Хаврын хатууд бэлэн үү?

2016 оны 1 сарын 27

Өвлийн улирлыг ес, есөн хоногоор түүчээлэн тоолдог монгол ёс бий. Түүгээр бол өнөөдөр таван ес эхэлж байна. “Тавьсан будаа хөлддөггүй таван ес” гэдэг дээ. Гэтэл энэ жил будаа бүү хэл дулаан хувцаслахгүй бол хүн нь өөрөө хөлдчих гээд тэвдүүлж байна.

Мал хорогдоод эхэлжээ

Хөдөө орон нутагт өвөлжилт сайнгүй байна. Улсын хэмжээнд 16 аймгийн 50 сум цагаан зудтай, 20 аймгийн 120 сум зудархуу байгааг салбарын яамнаас мэдэгдэж байгаа. Нийт нутгаар агаарын хэм хүйтэн, цас их байгаагаас малчид малаа бэлчээрт гаргаж амжихгүйд хүрсэн төдийгүй мал хорогдож эхэлснийг малчид хэлж байна. Өчигдөр хэвлэлүүдээр мэдээлснээр, Дундговь аймгийн Сайнцагаан сумын хөдөөгийн дөрвөн багийн нэг болох Үйзэн багт цас ихтэйн улмаас өвөлжилт хүндэрч, малчид сүүлийн 2-3 хоног малаа бэлчээж чадаагүй байна. Нэг наст мал, төлөг, шүдлэнгээ эрт тэжээж эхэлсэн боловч дарагдах, осгох, бээрэх зэргээр хорогдож эхэлжээ. Хүйтний эрч эрс нэмэгдэж байгаагаас малчид малаа бэлчээрт гаргалгүй өдрийн турш хаших болсон байна. Ийн өдрийн турш малаа хашиж тэжээл, өвсөөр тэжээж байгаа малчдын хувьд нөөцөлсөн жаахан өвс нь эрт дуусах, дахин өвс, тэжээл худалдаж авахад хүргэж буй гэнэ. Тиймээс зарим аймаг, сумын малчид өвс, тэжээлийг хямдаар, болж өгвөл зээлээр олгохыг хүсчээ.

Улсын хэмжээнд нийт сумын 40 хувьд өвөлжилтийн байдал хүндрэх эрсдэлтэй байгааг тооцон гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд тодотгол хийж, бэлэн байдлыг хангах үүргийг Засгийн газраас холбогдох яам тамгынханд даалгасан. Энэ өвөл отроор өвөлжих өрхийн тоо 2,2 мянга, малын тоо 1,5 сая толгойгоор нэмэгдэж байгаа гэнэ. Тиймээс отроор яваа малчдад өвс тэжээлийн тусламж үзүүлэх, малчдын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд ч анхаарах юм байна.

Бичин жил айсуй

Ирэх хоёрдугаар сарын 9-нд билгийн тооллын бичин жил айлчлан ирнэ. Бичин жилийн өвөл, хавар хатуу ширүүн байдаг гэсэн бичигдээгүй хууль үйлчилдэг. Хүн бүр л 1944, 1956, 1980 оны бичин жилийн зудны гашуун сургамжийг иш татан бичин жилд зуд нүүрлэдэг хэмээн өгүүлэх нь бий. Үүнийг батлах мэт 1944 оны бичин жилийн зуднаар 9,2 сая мал, 1956 оны зуднаар 2,2 сая, 1968 оны зуднаар 4,4 сая мал хорогдсон гэх гашуун тоо дурайж байна. Гэтэл зарим эх сурвалж энэ жилийн өвөл, хаврыг бичин жилд хамаатуулан ойлгож болохгүй хэмээн тайлбарласан байх юм. Тодруулбал, 2015-2016 он дамнасан өвөл нь бичин жилийнх бус хонь жилийнх. Билгийн тооллын XYII жарны гал БИЧ жил нь хоёрдугаар сарын 9-ний сар шинийн Цагаан сараас эхэлнэ. Бичин жилийн өвөл нь хойтонгийн хойтон аргын тооллын 2016 сүүлчээс 2017 оны хоёрдугаар сарын 27 хүртэл үргэлжилнэ хэмээн тайлбарлажээ.

Ямартай ч бичин жил тун удахгүй айлчлан ирнэ. Харин бид бичин жилд бэлэн үү, одооноос хатуурхаад эхэлсэн өвөл, хаврыг өнтэй давахуйц бэлтгэлээ базаасан уу гэсэн асуултад бүрэн итгэлтэй тийм гэж хариулах малчин ч цөөхөн байна. Жил жилийн хаварт хотоос очих тусламжид амташсан малчид бичин жилийн базааж амжаагүй нь харамсалтай.

Завхан голын эхээр -50 градус хүрч хүйтэрнэ

Ойрын өдрүүдэд хүйтний эрч буурахгүй гэдгийг цаг уурчид сануулсаар байгаа. Хүйтний эрч нэгдүгээр сарыг дуустал сулрахгүй, нутгийн төв хэсэг, зүүн зүгийн зарим нутгаар цас орж, говь тал, зүүн зүгийн зарим нутаг, Дарьганга, Дорнодын нутгаар явган шуурга шуурахыг анхаарууллаа. Улаанбаатар хотод л гэхэд нэгдүгээр сарыг дуустал өдөртөө дунджаар -20 орчим градус, шөнөдөө -28-30 градус хүйтэн байх юм. Нэгдүгээр сарын 28-наас хоёрдугаар сарын 1-нийг хүртэл төвийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Ихэнх хугацаанд говь талын нутгаар явган шуурга шуурах төлөв ажиглагджээ. Салхи энэ сарын 31-нд зарим газраар секундэд -12-14 метр хүрч ширүүснэ. Завхан голын эхээр шөнөдөө -45-50 градус, өдөртөө -35-40 градус, Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -41-46 градус, өдөртөө -27-32 градус, Хүрэн бэлчир, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын сав, Дарьгангын тал нутгаар шөнөдөө -33-38 градус, өдөртөө -21-26 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө -19-24 градус, өдөртөө -10-15 градус, бусад нутгаар шөнөдөө -26-31 градус, өдөртөө -16-21 градус хүйтэн байх гэнэ.

Д.ЦЭЭНЭ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна