Бизнес эрхлэгчид улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж уриалга гаргаж байна

Хуучирсан мэдээ: 2016.01.26-нд нийтлэгдсэн

Бизнес эрхлэгчид улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж уриалга гаргаж байна

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫГ ДЭМЖИЖ МОНГОЛЫН БИЗНЕСИЙН ЗӨВЛӨЛӨӨС ГАРГАСАН МЭДЭГДЭЛ

Улсын Их Хурлын эрхэм гишүүдэд

2016 оны нэгдүгээр сарын 26-ны өдөр

2016 оны нэгдүгээр сарын 19-ний өдөр УИХ-ын нэр бүхий 19 гишүүн УИХ-ын даргад хаяглан албан ёсны захидал ирүүлж, Ерөнхий сайдыг огцруулахыг шаардсан байна. Энэхүү шаардлагатай холбогдуулан бизнес эрхлэгчид, тэдгээрийг төлөөлж Монголын Бизнесийн Зөвлөл (МБЗ)-өөс Засгийн газрын тогтвортой байдлыг дэмжиж дараах мэдэгдлийг хийж байна.

Юуны өмнө Ерөнхий сайдыг огцруулах шаардлагаа Оюу Толгойн “Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө”-нд гарын үсэг зурсантай холбогдуулан тайлбарлаж байгаад бид гүнээ харамсаж байна. Оюу Толгойн хөрөнгө оруулалтын гэрээг арав гаруй жилийн турш хэлэлцэж байж баталсан. Одоо бид гэрээг хэрэгжүүлж үр дүнгээ үзэх хэрэгтэй байна. Аж ахуй эрхлэгчдэд хөрөнгө оруулалт, бараа үйлчилгээ нийлүүлэгчдэд үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх боломж олгохуйц мега төслүүд, хүмүүст сайн цалин хөлстэй ажлын байр хэрэгтэй байна. Эдийн засаг сэргэвэл хүн бүхний ашиг сонирхолд нийцэх нь дамжиггүй.

Одоогийн Засгийн газар, Ерөнхий сайдын зүгээс хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрээ үргэлжлүүлэн хэрэгжүүлж ажиллахыг бизнес эрхлэгчид тууштай дэмжиж байна. Аж ахуй, бизнесийн үйл ажиллагаа цаашид өргөжин хөгжиж, хөрөнгө оруулагчид Монгол Улс руу дахин зүглэж, улс орны өсөлт хөгжлийг хурдасгахын төлөө төрийн зүгээс үр бүтээлтэй бөгөөд үндэслэлтэй бодлого хэрэгжүүлэх онцгой шаардлага байгааг бид хувийн хэвшлийнхэн болон дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдын нэрийн өмнөөс цохон тэмдэглэж байна. Дэлхий нийтээр, ялангуяа Европын Холбоо, хоёр хөршид эдийн засгийн өсөлт удааширч байгаа өнөө үед улс төрийн тогтвортой байдлыг хангаж, санхүү, эдийн засгийн байдал улам хүндрэхээс зайлсхийх арга хэмжээ авахыг УИХ-ын эрхэм гишүүдээс хичээнгүйлэн хүсэж байна.

Засгийн газар тогтвортой байж, залгамж чанарыг ил тодоор хадгалж, улс төрийн алхам улс оронд ямар нөлөө үзүүлж болохыг няхуур тооцож ажиллах ёстой талаар Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж хэлсэнтэй бид санал нэг байна. Улс төрийн аливаа буруу ажиллагаа ямар үр дагавар учруулж болохыг бид хөрөнгө оруулалтын талаас, улсын зээлжих зэрэглэлийн талаас болон ард олон түмэнд хэрхэн нөлөөлөх талаас нь сайтар тунгаах хэрэгтэй. Хөрөнгө оруулагчид цаашид ямар алхам хийх талаар шийдвэр гаргахаасаа өмнө улс төрийн нөхцөл цаашид хэрхэхийг ажиглан хүлээж байна.

Дэлхийн зах зээл дээр нөхцөл байдал савлагаатай байгаа хэдий ч Засгийн газраас гаргах АНУ-ын долларын бондын талаар хийж буй сурталчилгаанд хөрөнгө оруулагчид сонирхлоо хандуулж байна. 2012 онд 1,5 тэрбум ам. долларын Чингис бондыг гаргаснаас хойш санал болгож буй Засгийн газрын анхны бонд энэ байх юм. 2018 онд төлж эхлэх ам. долларын зээлийн өртөг одоогийн байдлаар хамгийн доод түвшинд хүрч, жилийн хүү нь 10,2 хувь байна. Бондыг анх гаргаснаас хойш жилийн хүү анх удаа 10 хувиас дээш гараад байгаа нь энэ юм. Хэрэв 500 сая орчим ам. долларын бондыг 10 хувийн хүүтэй гаргавал энэ нь 2012 онтой харьцуулахад 6 хувиар өндөр байх юм. Жилийн хүүгийн нийт зардал 30 сая ам. долларт хүрч улмаар төлбөр төлөх 5 жилийн хугацаанд 150 сая ам. доллар болох юм. Зах зээлийн хямралаас гадна улс төрийн тогтворгүй байдлаас болж дээрх зардлын тал хувь нь буй болжээ гэж тооцвол энэ нь Монгол Улсад илүүдэл 75 сая ам. долларын зардал буй болгох юм. Засгийн газрын зээл санхүүжилт олох өртөг зардал нэмэгдэхээс гадна хувийн хэвшлийнхэнд ч санхүүжилт олох зардал бас нэмэгдэнэ.

Тус улсын мөнгөн тэмдэгт, Засгийн газрын зээлийн өртөг, хүү ийнхүү дарамт, шахалтад байгаа өнөө үед бид Засгийн газрын гаргах гэж буй бондод онцгой анхаарал тавих хэрэгтэй байна. Улс төрөөс болж улсын зээлжих зэрэглэл буурч байх ёсгүй. Бид одоогоор хөрөнгө оруулалт хийх боломжгүй, улс төр, эдийн засгийн хувьд туйлын сул орчинд байгаа гэсэн үнэлэлт аваад байна. УИХ, Засгийн газрын зүгээс хувийн хэвшлийн өсөлт, хөгжлийг дэмжиж, тэднээс тус улсын эдийн засагт хувь нэмрээ оруулахад нь дэмжин ажиллах шаардлагатай байна. Хувийн хэвшлийнхэн Засгийн газраас санхүүжилт, тэтгэмж хүсээгүй харин аж ахуй, эдийн засгийн үйл ажиллагаагаа урьдчилан таамаглаж болохуйц, тогтвортой орчинд явуулахын тулд улс төрийн тогтвортой байдлыг л хүсэж байгаа. Монгол Улсын Засгийн газар, дотоодын банкууд, хувийн хэшлийнхэн болон хөрөнгө оруулагчдын зээл, санхүүжилт олох зардлыг бууруулахын төлөө бид хүч нийлүүлэн хамтран ажиллах шаардлагатай байна.

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН ЗӨВЛӨЛ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж