&#34Их наадмыг ОУ-ын дүрмийн дагуу зохион байгуулна&#34

Хуучирсан мэдээ: 2016.01.26-нд нийтлэгдсэн

&#34Их наадмыг ОУ-ын дүрмийн дагуу зохион байгуулна&#34

Ж.Тунгалаг: Их наадмын тэмцээн, уралдааныг ОУ-ын дүрэм, журмын дагуу зохион байгуулна

Бүх ард түмний XIV наадам энэ оны нэгдүгээр сараас эхлээд байна. Энэ өдрүүдэд жудо, бокс, чөлөөт, шатрын тэмцээнүүд явагдаж байна. Тус наадам ирэх наймдугаар сарын 28-ныг хүртэл үргэлжлэх аж. Орон даяар өвлийн хоёр төрөл (цана, тэшүүр), зуны спортын 16 төрөл (буудлага бокс, байт харваа, жүдо  бөх чөлөөт бөх хүндийн өргөлт, ширээний теннис, хөнгөн атлетик, шатар,  волейболл, сагсан бөмбөг, дугуй /уулын дугуй/, таеквондо /олимпийн/, даам, аэробик, хөл бөмбөг)-өөр, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд спортын хоёр төрөл (пара жүдо бөх, пара хөнгөн атлетик)-өөр, нийт спортын 20 төрлөөр зохион байгуулагдана. Дөрвөн жилд нэг удаа зохиогддог учраас Монгол Улсын Бага олимп гэж нэрлэж болох юм.

Өнөөдөр дээрх 20 спортын төрлийг хариуцсан холбоодын Ерөнхий нарийн бичгийн дарга нартай ЭМСЯ-ны БТСХТ/Биеийн тамир спорт хөгжлийн төв/-ийн захирал П.Бат-Эрдэнэ хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Энэхүү гэрээнд гарын үсэг зурснаар дээрх  спортын 20 холбоонд тухайн төрлийнхөө тэмцээнийг зохион байгуулах үйл ажиллагааны зардал олгогдох аж. Ингэснээр спорт холбоодуудад тухайн төрлийнхөө тэмцээнийг өндөр ёс зүйтэй, хариуцлагатай зохион байгуулах үүрэг ногдож байгаа ажээ. Нөгөө талаар энэ жилдээ тухайн төрөлд улсын аваргын тэмцээн зохиогдохгүй бөгөөд их наадмаас тухайн төрлийнхөө аваргуудыг тодруулна.

Энэ талаар БТСХТ-ийн Биеийн тамир, спортын албаны дарга Ж.Тунгалагаас тодрууллаа.



-Их наадмыг зохион байгуулах хороо хурлаа хийж, наадамд оролцох спортын төрлийг сонгосон. Өнөөдөр дээрх холбоодтой хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурснаар талуудын хүлээх үүрэг юу байгаа вэ?

-Энэ удаагийн XIV наадмын хүрээнд спортын холбоодын үйл ажиллагааг дэмжих, бие даасан байдлыг хангах үүднээс энэ гэрээг хийж байгаа гэж ойлгож болно. Гэрээ байгуулагдсанаар тухайн холбоонд үйл ажиллагаа явуулах 3-4 сая төгрөгийн санхүүжилт олгож байна. Энд шүүгчийн болон, спорт зал талбайн мөнгө багтаж байгаа юм. XIV их наадмыг Спортын төв ордонд зохион байгуулахаас гадна Төв цэнгэлдэх хүрээлэн бусад газруудад зохион байгуулна. Тухайлбал, шатар Завхан аймагт, хүндийн өргөлт Сүхбаатар аймагт, даам Бадмаараг төвд гэх мэтээр явагдана. Мэдээжийн хэрэг бидний зүгээс их наадмыг амжилттай зохион байгуулахад шаардлагатай бүх талын дэмжлэгийг өгч, нэгдсэн удирдлага, арга зүйгээр ханган ажиллана.

-Энэ удаагийн их наадмаар спорт холбоодын эрх, үүргийг нэмэгдүүлсэнээрээ онцлог гэдгийг хэлж байгаа. Таны зүгээс XIV наадмаас юуг онцлох вэ?

-Монголын бүх ард түмний XIV их наадам маань өөрөө тамирчид, спортын холбоодуудын хувьд шинэ залуу үеэ гаргаж ирэх, ирээдүйн амжилтын замыг нээх өндөр ач холбогдолтой учраас төрөөс өндөр ач холбогдол өгч байна. Тухайлбал, тухайн спортоо олон нийтэд сурталчилж, олон хүүхэд залуусын их спортод татан оролцуулж, монголын тамирчдын залгамж халааг бэлтгэх гол үүрэгтэйн хувьд спортын холбоод маань тухайн төрлийн спортын тэмцээнийг Олон Улсад явуулдаг журам, дүрмийн дагуу зохион байгуулна. Энэ эрхийг спортын холбоодод өгсөн. Энэ нь өөрөө манай спортын хөгжилд хувь нэмрээ оруулах нь дамжиггүй.

XIV их наадмыг зохион байгуулах хорооны даргаар ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа томилогдсон. Үүний зэрэгцээ зохион байгуулах хороонд их наадамд дээрх  спортын 20 холбоодын Нарийн бичгийн дарга нар орсон байгаа. Холбоодууд өөрсдөө бие даан анхан шатны тэмцээн, уралдааныг зохион байгуулаад, эндээсээ шууд их наадамд оролцохоор төлөвлөгдсөн. 

Наадам маань бүх ард түмнийх учраас үндэсний хэмжээнд, нийт хүн амын 70-аас доошгүй хувьд хөгжиж, дэлгэрсэн спортын 20 төрлийг сонгож оруулсан. Нөгөө талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Биеийн тамир, спортын хуулийн хүрээнд багийн, өвлийн болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дундах спортыг тус тус дэмжих нь зүйтэй гэдэг үүднээс сонголтыг хийсэн байгаа.

Бас нэг онцлог нь наадамд оролцох тамирчдын хувьд аймаг дүүрэг байгууллага, клуб, оюутан, залуучуудын холбооны нэрийн өмнөөс оролцох бүрэн бололцоотой.  Урьдчилсан тоогоор 5300 гаруй тамирчин оролцохоор бүртгүүлсэн байна.

-Шагналын хувьд ямар байгаа вэ?


-Засгийн газрын тогтоол, Биеийн тамир спортын хуульд тус тус заасны дагуу нэгдүгээр байр 1.5 сая, хоёрдугаар байр нэг сая, гуравдугаар байр 500 мянган төгрөг байхаар, багийн спортын үндсэн тамирчид маань мөн 1.5 сая төгрөг байхаар тусгасан. Мөн Засгийн газрын шагналтай. Наадмаас 10 шилдэг спортын холбоодыг шалгаруулна.

-Албан ёсны нээлт болон хаалт хэзээ болохоор товлогдсон бэ?

-Бид албан ёсны нээлтийг гуравдугаар сарын 6-нд хийнэ. Ингээд наймдугаар сарын 28-нд хаалтын ажиллагаа болохоор төлөвлөгдсөн. Энэ үеэр олимпийн медальтнууд төрөн гарчихсан, Бүх ард түмний XIV наадмын маань шилдгүүд тодорчихсон байх учраас монголчуудын хувьд спортын олон олон амжилтыг тэмдэглэх мөч байна гэдэгт эргэлзэхгүй байна. Наадмын дэлгэрэнгүй, албан ёсны мэдээллийг олон нийтэд хүргэх үүднээс хэвлэлийн бага хурал зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Хурлын товыг цаг тухайд нь зарлах болно.

ЭХ СУРВАЛЖ: www.mminfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж