Путины нууц хөрөнгийг зарлав

2016 оны 1 сарын 27

АНУ-ын Сангийн яамнаас ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины нууц хөрөнгийг ил болгож, “авлигын бодит жишээ” хэмээн нийтэд зарлаад байна.

 

Роман Абрамович ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины хамт

 

Владимир Путиныг ерөнхийлөгч болсны дараа Английн ”Челси” клубын эзэн Роман Абрамович 25 сая фунт стерлингийн үнэтэй дарвуулт онгоц бэлэглэсэн гэнэ. Үүнийг Оросын төрийн өмчийн далайн тээврийн фирмийн “Совкомфлот”-ын дэд захирал асан Дмитрий Скарга баталжээ. “Ноён Абрамович ажилтнаараа дамжуулан “Олимпиа” дарвуулт онгоцыг Владимир Путинд өгсөн. Би 2002 оны гуравдугаар сарын сүүлээр Амстердамд тэр дарвуулт онгоцон дээр байсан юм. Тэр үед төлөөлөгч нь надад энэ дарвуулт онгоцны эзэн нь ноён Абрамович гэж хэлсэн” хэмээн Дмитрий Скарга ярьжээ. “Олимпиа” завины шатахууны зардал Оросын төрийн сангаас гардаг гэнэ. Роман Абрамовичийн өмгөөлөгч үүнийг нотолгоогүй гэсэн боловч ОХУ-ын ерөнхийлөгчид дарвуулт онгоц бэлэглэсэн гэдгийг тусгайлан үгүйсгээгүй байна. Харин Кремлийн төлөөлөгч Дмитрий Песков “худал зохиол” гэж үгүйсгэжээ.

 

Олимпиа завь

 

Роман Абрамочийн энэ бэлэг бол Путины асар их хөрөнгийн багахан хэсэг гэдгийг АНУ-ын Сангийн яамныхан баталж байна. Түүний нууц хөрөнгийн хэмжээ 28 тэрбум фунт стерлинг хүрсэн гэж байна. Гэтэл түүний албан ёсны сарын орлого нь ердөө 80 мянган фунт стерлинг аж. Оросын сөрөг хүчнийхний баталж буйгаар Владимир Путин 20 гаруй сууц эдлэн газар, 58 онгоц, нисдэг тэрэгтэй. Мөн түүнийг хувийн онгоцны ариун цэврийн өрөө нь л гэхэд алтаар тоноглосон 50 мянган фунт стерлингийн өртөгтэй аж. Үүгээр ч зогсохгүй Путин Хар тэнгисийн эрэгт 500 сая фунт стерлингийн харш, Оросын баруун хойд хэсэгт орших Валдай нуурын эрэгт 2300 акр сууцтай гэнэ. Владимир Путин улсын сангаас хувьдаа завшиж, гэр бүл танил талаа албан тушаал дэвшүүлдэг төдийгүй авлигач нэгэн гэжээ.

 

Александр Литвиненко

 

Үүний зэрэгцээ Их Британийн албаныхан ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиныг КГБ-ын экс тагнуулч Александр Литвиненког Лондонд хордуулах зөвшөөрлийг өгсөн хэмээн буруутгасан юм. Александр Литвенинког хордуулах болсон шалтгааныг ерөнхийлөгч Владимир Путины улс төрийн олон булхайг илчлэх гэж байсантай холбон тайлбарлажээ. Александр Литвенинко цианидаас хэд дахин хүчтэй Полони-210 хэмээх цацраг идэвхт бодист хордож нас барсан юм.

 

Б.АНХТУЯА

 

ЭХ СУРВАЛЖ: DAILYMAIL.CO.UK

.
 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна