Ажилгүйдэл нэмэгдсэнд хятадууд дургүйцэж байна

2016 оны 1 сарын 27

Хятадын эдийн засгийн хурд саарч байгаа нь ажилгүйдлийг нэмэгдүүлж байна. Олон хүн цалингаа авч чадахгүй, эсвэл ажилгүйчүүдийн эгнээнд шилжиж байна. Өнгөц харахад хол мэт харагдах нийгмийн дургүйцэл дэлбэрч магадгүй байна.

Өсөлтийн хурд ба Хятадын ДНБ-ий харьцангуй өөрчлөлт

Хятадын Sainty Marine гэх Хөх мөрний хөлөг онгоцны заводын өргөгч цамхагууд арванхоёрдугаар сараас хойш сул зогсч байна. Хүндрэлд орсон компани захиалга авахаа больжээ. Ажилчдаа зүгээр цомхотгоогүй ч цалинг нь өгөхөө болив. Нэг ажилчин өргөгч цамхаг дээр гарч, үсэрч үхнэ гэж сүрдүүлж, орон нутгийн захиргаа түүнд туслахыг амалсаны дараа бууж иржээ.

Бусад ажилчид арай аюулгүй эсэргүүцлийн аргыг сонгосон байна. Хятадад ажил хаях хориотой. Тиймээс тэд заводын хажуугийн хурдны замын хөдөлгөөнийг хаасан байлаа.

Sainty Marine үйлдвэрийн ажилчид ийнхүү эсэргүүцэж байгааг гайхах зүйлгүй. Хөлөг онгоцны компаниуд нь үйлдвэрлэлийн хэтэрсэн хүчин чадалтай байтал тээврийн хөлөг онгоцны эрэлт буурч байна. Захиалгаа дийлэхгүй хүчин чадлаа нэмж байсан хятад компаниуд өнөөдөр үйлдвэрээ зогсоож эхлэв.

Өргөжих үүднээс шинэ үйлдвэр худалдан авсан Sainty Marine дампуурах замдаа орсон гэхэд буруудахгүй. Зөвхөн хөлөг онгоцны үйлдвэрийн салбар биш, аж үйлдвэрлэлийн нийт салбар хүнд байдалд байна. Хонконгт байрладаг China Labour Bulletin ТББ-ын мэдээгээр 2015 онд Хятад даяар 2774 эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөсөн нь өмнөх 2014 оноос нь хоёр дахин их байжээ.

Саяхан Хятадын аж үйлдвэрийн төв Гуандун мужийн цагдаагийн газраас Үйлдвэрчний эвлэлийн дөрвөн идэвхтнийг баривчилжээ.

Хятадын хөрөнгийн зах зээлийн уналт, үндэсний мөнгөн тэмдэгтийн сулралыг нь дэлхий нийт анхааралтай ажиглаж байгаа ч, үнэндээ Хятадын Засгийн газрын хамгийн тулгамдсан асуудал нь ажилгүйдэл болоод байна.

Аж үйлдвэр, үйлчилгээний салбарын өсөлтийн эрчим

БНХАУ-ын Коммунист нам нь зах зээл болон хөрөнгө хөрөнгө оруулагчдыг үл тоомсорлосон байдлаар хандаж ирсэн юм. Ажилчид бол өөр хэрэг. Тэдний амьжиргааны төвшинг гучаад жилийн турш дээшлүүлсэн нь нэг намын засаглалаа зөвтгөх шалтгаан байсаар ирсэн билээ.

Албан ёсны статистикийг нь авч үзэх юм бол дампуурал хөдөлмөрийн зах зээлд нь төдийлөн нөлөөлөхгүй байгаа. Ажилгүйдэл өнгөрсөн оны нэгдүгээр сарын 5,1 хувиас есдүгээр сарын сүүлч хүртэл 5,2 хувь болон өссөн гэж Засгийн газрын тайланд нь өгүүлсэн байна.

Аж үйлдвэрийн салбарын ажилтнуудыг цомхотгож байна. Caixin төвийн мэдээгээр аж үйлдвэрийн салбарт ажил эрхлэлтийн индекс арванхоёрдугаар сард 47,3 пунктаар буурсан. Энэ индекс 50 хувиас доош орвол ажилгүйдэл нэмэгдэхийн дохио бөгөөд энэ индекс 26 дахь сардаа дараалан буурч байна.

Харин ажил эрхлэлтийн индекс үйлчилгээний салбарт өндөр байна. Caixin-ы арванхоёрдугаар сарын олон нийтийн асуулгаар энэ үзүүлэлт 51,3 пункт байжээ.

2015 оны эхний есөн сард үйлчилгээний салбарын өсөлтийн хурд нь жилийн дүнгээр 11,6% байсан бол аж үйлдвэрийн салбарынх дөнгөж 1,2 хувьтай байлаа.

Төв банкны мэдээгээр үйлчилгээний салбарын өсөлт дөнгөж нэг хувьтай байсан бол ДНБ 0,5 хувиар буурах байжээ. Санхүүгийн салбарт болон ресторанд ажлын байр олдсоор байна.

Гэхдээ хөлөг онгоцны үйлдвэр, уурхайд цалин авахгүй байгаа ажилчдыг бодвол үйлчилгээний салбарт залуу, боловсролтой хүмүүсийг авдаг. Үйлдвэрлэлийн салбараас ажилгүй болсон хүмүүст үйлчилгээний салбарт сайндаа л цэвэрлэгч, сав угаагчийн ажил олддог байна. Орон нутгийн засаг захиргаа ажилгүй болсон хүмүүсийг давтан сургаж байгаа ч тэдэнд өндөр цалин амлахгүй байгаа юм.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна