“Галзуурчихсан Сократ”

2016 оны 1 сарын 27

NEWS агентлаг салбар салбарын мэргэжилтэн, шинжээчидтэй хамтран ажиллаж, тэдний дуу хоолойг хүргэдэг. Эдний нэг нь философийн ухааны доктор Б.Батчулуун юм. Бид энэ намар түүнтэй хамтран “Либертари булан” нээж нийт арав гаруй цувралыг хүргэсэн. Энэ удаа философийн ухааны доктор Б.Батчулуунтай хамтран дараагийн булан болох “Философийн булан”-г нээж байна. Энэ буланд философи гэж юу вэ, үүнийг хүмүүс хэрхэн ойлгодог вэ зэрэг сэдвийг хөндөнө. Долоо хоногийн Лхагва гариг бүр хүрэх “Философийн булан”-г та сонирхон уншаарай.


 

Философид хэрхэн суралцах вэ?

Амьдрал дээрээс харж байхад тэс өөр мэргэжлийн атлаа асуудалд хандаж буй арга барил, дадал зуршил нь яах аргагүй философич маягийн хүмүүс олон байдаг. Жаахан албархуу үгээр тодорхойлох юм бол “философи арга зүйгээр” асуудалд хандаад сурчихсан хүмүүс.

Тэгэхээр философид суралцах, философидож сурах ямар арга хамгийн үр дүнтэй вэ? Философид суралцах, философийг заах үндсэн арга бол философидох явдал. Сократоч маягийн философидолт нь философид суралцах хамгийн сайн арга болдог. Тодорхой утгаараа маргах, мэтгэлцэх маягийн арга л даа. Эсрэг талынхаа үндэслэгээг сонсож, ойлгож, хариу гаргаж сурах. Асуултыг нь анхааралтай сонсож, ойлгох. “Хүн хариултаараа биш асуултаараа танигддаг”. “Ухаалаг асуултанд хариулт нь өөрөө явж байдаг” гэж яриад байгаа шүү дээ.

Мөн сайн номтой ухамсартай харьцах явдал маш чухал. “Номтой ярилцана” гэж нэг юм байнаа. Философичдын бичсэн хүнд хэцүү өгүүлбэрийг дахин дахин харах, эргүүлэн унших, түүнд сөрөг зогсох болон дэмжсэн санааг өөр номон дээрээс олох, хүний гаргаж санааны гарцаагүй дутагдлыг зөв өнцгөөс ойлгож, түүний эсрэг үндэслэгээ гаргадаг байх гээд. Гэтэл тексттэй огт харилцаж сураагүй, текст уншаад огт ойлгодоггүй хүмүүс ч бас байдаг.    

Философийг танхимд диктовалах маягаар сургах гэдэг бол хамгийн муу сургалт. Платоны Академи, Аристотелийн Лицей зэрэг нь өнгөц харахад анги-танхимын сургалттай адил боловч өнөөгийн бидний ойлгодог анги-танхимын сургалт биш, харин маш амьд маргаан, хэлэлцүүлэг, мэтгэлцээн явагддаг газар байсан гэдэг.


Платонын Академид сургалт иймэрхүү байдалтай явагддаг байжээ

Аристотелийн байгуулсан Лицейн туурь


Философийг танхимд сургадаг өнөөдрийн арга схоластик философитой холбоотой юм (Схоластик гэдэг нь school буюу школьный гэсэн утгатай). Философи нь хэдийгээр эмпирик зүйлсээс чанад, трансцендент, софи, “мета”-физик, рефлектив шинжтэй боловч арай ч хэтэрхий гэмээр амьдралаас тасархай зүйл биш. Философийн түүхэнд тийм юм ярьдаг хэсэг үе, тиймэрхүү маягаар философиддог философичид байсан. Тэднийг “схоластик” (хоосон номчирхдог) хэмээн шүүмжилдэг. Шүүмжлэгчид “тэнгэрт байгаа философийг газарт буулгаж ирэх” тухай ярьдаг байв. Гэхдээ философи бол философи. Гудамжинд нарлаж суугаа хөгшдийн ярианаас арай “гаж” л даа.  

 

“Галзуурчихсан Сократ” буюу Диогэн маягийн хүмүүс

Философи хийгээд философичид “этгээд” шинжтэй байдаг нь зарим талаар үнэн. Тухайлбал, эс зөвшилцөл нь философийг тодорхойлдог үндсэн шинжийн нэг. Тэгвэл бусад бүх ухаан, танин мэдэхүй зөвшилцлийг шүтнэ. Ямар ч шинжлэх ухааны онол нь тухайн салбарынхан бүгд хүлээн зөвшөөрсөн зүйл байдаг. Шашин ч гэсэн. Нэг шашныг шүтэж буй хүмүүс тухайн шашны баримтлалын талаар нэг санаа бодолтой, номлолыг бүгд хүлээн зөвшөөрсөн байдаг. Тэгэхэд философийн ямар ч ухаалаг онол сургаалд сөрөг зогсох онол сургаал гэж байх бөгөөд үүнийхээ хүчээр тухайн сэдэв үеэс үед хэлцэгдэж, бидний үеийг хүртэл “амьд” байж ирдэг.  

“Нэг голын усанд хоёр удаа орж болохгүй.” Гераклитийн диалектик онол. Бүх юмс үзэгдэл эсрэг тэсрэг талуудаас тогтдог бөгөөд тэдгээрийн хооронд байнга зөрчил үүсдэг учраас байнга өөрчлөгдөж байдаг. Бүх юм урсаж байна. Ө.х. бүх юм байнга, зогсолтгүй өөрчлөгдөж байна. Хэн ч тухайн зүйлтэйгээ дахин тааралдах аргагүй. Өчигдрийн Батчулуун өнөөдрийн Батчулуун биш, маргааш гэхэд ч өнөөдрийнхөөсөө өөр Батчулуун болно. Бүх юмс, үзэгдэл ийм шинжтэй. Тэгэхээр “Нэг голын усанд хоёр удаа орж болохгүй.” (Гераклитийн сургаалыг туйлшруулагсад “Нэг голын усанд нэг удаа ч орж болохгүй” хэмээдэг байж.)

Гераклитийнхээр “Өгсөх уруудах хоёр нь нэг л зам байдаг шиг сайн, муу хоёр нь нэг л зүйл”. Энэ хэлц үгний утга нь сайн, муу хоёр адилхан гэдэгт биш, харин өгсөх замыг уруудах замгүйгээр төсөөлөх аргагүй шиг сайны тухай ойлголтыг муугийн тухай ойлголтгүйгээр ойлгох аргагүй гэсэн утга илэрхийлдэг.


  • “Бурхан гэдэг бол өдөр ба шөнө, өвөл ба зун, дайн ба энх, цатгалан ба өлсгөлөн.”

  • “Дайн бол бүхний эцэг.”

  • “Ертөнц гэдэг бол мөнхөд асагч гал.”           Гераклит


Эртний Грекийн философич Гераклит (ХТӨ 535?-475? он). Гераклит хүмүүсийг жаахан эргэцүүлчихвэл учрыг нь олчих юманд толгой нь эргэж байдаг хэмээн элэглэж, этгээд чамин үг-хэллэг ашиглан зохиолоо бичдэг байлаа. Тэрээр өөрийн төрсөн хот Эфесийн иргэдийн тэнэг мулгууг гайхаж “Та нар бүгд өөрсдийгөө дүүжлээд хотоо хүүхдүүдийнхээ мэдэлд үлдээвэл таарах хүмүүс” хэмээдэг байв. Мөн Иллиад, Одиссэйг зохиогч, бүхний шүтээн болсон их найрагч Гомерийг “ташуурдан хөөвөл таарах хүн байсан” гэж илтээр зарлана.

Гераклитийг дагалдагчид, ялангуяа стоикчууд түүнийг “оньсого шиг хүн” гэж тодорхойлдог байв. Тэрээр хүмүүсийг мэдэж дуулсан жаахан мэдлэгээрээ омгорхох хэрэггүй гээд “Томчууд бага насны хүүхдүүдийг тэнэг балчир гэдэг шиг бурхад хүмүүсийг гэнэн, сохор гэдэг” хэмээж байв. Түүний сургаал Платонд их нөлөөлсөн гэдэг. Бүр хожим Ницще түүнийг өндрөөр үнэлж байв.


Тэр үед Гераклит болон түүний сургаалыг баримтлагчдыг “урсагчид” хэмээн шоолдог хүмүүс байсан. Гол төлөөлөгч нь Парменид. Тэрээр бодит байдалд хөдөлгөөн, өөрчлөлт гэж байдаггүй, бодит байдал гэдэг бол нэгэн төрөл, хуваагдашгүй цул зүйл хэмээн үзэж байв. Ер нь Гераклит, Парменид хоёрыг Сократоос өмнөх үеийн философийн эсрэг тэсрэг хоёр туйл хэмээн үздэг.


“Бүх зүйл бол нэг л зүйл юм.”    Парменид


Парменид. Ойролцоогоор ХТӨ 510-440 онуудад амьдарч байсан, Элейн сургуулийг үндэслэгч. Пифагорын нөлөөг их авчээ. Байгалийн тухай, Үнэнд хүрэх зам гэх мэт бүтээлтэй, бүтээлээ ихэвчлэн шүлэг найраг маягаар туурвидаг байсан. Парменидийг өөрийн шавь Зенонын хамт Афинд очиж Сократтай уулзаж байсан хэмээн Платон бүтээлдээ бичсэн байдаг. Парменидийг дагалдаж явсан энэ Зенон бол нөгөө парадокс зохиодогоороо алдаршсан Элейн Зенон бөлөг өө. Түүний зохиосон “Хагасын”, “Гүйлтийн зам”, “Сум” зэрэг парадоксууд нь бүгд хөдөлгөөн, өөрчлөлт гэж байхгүй болохыг нотлоход чиглэгддэг.

 

 


“Хүн бол бүх зүйлийн хэмжүүр.” Протагорын хэлсэн энэ үгийг философи гадарладаг бүх хүн мэддэг. Гэхдээ жинхэнэ утгыг нь зарим нь мэддэг, зарим нь үл мэднэ. Энэ нь юу гэсэн үг болохыг тайлбарлая: Улаанбаатарт хавар болжээ. Энэ үед Монголын хамгийн хүйтэн нутаг болох Тосонцэнгэлээс ирсэн хүн “Улаанбаатарт дулаарчихжээ” гэв. Харин Монголын хамгийн халуун газар болох Ханбогдоос ирсэн хүн “Улаанбаатарт хүйтэн байна” гэнэ. Аль аль нь үнэн хэлж байна. “Хүн бүх зүйлийн хэмжүүр.”

“Хүн бол аливаа зүйлийн хэмжүүр”


Эртний Грекийн философич, хамгийн их алдаршсан софист Протагор (ХТӨ 490-420 он). Тэрээр хөлсөө төлсөн бүх хүнд хууль, уран илтгэх урлаг заадаг байв. Түүхэнд алдаршсан Афинын төрийн зүтгэлтэн Перикл түүнийг Тури хэмээх колони-хотынхоо Үндсэн хууль бичиж өгөхийг хүссэн байдаг. Бурхныг үл хүндэтгэсэн хэмээн буруутган Протагорын бүх бүтээлийг олны нүдний өмнө шатаасан тул бүтээлүүдээс нь тун бага үлджээ.

 

 

 


“Галзуурчихсан Сократ” буюу Синопын Диогэн.

Б.Рассэлийн Өрнийн мэргэн ухаан номон дахь зураглал. Бадар барьдаг аягаа барьж, бадарчны таягаа тулж, өөрийн ганц хань болох нохойгоо дагуулсан Диогэн.

Уранхай ноорхой хувцас өмсөж, торхонд амьдарч, туйлын энгийн, задгай амьдралын хэв маягтай байсан тул түүнийг “нохой шиг амьдардаг” хэмээсэн байдаг. Диогэн нийтийн зуршлыг үл тооно. Гудамжинд амьдран хаягдал зүйлээр хооллоно. Платон түүнийг хараад нэгэнтээ “Сократ галзуурсан бол ийм болох байсан” гэсэн гэдэг. Түүний үндэслэсэн киник буюу синик хэмээх философийн сургууль нь “нохой” гэсэн утгатай грек үгнээс гаралтай. Нэгэн удаа дэлхийг байлдан дагуулагч Аугаа хаан Александр түүн дээр ирж яаж туслах вэ хэмээн асуухад тэрээр “Та нарны гэрлийг халхлаад зогсчихлоо. Зайлаад зогсчихвол хамгийн их тус болно доо” гэжээ. Энэ үг Александрт асар их сэтгэгдэл төрүүлсэн тул тэр “Хэрэв би Александр байгаагүй бол Диогэн л байх байсан” гэдэг.

Диогэнээс аскетизм (хатамжлах ёс) нэвт харагддаг. Түүнийхээр “юу ч байхгүй хүнд бүх юм бий”. Тэрээр хүсэл гэж хэрэгжүүлэхэд ямар хялбар зүйл болохыг харуулахын тулд олны нүдэн гар хангалга хийсэн гэдэг яриа байдаг. Диогэн гэгээн цагаан өдрөөр асаачихсан дэнлүү барьж явдаг байсан бөгөөд үүнийгээ “Байгаагаараа байдаг, үнэнч, шударга хүн өнөөг хүртэл олдохгүй байна, тийм хүнийг эрэн хайж байна” хэмээн тайлбарладаг байжээ. Түүний амьдралын ийм хачирхалтай хэв маягийг радикал үзлээ олон түмэнд хүргэхийн тулд ийм цочирдом тактик хэрэглэдэг байсан хэмээн үзэгчид бий. Мөн зарим судлаачид Диогэнийн киникч сургаалыг “авах юм байвал авчихна, цэнгэх бололцоо байвал цэнгэчихнэ, дутагдлаа гээд гомдоллоод байдаггүй, хувь тавилангаа байгаагаар нь хардаг радикал үзэл” хэмээн үздэг. Товчхондоо, Диогэн бол “хэрэгцээгүй хэрэгцээнээс татгалзахын” үлгэрлэл болсон хүн юм.

Өөр дээр нь тусч буй нарны гэрлийг сүүдэрлэн зогссон Александр хаанд ихэд дурамжхан буй Диогэн. Тэр өөрийн орон гэр болох хогны торхонд тааваар хэвтэх аж.


“Оккамын заазуур.” Одоо хүмүүсийн сэтгэлгээнд их харагддаг дутагдал бол товчоор хүрэх дүгнэлтэнд их тойруу замаар юмуу эсвэл заавал амьдрал дээр бие махбодиороо мэдэрч байж хүрдэг явдал юм. Ийм байдлыг шүүмжилж, дүгнэлт хийх хамгийн рациональ замын талаар сургасан хүн бол дундад зууны сэтгэгч Уилъям Оккам болно.


Английн шашны зүтгэлтэн, философич Уилъям Оккам (1285-1347 он). Оксфордод суралцаж төгсөөд тэндээ багшилсан. Папыг харын хэрэгт эрх мэдэлтэй байх ёсгүй хэмээн үзэж байсан тул шашныхаа бүлгэмээс хөөгдсөн. Папаас зугатаж Баварын Мюнхэнд насыг элээжээ. Бэртран Рассэль түүнийг “Дундад зууны философийг шашны хүлээснээс гаргахад их хувь нэмэр оруулсан” хэмээн үнэлсэн байдаг.

 

 

 


Орчин үед ихээхэн хэрэгтэй зарчим гэсэн утгаар нь Оккамын санааг товч тайлбарлая. Оккамын зарчмаар, “Нэгээр болох юмыг яагаад хоёр гэж” хэмээнэ. Шаардлагагүй зүйлийг заазуурдах. “Багаар илэрхийлж болох зүйлийг ихээр илэрхийлэх шаардлагагүй”. “Хэмжигдэхүүнийг хэрэгцээнээс нь давуулах олшруулах ёсгүй” гэсэн математикийн зарчимтай адил. Сэтгэлгээний ямар ч сахилга батгүй (сэтгэлгээний соёлгүй), замбараагүй сэтгэдэг хүмүүс байдаг даа, маргагч тал нь ямар ч логиктой, үнэн зүйл ярилаа гэсэн хүлээн зөвшөөрдөггүй, улайран эсэргүүцэж, урдаас нь дуугаа өндөрсгөн ярьж ярьж эцэстээ нөгөө хүнийхээ хэлээд буй утгыг өөр үгээр хэлээд дуусдаг тийм хүмүүсийн сэтгэлгээг юуны түрүүн Оккамын заазуураар заазуурдах ёстой. Тэгэхээр бидний ярьдаг “сэтгэхүй хэмнэх зарчим”, “танах зарчмыг” томъёолсон хүн бол Оккам юм.

 

 


ХОЛБООТОЙ НИЙТЛЭЛҮҮД:

1. “Гахайнд л философи хэрэггүй” гэдэг сэн

2. Бурхан гэж байдаггүй

3. “Бурхан амьд, харин Ницще үхчихсэн”

4. Хүн хариултаараа биш асуултаараа танигддаг

5. Болхидуу сэтгэлгээг л үгээр илэрхийлж болдог

6. “Галзуурчихсан Сократ”

7. Философийн тухай философидолт

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна