Стокгольм хотод дэлбэрэлт болжээ

2016 оны 1 сарын 27

 

Шведийн нийслэл Стокгольм хотын “Mood” худалдааны төвийн гадна өчигдөр орой /I.26/ дэлбэрэлт болсныг цагдаа нар мөрдөн шалгаж байна. Дэлбэрэлтийн улмаас худалдааны төвийн барилгын гадна тал гэмтэж, ойролцоо байсан автомашины цонхны шил хагарчээ. Одоогоор энэхүү дэлбэрэлтийн шалтгаан осол эсвэл террорист халдлага байсан нь тодорхойгүй байна. Гэхдээ цагдаа нар худалдааны төвийн ойролцоох туннелд тавьсан сэжигтэй автомашиныг шалгасан болохыг орон нутгийн хэвлэлд мэдээлжээ. Дэлбэрэлт болсон газарт тэсрэх бөмбөгийн шинжээчид болон үнэрч нохойтой цагдаа нар ажилласан байна.

 

“Mood” худалдааны төвийн эсрэг талд байрлах дэлгүүрийн ажилтан маш хүчтэй дэлбэрэлтийн чимээ сонссон хэмээн “Expressen” сонинд ярьсан байна. Дэлбэрэлтэд айж цочсон хүмүүс үймэлдэн гудамжид гүйлдэж байжээ.

 

 

Өмнө нь 2010 оны Зул сарын баярын өмнө Стокгольм хотын худалдааны гудамжид хоёр удаа тэсрэх бөмбөг дэлбэрсэн халдлага гарсан аж. Түүнчлэн өнгөрсөн арваннэгдүгээр сард Парист гарсан халдлагаас хойш Шведийн аюулгүй албад сонор сэрэмжээ дээшлүүлж, хамгаалалтаа нэмэгдүүлээд байгаа юм. Францын нийслэл Парис хотноо “Исламын улс” бүлэглэлийн гишүүд олон хүн цугласан газруудад халдлага үйлдэж 130 хүний амийг хөнөөсөн билээ.

 

Б.АНХТУЯА

 

ЭХ СУРВАЛЖ: RT NEWS

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна