“Ямар ч тохиолдолд Засгийн газар унахгүй”

2016 оны 1 сарын 27

УИХ-ын 20 гишүүний өргөн барьсан Ерөнхий сайдыг огцруулах тухай тогтоолын төслийг УИХ дахь МАН-ын бүлэг болон бие даагчид дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Энэ асуудлаар АН-ын гишүүд ямар байр суурьтай байгааг тодрууллаа.

УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар

-МАН Засгийн газрыг огцруулах асуудлыг дэмжиж байгаагаа илэрхийллээ. Сөрөг хүчний байр суурь Засгийн газарт нөлөөлөх болов уу?

-МАН-ын шийдвэр өнгөрсөн Даваа гаригт гарсан. Тийм шийдвэр гарах нь тодорхой байсан. Г.Уянга гэдэг хүний нэр дээр ирсэн болохоос МАН ард нь байсан байна гэдэг нь өнгөрсөн даваа гаригт ил боллоо. АН-ын хувьд Засгийн газраа унагаахгүй байхын төлөө ажиллаж байгаа. Ямар ч тохиолдолд Засгийн газар унахгүй гэдэгт итгэлтэй байна.

-Сонгуулийн дүнг гараар тоолно хэмээн МАН-ынхан ажил хаясан. Тухайн үед АН ирцээ сайн бүрдүүлээд ажиллаад явах боломжтой байсанч тэгээгүй. Одоо Засгийн газрын асуудлаас болж МАН-ын гишүүд ажил хаявал АН-ын ирцээ бүрдүүлээд ажиллаж чадах уу?

-АН-ын 35 гишүүн боломжоороо хуралдаанд сууна. Ирцийг бүрэн хангана гэж болно. МАН-ын 26 гишүүн дээр нь “Шударга ёс” эвслийн гурван гишүүн, би даагчид нийлээд ч Засгийн газрыг унагааж чадахгүй.


УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзандан

-Энэ долоо хоногт Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэнэ. Ямар шийдвэр гарна гэж харж байна вэ?

-Засгийн газар огцрохгүй. Асуудлыг хэлэлцэнэ, гэхдээ огцрохгүй. Энэ бол тодорхой.

-Огцруулах саналтай нэлээд олон гишүүд байна. Тэд шийдвэрт нөлөөлж чадах болов уу?

-МАН бол сөрөг хүчин. Тэдний зорилго Засгийн эрхийг барьж байгаа намд хяналт тавьдаг байх ёстой. Гэтэл МАН огцруулах, эсэргүүцэх, хориглох, зогсоох ажил хийж байна. Манайд ийм сөрөг хүчин биш бүтээлч сөрөг хүчин хэрэгтэй. МАН сөрөг хүчний ажлаа зөв хийж чадахгүй байгаа. Би МАН-ыг сөрөг хүчний ажлаа зөв хийж сур гэж хэлмээр байна. Эрх баригч байхдаа ч монголыг буруу замруу удирдаж байсан. Одоо сөрөг хүчний байр суурин дээрээс ч монголын хөгжлийг зогсоох, гацаах ажлыг хийж байна. Болих хэрэгтэй. Битгий улс төр хий гэж тэр хүмүүст хэлмээр байна.

Т.ДАВААНЯМ

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна