“Авлигын галерей”-н мөрөөр ханджээ

2016 оны 1 сарын 27

Төмөр замд сэтгэлтэй, энэ улс орныхоо төлөө би эх оронч гэхээсээ илүү үйл хэргээрээ харуулахын хүсдэг зарим хүмүүст “News” агентлагийн бэлтгэн хүргэсэн “Авлигын галерей” нэвтрүүлэг хүрсэн бололтой. Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн дарга Л.Пүрэвбаатар энэ асуудлаар Ерөнхий сайдад ханджээ. Тэрбээр үр, ашиггүй, эсрэгээрээ сая саяар тооцогдох алдагдалд оруулж буй хөрөнгийг яаралтай арга хэмжээ авахыг Ерөнхий сайдаас хүссэн аж.

“Авлигын галерей” нэвтрүүлэгт улсын төсвөөс өчнөөн сая ам.доллар зарлагадан авчирсан төмөр замын зүтгүүр, техник хэрэгсэл одоо музейн үзмэр шиг болж, бас тэрхүү үзмэртээ Монгол Улс сар бүр 500 сая төгрөгийн хүүг төлж байгаа тухай өгүүлсэн. БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр 64 сая ам.доллараар авсан техник, хэрэгслээс зүтгүүр болон вагон МТЗ компанид данстай, харин зам засварын машин Зам тээврийн яамны данстай болж таараад байна. Сошиал ертөнцөд хамгийн идэвхтэй, хоббигоо сурталчилдагаараа алдартай М.Зоригт сайд энэ асуудалд анхаарлаа хандуулаасай. Яамныхаа брэнд болгосон дотор гэдсээр хуушуур хийдэг гуанзынхаа ажлыг өдөр бүр шалгадаг мөртлөө тэрхүү гуанзны 10 жилд ч олж чадахгүй мөнгийг нэг сард хүүд өгдөг, Монгол Улсыг алдагдалд оруулж буй төмөр замын техник хэрэгслийн талаар нарийн судалбал олон асуудал гарч ирэх юм.

Л.ХАЛИУ

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна