Фрида Калогийн бүтээлийн үзэсгэлэн Орост анх удаа гарна

2016 оны 1 сарын 27

Мексикийн алдартай зураач эмэгтэй Фрида Калогийн уран зураг, чулуун бар зургууд, скетч цүнхнүүд, гэрэл зургийг Санкт-Петербургийн Фөберже музейд дэлгэх гэж байна.

Фрида Кало

“Фрида Кало. Уран зураг, зураасан зургийн Мексикийн цуглуулгаас” нэртэй үзэсгэлэн нь энэ өвлийн Оросын соёлын амьдралд томоохон үйл явдал болж байна. Зураач эмэгтэйн зургийг Мексикээс бараг гаргадаггүй бөгөөд Оросын соёл, түүхийн “Связь времен” сан удаан хугацаанд яриа хэлэлцээ хийсний дүнд алдартай зураачийн 34 бүтээлийг ОХУ-д авчрах зөвшөөрөл авчээ.

Эвдэрсэн багана, өөрийн хөрөг, 1944 он

Хоёрдугаар сарын 3-нд нээгдэх үзэсгэлэнд уран зураг, чулуун бар зургууд, скетч цүнхнүүд, дотнын хүмүүсийнх нь хувийн архивын гэрэл зургийг үзүүлнэ.

Генри Фордын эмнэлэг, 1932

Фаберже музейд үзэгчид зураач эмэгтэйн алдартай зургууд “Эвдэрсэн багана”, “Генри Фордын эмнэлэг, “Галзуурлын баг” зэргийн цуутай бүтээлүүдийг харна. Энэ зураачийн үзэсгэлэн анх удаагаа Орост нээгдэж байгаа юм.

Фрида Кало хөрөг зураачаар уран бүтээлийн замаа эхэлж төдөлгүй алдартай нэгэн болсон юм. Түүнээс өмнө мексик эмэгтэй ингэж дэлхийд алдаршиж байгаагүй билээ. Түүний бүтээлүүдэд нь бага байхад тохиолдсон гай зовлон гүн ул мөрөө үлдээсэн ба түүний нөхөр зураач Диего Риверо уран бүтээлд нь ихээхэн нөлөө үзүүлжээ.

Фрида 1925 онд машины осолд орсон бөгөөд энэ үйл явдал түүний амьдралд гүнзгий ул мөр үлдээсэн юм. Бараг нэг жил хэвтэрт байсан түүнд эцэг нь будаг бийр, хэвтээ байдлаас зурах тусгай самбар бэлтгэн өгч зураг зуруулж сургажээ. Түүний анхны бүтээл нь өөрийнх хөрөг байсан нь цаашдын уран бүтээлийнх нь чиглэл болсон юм.

ОХУ-д гарах үзэсгэлэнгийн зургуудыг Долорес Олмедогийн музей, Avril галерей ба Диего Риверогийн ач хүү Хуан Коронель Риверогийн хувийн цуглуулгаас бүрдүүлжээ. Үзэсгэлэн дөрөвдүгээр сарын 30 хүртэл ажиллах юм.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна