Нэг хүнд ногдох орлогыг 17500 ам.долларт хүргэнэ

2016 оны 1 сарын 26

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Үүнд Монгол Улсын 2030 он хүртэлх хөгжлийн төлөвийг тодорхойлсон юм. Үүнд 2030 онд нэг хүнд ногдох орлогоороо дунд орлоготой орнуудын тэргүүлэх эгнээнд хүрсэн, тогтвортой ардчилсан засаглалтай улс орон болно. Ингэхдээ нэг хүнд ногдох үндэсний нийт орлого 17500 ам.долларт хүрнэ. Эдийн засгийн дундаж өсөлт 2016-2030 онд дунджаар 6.6 хувиас доошгүй байна. Ядуурлын бүх төрлийг эцэс болгоно. Нийт хүн амын 80 хувь нь дундаж болон чинээлэг дундаж давхаргын ангилалд багтсан байна. Монгол хүний дундаж наслалтыг 78-д хүргэнэ гэж заажээ.

Урт удаан хугацааны бодлогыг боловсруулахдаа УИХ дахь Ардчилсан намын бүлэг, УИХ дахь МАН-ын бүлэг, УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгийн дарга нарыг оролцуулж, ажлын хэсгийг ахлуулан ажиллажээ. Онцлоход, уг бодлого нь сонгуульд аль ч нам эвсэл ялсан эсэхээс үл шалтгаалж тогтвортой хэрэгжиж байхаар зааж өгсөн байна.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: 2030 он хүртэлх хөгжлийн төсөөлөл оруулж ирж байгаад баярлаж байна. УИХ-аас өмнө нь олон сайхан стратеги баталдаг ч хэрэгжүүлж чаддаггүй эмгэнэлтэй. Эх үүсвэрээ шийддэггүй. Энэ зорилтыг хэрэгжүүлэхэд санхүүгийн ямар эх үүсвэр ашиглах вэ. Хоёрт, засаглалын чадавхи байна уу. Сүүлийн 24 жилд 13 удаагийн Засгийн газар солигдсон. Дунджаар авч үзвэл насжилт нь 1.3 жил байгаа. Ийм богино хугацаанд ажилладаг Засгийн газар яаж урт удаан хугацааны бодлого хэрэгжүүлэх вэ. Эрх мэдлийн хуваарилалт хөгжлөө тодорхойлсон биш тушаа болсон байдалтай байгаа. 2030 он хүрэхэд ямар засаглалын тогтолцоотой байх юм. Энийг тооцож үзсэн үү.

2030 он гэхэд хүнд ногдох орлогыг 17 мянган ам.долларт хүргэнэ гэж. Сайхан зорилт энэний төлөө чармайх ёстой. Яаж хүрэх вэ. Үе шат бүр дээр хийж байгаа төлөвлөлт хэр бодитой болж чадсан бэ. Том орнууд том мөрөөдөл тавьдаг. Энэ урт хугацааны бодлогод туссан зорилтууд монгол хүний мөрөөдөлд хүрсэн бодитой зорилтууд мөн үү. Мөрөөдөлгүй ард түмэнтэй орны хөгжил бүрхэг байдаг гэж үг бий. Тэгэхээр 2020, 2025, 2030 онд ямар байх вэ. цөөхөн хэдэн эдийн засгийн үзүүлэлт байна?

Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Хөгжлийг гурван үе шаттай тоооцсон. Урьдчилсан байдлаар тооцоод үзэхэд 35-40 их наяд төгрөг шаардлагатай. Эх үүсвэрийг дан ганц төсвөөс бүрдүүлэх боломжгүй, гадаад, дотоод хөрөнгө оруулалт, гадаадын зээл, тусламж гээд бүхий л эх үүсвэрийг ашиглана. Эдийн засгийн өсөлтийг 6 хувиар гаргасан нь дунджаар гаргасан үзүүлэлт. Тууштай хэрэгжүүлж чадвал дунд хугацаанаас цааш эдийн засгийн өсөлт 17 хувьд хүрэх боломжтой.  Тогтворгүй Засгийн газартай байж бодлогоо яаж хэрэгжүүлэх үү гэж асууж байна. Ойлголцоод явж чадсан үедээ маш том бүтээн байгуулалт хийж сайн сайхан зүйл бий болгож байсан юм билээ. Харамсалтай нь, 2012 оноос хойш Ардчилсан нам маань улс төржсөн. Төрийн бодлого тогтворгүй байх нь ард түмний амьдралд сөргөөр нөлөөлж байгаа. Ойлголцоод ажиллах ёстой. Бодлогын бичиг баримтад засч залруулах зүйл байгаа. нэмэх, хасах, сайжруулах зүйл оруулаад явах бололцоотой.  Өмнөх алдаанаасаа сургамж авсан бодлого.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан: Намууд сонгуулийн мөрийн хөтөлбөрөө хийхдээ энийг иш үндэс болгох нь зөв үү. Төсвийн алдагдлыг 2030 оноос алдагдалгүй болгож, хуримтлалын сан үүсгэнэ гэж. ДНБ-ийн өсөлтийг дунджаар 6.6 хувь гэж үзэж. Ямар аргачлалаар бодов. Хэр зөв тооцоолол бэ. Нэг хүнд ногдох орлого 17 мянган ам.доллар гэдэг хэр бодитой юм бэ?

Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн С.Бямбацогт: 2011 онд МАН-аас ард түмний хөгжлийн хөтөлбөр бодлогын баримт бичиг баталж байсан, 20 жилийн хугацаатай. Тухайн үед гадаад хөрөнгө оруулалт 4-5 тэрбум ам.долларт хүрсэн урам зоригтой үе байсан. Тооцоо хийхэд 2030 он гэхэд нэг хүнд ногдох ДНБ 30 мянган ам.долларт хүрэхээр гарч байсан. Урт хугацааны хөгжлийн бодлогод тусгасан эдийн засгийн тооцооллуудыг олон улсын аргачлалаар гаргасан.

Дундаж давхарын тухайд Үндэсний статистикийн хорооноос 2 жил тутамд айл өрхийн орлого зарлагын судалгааг гаргаж тайлагнадаг. Энэ судалгаанд үндэслэсэн.

УИХ-ын гишүүн С.Баярцогт: Хэрэгжүүлэх механизмтай холбоотой зүйлийг нь яаж тусгасан юм бэ. Үндсэн хуульд өөрчлөлт оруулахгүйгээр урт хугацааны бодлогоо хэрэгжүүлж чадах юм уу. Яам байгуулах уу, агентлаг байх юм уу, Шадар сайдын төвшинд байх юм уу. Тэгэхгүй бол нэг Засгийн газар яам байгуулаад, нэг нь агентлаг болгоод байвал яах юм бэ?

Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар: Хүрэх арга зам нь тухайн намуудын онол байх болов уу. Нам болгон адилгүй байна. Зүүний, барууны, төвийг сахисан гэдэг юм уу очих газраа тодорхойлох болов уу. Үндсэн хуулийн өөрчлөлт хэрэгтэй гэдгийг энэ бодлогын баримт бичиг харуулж байгаа. Ардчилсан намын бүлэг Үндсэн хуулийн өөрчлөлтийг 100 хувь дэмжиж байгаа.

Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Монгол Улсаа хөгжүүлье гэсэн чин хүсэлтэй байх юм бол хэрэгжүүлээд явах болцолоотой. Хэрэгжүүлэх процессыг нь өмнө нь баталдаггүй байсан, одоо бол процесстой болсон. Сайн ч бай, муу ч бай урт удаан хугацааны бодлоготой байх ёстой. Түүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө зорьдог байх ёстой. 2008-2012 онд МАН, АН хамтарч Засгийн газар байгуулаад олон амжилтад хүрсэн. Тийм болоохор бололцоотой гэж харж байгаа. Хэрэгжүүлэхийн тулд дагалдаж гарах тогтоол байгаа.

Болохгүй байгаа бүхнээ Үндсэн хууль руугаа чихээд байх шаардлаггүй. Энэ бичиг баримттай уялдуулаад Үндсэн хууль ярих шаардлагагүй.

Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Н.Батцэрэг: Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй. Гол нь сонгууль болоход 5-6 сар үлдчихсэн байгаа үед цаг хугацааны боломж нь байгаа бил үү эргэлзэж байгаа.

Санал хэлэх шатанд С.Баярцогт: Тогтоол баталж байгаа, дөрөвхөн заалттай. Ямар яам байх юм, ямар эрх мэдээлтэй байх юм, энийгээ зааж өгөхгүй бол хэрэгжихгүй. Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа 290 баримт бичиг бий. Эдгээрийг хүчингүй болгох хэрэгтэй. Шаардлагатай гэвэл салбар бүхэн баримттай болох ёстой. Тэгэхээр ийм маягаар тогтоолын төсөл, тогтоолын төслийн хавсралтаа өөрчилж батлах ёстой. Хүрэх үр дүнгийн үзүүлэлтийг гурав хуваах ёстой. Шалгуур 18 үзүүлэлтээ ч гурав хуваах ёстой.

ДНБ-ийн өсөлт 3.5 дахин их байгаа, тэгсэн хэрнээ хүний эрхийн индекс чинь доогуур байгаа. тоонуудаа хэр зөв тооцоолсон юм бол. Тэрэнд эргэлзэж байна. энэ дөрвөн жилдээ юун дээр анхаарах вэ, фокуслах вэ гэдэг чинь тодорхой болно. Энийгээ намын мөрийн хөтөлбөр болгох юм бол популизм үгүй болно. Ийм юмны төлөө бид явах ёстой.

УИХ-ын гишүүн С.Оюун: Зөв гэж бодож байгаа. Гэхдээ анхаарах асуудлаад байна. Нэгдүгээрт, хэлэлцүүлэг нэлээн сайн явуулахгүй бол хэдэн нам дарж байгаад хөгжлийн үзэл баримтлалыг баталчихлаа гэсэн шүүмжлэл гадуур явж байна. Чуулганы завсарлагаанаар хэлэлцүүлэг сайн өрнүүлж батлах юм бол процессын хувьд зөв.

Хоёрдугаарт, өвчлөлийн хамгийн том шалтаг агаарын бохирдол болж байна. Тэгэхээр энэ асуудлыг тусгах. Яаруу сандруу биш хаврын чуулганаар батлах.

Эцэст нь тогтоолын төслийг гишүүдийн 83.6 хувь нь дэмжсэнээр анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Г.ДАРЬ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна