“Эдийн засгийн коридор”-ын баримт бичгийг энэ хавар зурна

2016 оны 1 сарын 27

Монгол, Орос, Хятад гурван улс “Эдийн засгийн коридор” байгуулахаа олон улсад зарласан. Одоогоор хөтөлбөр боловсруулах шатандаа явж байгаа юм. Тэгвэл энэ ажил хэрхэн үргэлжилж байгаа талаар Гадаад хэргийн яамны Эдийн засгийн хамтын ажиллагааны газрын дарга Ё.Манлайбаяртай ярилцлаа.

-Гурван улсын “Эдийн засгийн коридор” байгуулах ажлын хэсгийнхэн өнгөрсөн сард Москвад уулзсан. Энэ уулзалтаар хөтөлбөр боловсруулах ажилд багагүй ахиц гарлаа хэмээн мэдээлсэн. Одоо ямар шатандаа явж байна вэ?

-2014 онд Монгол, Орос, Хятад гурван улсын төрийн тэргүүн анх удаа түүхэн уулзалт хийсэн. Энэ үеэр ярьсан гол асуудал нь эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх тухай байсан. Эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд хэрхэн ажиллах вэ гэдэг дээр гурван улсын Зам тээврийн сайд, дэд сайд, ажлын хэсгийнхний түвшинд хэд хэдэн удаагийн хэлэлцүүлэг хийсэн. Ингээд өнгөрсөн жил гурван улсын төрийн тэргүүн нарын хоёр дахь уулзалт болох үеэр эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхийн тулд “Эдийн засгийн коридор” байгуулахаар тогтсон. Хятадын Торгоны зам, Монголын Талын зам, ОХУ-ын Евро-Азийн эдийн засгийн холбоо гурвыг холбон “Эдийн засгийн коридор” байгуулахаар болсон. Улмаар гурван талаас ажлын хэсэг гаргаж, хөтөлбөр боловсруулж эхэлсэн.

Өнгөрөгч аравдугаар сард Хятадын талын ажлын хэсгийнхэнтэй, арванхоёрдугаар сард Оросын талтай уулзсан. Ингээд өнгөрөгч арванхоёрдугаар сарын 28-нд гурван талын ажлын хэсгийнхэн Москвад уулзаж, эдийн засгийн хөтөлбөрөө тохиролцсон. Хөтөлбөрийн хувьд хоёр хэсэгтэй байна. Нэгдүгээр хэсэгт ерөнхий зүйл, хоёрдугаар хэсэгт эхний ээлжид хэрэгжүүлэх төслийн жагсаалт багтсан. Гурван талын уулзалтаар хөтөлбөр дээр санал зөрүүтэй асуудлуудаа нэгмөр болгож, тохиролцсон.

-Тэгэхээр гурван талын санал бүрэн нэгтгэгдсэн гэж ойлгож болох уу?

-Тодорхой санал зөрүүтэй асуудлууд дээр тогтож ярилцсан. Гэхдээ дараагийн уулзалтаар эцэслэн тохирчих болов уу гэсэн найдлагатай байна. Ирэх хоёрдугаар сарын сүүлчээр Бээжин хотод дараагийн уулзалт болно. Хэрвээ энэ уулзалтаар саналаа тохирчихвол гуравдугаар сард дэд сайд нарын уулзалт болно. Энэ үеэр төслөө эцэслэн батална.

Манай зүгээс АСЕМ-ын үеэр гурван талт уулзалт хийгээд гарын үсэг зуръя гэсэн саналтай байгаа. Харин хоёр улсын зүгээс ирэх зургадугаар сард Ташкентад болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтын үеэр гарын үсэг зуръя гэсэн санал тавьсан.

-Монгол Улсын санал хоёр хөршийн алинтай нь илүү нийлж байгаа вэ?

-Оросын талтай санал ойрхон. Харин Хятадын талтай ярихдаа хоёр талын төсөл энд байх нь зохисгүй гэж үзсэн. Гурван талын төслөө ярья гэдэг дээр Хятадын талтай хэлэлцэж байна.

-Монголын талаас хөтөлбөрт тусгахаар анх тавьсан саналуудаа барьж байгаа юу, эсвэл тодорхой өөрчлөлт хийсэн үү?

-Хөтөлбөрийн ерөнхий хэсэгт “Эдийн засгийн коридор” байгуулах зорилго, зорилт, ач холбогдол, зарчим, аль салбарт хэрэгжүүлэх вэ гэдгийг багтаасан. Үүний араас таван шугам бүхий төслүүдээ оруулсан. Жишээ нь, Монголын талаас төмөр замын гурван коридор санал болгож байгаа. Одоо байгаа төвийн коридороос гадна Монголын баруун болон зүүн талаар Хятад, Оросыг холбосон төмөр замын коридор байгуулах санал гаргаж байна.

Замын-Үүдээс Алтанбулаг хүртэлх зам хоёр жилийн өмнө ашиглалтад орсон. Мөн баруун чиглэлд босоо замыг барьж байна. Энэ хоёр коридорт Орос, Хятад улсын хооронд тээвэрлэлт хийж, транзит тээврийг хөгжүүлье. Мөн зүүн чиглэлд Чойбалсангаас Бичигт хүртэл босоо зам байгуулахаар тусгасан. Ингээд төмөр замын гурав, авто замын гурван коридор санал болгож байна. Мөн иргэний нисэх, эрчим хүч, аялал жуулчлал, хөдөө аж ахуй гээд бүх чиглэлийн асуудлыг багтаасан.

-Монгол Улс энэ ажилд санаачлагчаар оролцож байгаа. Тэр ч үүднээс давуу эрх эдлэж, илүү санаачлага гаргаж байгаа юу?

-Монголын талаас Хөрөнгө оруулалт, төлөвлөлтийн төв байгуулъя гэсэн санаачилга гаргаж байгаа.

Одоогоор төслүүд маань зүүн төмөр зам, баруун төмөр зам гэх мэтчилэн санаачилгын түвшинд байна. Энэ санаачилгыг төсөл болгож хэрэгжүүлэхийн тулд эхний ээлжид техник эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/, зураг төсөл боловсруулна. Тэгвэл ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах санхүүжилтээ хаанаас гаргах вэ гэх асуудал бий. Энэ асуудалд Монголын талаас Хөрөнгө оруулалт, төлөвлөлтийн төв байгуулах санаачилга гаргаж байна. ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах санхүүжилтийг Хөрөнгө оруулалт, төлөвлөлтийн төвөөс гаргах замаар шийдвэрлэе гэж.

Гол нь цаасан дээр хий хоосон хөтөлбөр батлах биш. Хөтөлбөрөө хэрэгжүүлж, ажил хэрэг болгох механизмыг гаргаж өгөх үүднээс Хөрөнгө оруулалт, төлөвлөлтийн төв байгуулах санал гаргасан.

-Санхүүжилтийг хэрхэн шийдвэрлэж байгаа юм бэ?

-Гурван талын банк, санхүүгийн байгууллагаас гадна хоёр эх үүсвэртэй байхаар ярьж байна. Нэгдүгээрт, хувийн хэвшил, хоёрдугаарт, олон талт банк санхүүгийн байгууллага байх болов уу гэж харж байна. Нэн тэргүүнд Азийн дэд бүтэц, хөрөнгө оруулалтын банк орох байх. Учир нь, Азийн дэд бүтэц, хөрөнгө оруулалтын банкны санхүүжилт хийх үндсэн зорилготой нь нийцэж байгаа. Мөн Монгол, Орос, Хятад гурван улс энэ банкинд гишүүн учраас санхүүжилтийн асуудлаа тавина. Дээрээс нь Хятад, Орос хоёр улс БРИКС-ийн банкны гишүүн. Энэ мэтчилэн олон талт банк санхүүгийн байгууллагуудаас санхүүжүүлэх боломжтой гэж харж байна.

Б.ЗОЛЗАЯА

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна