Японы Засгийн газар, Азийн хөгжлийн банк дэмжлэг үзүүлэхээр боллоо

Хуучирсан мэдээ: 2016.01.26-нд нийтлэгдсэн

Японы Засгийн газар, Азийн хөгжлийн банк дэмжлэг үзүүлэхээр боллоо

Төлбөрийн чадварт нийцсэн орон сууц төслийн бэлтгэл ажлыг хангахад Японы Засгийн газар, Азийн хөгжлийн банк дэмжлэг үзүүлэхээр боллоо

Азийн хөгжлийн банк, Монгол Улсын Засгийн газар өнөөдөр 7 сая доллар өртөгтэй буцалтгүй тусламжийн 3 төслийн гэрээнд гарын үсэг зурлаа. Эдгээр нь Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын байгаль орчин ба иргэдийн амьжиргааг сайжруулах, Монголын алслагдсан баруун бүсэд сургуулийн дотуур байрны нөхцөл сайжруулах, Улаанбаатар хотод төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны төслийн бэлтгэл ажлыг хангах техник туслалцааны төсөл юм.

Улаанбаатар хотод төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны төслийн бэлтгэл ажлыг хангах техник туслалцааны төслийн гэрээнд  нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалт хариуцсан орлогч С.Очирбат, Сангийн яамны Хөгжлийн санхүүжилт, өрийн удирдлагын газрын дарга Б.Гантулга, Азийн хөгжлийн банкны Монгол Улсыг хариуцсан захирал Роберт Шоелхаммер нар гарын үсэг зурлаа.

Дээрх төслүүдийг Азийн хөгжлийн банкаар дамжин Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн эх үүсвэртэй Ядуурлыг бууруулах японы сангаас санхүүжүүлэх бөгөөд Улаанбаатар хотод төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны төслийн бэлтгэл ажлыг хангах техник туслалцааны төсөлд нэг сая долларын санхүүжилт үзүүлнэ. Уг төсөл нь нийслэл хотын нэн тэргүүний тулгамдаж буй асуудал болох агаар, хөрсний бохирдлыг бууруулах, амьдрах орчныг сайжруулахад Улаанбаатар хотын захиргаанаас хэрэгжүүлж байгаа санаачилгыг дэмжин ажиллана.

Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат “Улаанбаатар хотод өнгөрсөн жил 22 мянга гаруй өрх орон сууцанд орсон. Судалгаагаар орон сууцанд орсон өрхийн дундаж орлого нэг сая төгрөг ба түүнээс дээш байгаа юм. Харин түүнээс доош орлоготой өрөхөд зориулсан орон сууцны бодлогыг бид хэрэгжүүлж эхлээд байна. Энэ нь төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны төсөл. Уг төслийн бэлтгэл ажлыг бүрэн хангахад шаардагдах санхүүжилтэд Японы Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк дэмжлэг үзүүлж буйд нийслэлийн удирдлагууд болон нийт иргэдийнхээ өмнөөс талархал илэрхийлье” гэж онцлон хэллээ.

Нийслэлийн гэр хорооллыг дахин төлөвлөж орон сууцжуулах гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл нь Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, УИХ-аар батлагдсан Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн хөтөлбө, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага баримт бичигт тусгагдсан урт хугацааны хөтөлбөр юм. Улаанбаатар хотод төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны төслийн бэлтгэл ажлыг хангах техник туслалцааны төслийг найман сарын хугацаанд хэрэгжүүлэх бөгөөд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Орон сууцны корпораци хариуцан ажиллана.

ЭХ СУРВАЛЖ: НИЙСЛЭЛИЙН ЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж