“Роснефть”-ийн 19,5 хувийг хувьчилна

2016 оны 1 сарын 27

ОХУ-ын эдийн засаг тун хүнд үедээ ороод байгаа гэдгийг Ерөнхий сайд Дмитрий Медведев саяхан хүлээн зөвшөөрсөн. 2016 оны төсвөө 10 хувиар танахаар болоод байгаа юм. Төсвийг танахдаа төрийн албан хаагч болон цэргийнхний цалинг бууруулах замаар шийдэх аж. Яам, агентлагууд ойрын үед 2016 оны зайлшгүй хэрэгжүүлэх ажлын жагсаалтыг гаргах үүрэг аваад байгаа тухай Францын La Tribune сонин бичжээ.

2015 оны жилийн эцсийн гүйцэтгэлээр ОХУ-ын төсвийн алдагдал ДНБ-ий 3,7 хувьд хүрээд байна. Гэхдээ энэ нь гадаадынхны гаргасан тооцоо. Харин ОХУ-ын Сангийн яам энэ тоог 2,6 хувь гэж мэдээлээд байгаа юм. Төсөв ийнхүү алдагдалтай байгаагийн хамгийн гол шалтгаан нь ОХУ-ын экспортын гол бүтээгдэхүүн болох газрын тосны дэлхийн зах зээлийн үнэ унасантай холбоотой. Хэрэв энэ 2016 онд төсвийн алдагдлыг ДНБ-ий гурван хувьд барьж чадахгүй бол Оросын эдийн засаг дампуурна гэж гадны ажиглагчид бичиж байна. Өнгөрсөн намраас оросуудын Сирид эхлүүлсэн цэргийн ажиллагаанд ОХУ өдөр тутам хэдэн сая ам.доллар төсвөөсөө зарлагадаж байгааг сонин онцолсон байна.

Энэ онд төсвөө зузаатгахын тулд ОХУ-ын Засгийн газар төрийн хэд хэдэн компанийг хувьчлахаар шийдсэний нэг “Роснефть” юм. “Роснефть”-ийн төрийн мэдлийн хувьцааны 19,5 хувийг хувьчлахаар төлөвлөж байна. ОХУ-ын Сангийн сайд Антон Силуанов энэ оны төсвийн орлогын нэг гол хэсэг нь төрийн мэдлийн компаниудын хувьчлал байх болно хэмээн оны өмнөхөн мэдэгдэж байсан. Өнгөрсөн 2015 онд ч мөн төрийн өмчит зарим компанийг хувьчилж, төсвөө төвөн тэрбум рублээр зузаатгасан билээ.

Гэхдээ Оросын төсөв арай улайх болоогүй. ОХУ-ын нөөцийн сан нь одоогоор 97 тэрбум еврогоор хэмжигдэж байгаа. Газрын тосны үнэ унасаар байгаа нь рублийн ханшийг унагаж, улмаар төсөвт дарамт учруулж байгаа юм. Оросын төсвийн орлогын тал хувийг газрын тос болон байгалийн хийн экспортоос орж ирдэг.

Бэлтгэсэн А.ШАРАВ

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна