санамж бичгээс гадна нууцлалыг хамгаалах тухай хоёр талын хэлэлцээр байгуулж гарын үсэг зурах тухай ярилцлаа. Ер нь Цэрэг техникийн хамтын ажиллагааны зүйл нь нууцлалтай холбоотой учраас энэ гэрээгээ байгуулаагүй байхад нарийн харилцаа үүсдэггүй. Унгарын талын хүмүүс маань олон талын санал санаачлага хэлж байна лээ. Цаашдаа хоёр талаас тавьж буй саналуудаа нэгтгээд хамтарч ажиллах тухай ярилцлаа. Ялангуяа, хоёр улсын Батлан хамгаалах их сургуулиудыг шууд харилцуулж цэргийн боловсон хүчин нэмэгдүүлэх боломж байгааг онцолсон. Ингэхдээ Унгар улсад цэргийн суралцагч нарынхаа тоог нэмэгдүүлэх тухай ярилцлаа" гэсэн юм.