Андын амжилт, бидэнд сургамж

Хуучирсан мэдээ: 2016.01.26-нд нийтлэгдсэн

Андын амжилт, бидэнд сургамж

БНЭУ-ыг тунхагласны 66 жилийн ойд зориулав.

Энэтхэгийн ард түмэн үндэсний тусгаар тогтнолоо баталгаажуулж, Үндсэн хуулиа батлан Бүгд найрамдах улсаа тунхагласан өдрийг жил бүрийн нэгдүгээр сарын 26-нд ёслон тэмдэглэдэг. Британийн колоничлолыг 1947 онд халж, эрх чөлөөгөө олж авсан шинэ тулгар улс бүх нийтээр хэлэлцүүлсэн Үндсэн хуулийн төслийг 1950 оны 1 дүгээр сарын 26-нд баталж нэг жилийн дараагаас даган мөрдөх болсон юм. Энэ түүхэн өдөр БНЭУ-ын  цэрэг батлан хамгаалах хүчин чадлыг илтгэсэн арми, тэнгисийн болон агаарын хүчний сүрлэг жагсаал, мужуудын төлөөлөл оролцсон олон нийтийн баяр цэнгүүн Шинэ Дели хотын төвд зохион байгууллагддаг уламжлалтай.  

Эдүгээ бүс нутаг, олон улсын давцанд хүндтэй байр суурийг эзэлж, тогтвортой өсөн нэмэгдэж байгаа дэлхийн том эдийн засгийн нэгд тооцогддог БНЭУ-ын  эрчимтэй хөгжлийн түүчээ мэдээллийн технологийн салбарын үүсэл хөгжлийн талаар дор товч өгүүлсү.

Энэтхэгт 1998 оны тавдугаар сард явагдсан нийтийн сонгуулиар “Үндэсний ардчилсан эвсэл” засгийн эрхийг авсны дараахан ерөнхий сайд Атал Бихари Важпай  өөрийн орлогч бөгөөд тус улсын Төлөвлөгөөний комиссын дарга Ж.Сингхээр ахлуулан Мэдээллийн технологи, программ хангамжийн ажлын хэсгийг байгуулсан юм.

Дотооддоо бэлтгэгдсэн мэдээллийн технолгийн мэргэжилтнүүд, бизнес эрхлэгчдийн түрүүч нь хилийн чанадад  гарч ажиллаад өөрсдийн мэдлэг чадвар, дадлага туршлагаар гадаад зах зээлд танигдаж эхэлж байсан цаг тул Энэтхэгийн мэдээллийн технологийн салбар, программ хангамжийн компаниудын үйлчилгээ газар сайгүй яригддаг байсан үе. Тэдний цалингаасаа илүүчлэн хилийн чанадаас гуйвуулсан мөнгө ар гэрийн төдийгүй улсынхаа орлогыг нэмэгдүүлж, дараа үеийнхэнд ажлын байруудыг бий болгосон. Ерөнхий сайд энэ боломжийг олж харсан учир арван жилийн хугацаанд хэрэгжүүлэх, өөрөөр хэлбэл хэлбэл Энэтхэгийг мэдээллийн технологийн их гүрэн болгох төлөвлөгөө боловсруулахыг уг ажлын хэсэгт даалгасан аж.

Засгийн газрын Сангийн сайд мөн оны зургадугаар сарын 1-нд парламентад өргөн барьсан улсын төсвийн төсөлд анх удаа энэ талаар тодорхой зүйл заалтууд туссаны дотор мэдээллийн технологийн компаниудын хувьцааг гадаадад байршуулсан хөрөнгөтэй адил тооцох, татварын хөнгөлөлт олгох,  энэ салбарын хөгжлийг төрийн бодлогоор дэмжих, Программ хангамжийн Энэтхэгийн паркийг 10 жилийн хугацаанд татвараас чөлөөлөх зэрэг урьд үзэгдээгүй шинэлэг арга хэмжээнүүд байсныг мэдээллийн технологийн салбарт хошуулагч “Инфосис” компанийн Н.Мурути, “Уэпро” -ийн А.Соота, “Насском” -ийн  ерөнхийлөгч Д.Мехта, Андхра прадеш мужийн тэргүүн сайд Ч.Найду нар оролцсон мөнөөх Ажлын хэсгийн зөвлөмжид үндэслэсэн байлаа.

Хүчин чадавхиа өргөжүүлэхээр хэдэн жилийн өмнөөс чармайсан аж үйлдвэрийн салбар, ялангуяа боловсруулах үйлдвэрүүд банкны өндөр хүүтэй зээлийн дарамтаас салаагүй, Азийг хамарсан санхүүгийн хямрал арилаагүй, дэлхий даяар эдийн засаг  дорвитой өсөөгүй үед  1999-2000 оны зааг дээр Y2K-аас үүдсэн эрэлт нэмэгдсэн нь Энэтхэгийн шинэ тутам компаниудад таатай боломжийг нээсэн. Шинэ бүтээгдэхүүн худалдаж авах боломжийг олж харсан гадаадын хөрөнгө оруулагчид Энэтхэгийн мэдээллийн технологийн компаниудад дэмжлэг үзүүлсэн байна.

Шавар, тоосго хэрэглээд байшин барилга  барьж босгох мэтийн  үйлдвэрийн уламжлалт харилцааг зохицуулж ирсэн хууль, журмууд шинэ компаниудад тохирохгүй нь мэдэгдсэн. Тухайлбал гадаадад шинээр компани худалдан авах, хөрөнгө оруулах зөвшөөрөл хүссэн эрэлт  Энэтхэгийн Нөөцийн банк, Сангийн яаманд олон тоогоор очих болсон тул “Инфосис” компанийн санхүү эрхэлсэн захирал М.Пай Нөөцийн Банкны ерөнхийлөгч Б.Жалантай 1999-2000 онд уулзаж, 500 сая ам долларын гуйвуулга хийхэд амаргүй байсан тэр цагт түүний компани гадаадад 10 тэрбум ам долларын хөрөнгө худалдан авахыг хүсч байгааг хэлэхэд  Нөөцийн Банкны ерөнхийлөгч нь “Чи эндээс гараад Банглорт очно. Би бол Уттар прадеш, Бихар болон бусад мужийн талаар бодох хэрэгтэй байна” гэж хариулсан гэдэг.

Инфосис компанийн удирдлага Төв Банк, Сангийн яамандаа нөхцөл байдлыг ойлгуулж шинэ бодлого шаардлагатайг  уйгагүй тайлбарласаар ирсний үр дүнд Энэтхэгийн Нөөцийн Банк нь  гадаадад  компани худалдан авахад түүний үнийн дүнгээс 10 дахин илүү  чөлөөт валют шилжүүлэхийг зөвшөөрдөг болсон аж.

Мэдээллийн технологийн салбарын амжилт нэмэгдэхийн хэрээр орлогын татварыг хөнгөлөх, импортын татварыг бууруулах, шинжилгээ судалгааны ажлын зардлыг төсөвт ахиу хэмжээгээр суулгах зэргээр төрийн бодлого аажмаар шинэчлэгдэн, төвөг  чирэгдэл багатай болгоход Муртхи, Н.Ниликани, А.Премижи зэрэг энэ салбарын зүтгэлтнүүдийн оролцоо их байсныг өнөө үеийнхэн дурсч байна. А.Б.Важпайн засгийн газарт 2001-2003  онд Мэдээлэл, холбоо харилцааны технологийн сайдаар ажилласан мэдээллийн технологийн асар их боломжид үнэнхүү итгэдэг П.Махажан энэ салбарыг хөгжүүлсэнээр алдах зүйл үгүйг идэвхтэй сурталчилдаг байсан нь ч дэмжлэг үзүүлсэн аж.

Ерөнхий сайд А.Б.Важпай аливааг томоор хардаг, алсын хараатай удирдагчийн хувьд 2001 оны нэгдүгээр сард “Инфосис” компанид зочлохдоо мэдээллийн технолог бол мэдлэгт сууриласан эдийн засаг, олон сая ажлын байрыг шинээр бий болгоно. Энэ салбарын түүчээ болсон баялаг бүтээгчид шинэ үеийн залуусын урам зоригийг бадрааж, Энэтхэгийн програм хангамжийн үйлдвэрлэлийг дэлхий дахинд хүлээн зөвшөөрүүлсэн. Энэтхэгт ирээд Таж Махалыг үзэхийг хүсдэг байсан гадаадынхан одоо мэдээллийн технологийн нийслэл Банглорт очихгүйгээр сэтгэл ханадаггүй  болсныг онцлон тэмдэглэсэн байдаг. 

Улс төрд нөлөө бүхий үйлдвэрийн  нэгэн томхон эзэн  мэдээллийн технологийн цар хүрээг үйлдвэрийнхээ үнэд ч хүрэхгүй гэж ярьж байснаас үзэхэд аж үйлдвэрийн салбар мэдээллийн технологийг тийм ч уриалагхан хүлээж аваагүй юм билээ. Гэвч компанийн засаглал сайжирч, гадаадын хөрөнгө оруулалтыг татахын хэрээр мэдээллийн технологийн компаниудын нэр хүнд, байр суурь бэхжсэнээр боловсруулах үйлдвэрүүд үр ашгаа нэмэгдүүлэх,данс тооцогоо ил тод болгох, засаглалаа сайжруулахад  хүрсэн аж.

Мэдээллийн технологийн салбарт гараагаа эхэлж буй бизнес эрхлэгчдийг энэ салбарт 15 жил ажиллаж нэгэнт бэхжсэн компаниудын адил төрөөс дэмжиж  туслалцаа үзүүлж эхлэснээр, Энэтхэгийн мэдээллийн технологийн салбар одоо нэг жилд 160 тэрбум ам долларын үйлдвэрлэл явуулж, түүнээс 100  тэрбум ам долларын  бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд нийлүүлж, 4 сая шууд ажлын байр бий болгож байна. Өнгөрөгч онд 5 мянган гарааны компани бүртггэгдсэн нь нийтдээ 75 тэрбум ам долларын баялаг бүтээгээд байна. Энэ салбарт 10 жилийн алсын хараа бүхий төлөвлөгөөтэй ажилласан нь өдгөө гараагаа эхлэгчид дараагийн 10 жилд ямар амжилтад хүрсэн байх бол гэж бодоход хүргэнэ. Өнөөдрийн хэмжүүрээр баримжаалж тооцоход тэд ойрын 10 жилийн хугацаанд 500 тэрбум ам долларын үйлдвэрлэл явуулж, олон зуун ажлын байр бий болгохоос гадна дараа үеийнхнээ улам шинэ өндөрлөгт уриалан дуудах  нь дамжиггүй.

Монголчууд “Юугаар баян түүгээрээ дайлна” гэж ярьдаг. Энэтхэг улс Монгол улстай тогтоосон олон жилийн баялаг түүхтэй, найрсаг дотно харилцаагаа өндөр үнэлдэг учир манай улсын үндэсний чадавхийг бэхжүүлэхэд  дэмжих зорилгоор  оюутан залуусыг маань их дээд сургуулиуддаа  хүлээн авч  сургах, урт богино хугацаагаар мэргэжил дээшлүүлэхэд нийт 200 гаруй тэтгэлэг олгож байна. Энэ тэтгэлэгийг бүрэн бөгөөд үр ашигтай хэрэглэсэн тохиолдолд цаашид нэмэгдэх боломжтой юм.

Нөгөөтэйгүүр, өнгөрөгч онд Улаанбаатар хотноо Р.Гандийн нэрэмжит үйлдвэр сургалтын төвд 200  мянган долларын өртөг бүхий техник тогног төхөөрөмжүүд, Хавдар судлалын үндэсний төвд 2.5 тэрбум ам долларын өртөг бүхий туяа эмчилгээ Бабатрон тоног төхөөрөмжийг үнэ төлбөргүй бэлэглэсэн бөгөөд А.Б.Важпайн нэрэмжит холбоо мэдээллийн сургуулийн дэргэд Мэдээллийн технологийн аутсорсингийн төв байгуулахад тусалж, манай мэдээллийн технологи, цахим аюулгүй байдлын мэргэжилтнүүдийг хүлээн авч сургаж байгаа билээ.

Андын  баяр – бидний баяр, ололт амжилт нь ч бидэнд сургамж билээ.

ЭЛЧИН САЙД Г.ГАНБОЛД

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж