“Хамтын хүч-нутгийн хөгжил” үндэсний чуулганд УИХ-ын дарга З.Энхболдын хэлсэн үг

2016 оны 1 сарын 27

“Хамтын хүч-Нутгийн хөгжил” үндэсний чуулганы оролцогч Та бүхэнд баяр хүргэж чуулганы ажиллагаанд амжилт хүсье.

Жил бүрийн чуулганд оролцдог уламжлалтай. Энэ удаа гурван сэдвийн хүрээнд ярих бөгөөд эхнийх нь нутгийн хөгжил бол улс орны хөгжлийн үндэс гэдэг санаа юм. Үндсэн хуульд Монгол Улсын нутаг дэвсгэрийг засаг захиргааны хувьд аймаг, нийслэлд, аймаг нь суманд, сум нь багт, нийслэл нь дүүрэгт, дүүрэг нь хороонд хуваагдана гэж заасан байдаг. Энэ бол аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны хөгжлөөс улс орны хөгжил шалтгаална гэсэн үг юм. Орон нутгийн хөгжлийг төрөөс бодлогоор дэмжиж орон нутгийн хөгжлийн санг төсвөөс санхүүжүүлж эхлээд 4 жил болж байна.

Хөгжил рүү тэмүүлэх, түүнд хүрэх, хүрсэн түвшнээ зохих байдлаар хадгалах нь урт хугацаатай бодлогын үр дүнд хэрэгжих учиртай. Монгол Улсын Их Хурал 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр анх удаа Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийг баталсан. Энэ хууль 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Энэ хуулиар “аймаг, нийслэл, сум, дүүргийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл”, “аймаг, нийслэлийг хөгжүүлэх хэтийн зорилт”, “бүсчилсэн хөгжлийн зорилт” зэрэг баримт бичгийг хуульчлан өгч, юунд үндэслэж хэн, хэзээ боловсруулж, батлахтай холбоотой харилцааг иж бүрэн зохицуулсан. Улс, орон нутаг, бүс нутгийн хөгжлийн бодлогын баримт бичгийг боловсруулах, батлах, төлөвлөх харилцааг хуулиар зохицуулж өгснөөр хөгжлийн бодлогын баримт бичиг харилцан уялдаатай, нэгдмэл цогц байх юм.  Монгол Улсын Их Хурлын чуулганы 2016 оны 01 дүгээр сарын 26-ны нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал /2016-2030 он/ батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг нь шийдвэрлэсэн. Монгол Улс хэдэн онд, ямар үр дүнд хүрсэн байх талаар тодорхой үзүүлэлттэй, зорилтуудыг тусгасан. Улс төрийн намууд үүнд захирагдан сонгуулийн мөрийн хөтөлбөрөө боловсруулдаг сахилга баттай болохоор хуульчлах юм. Энэ хоёр бичиг баримт бол зөвхөн Улсын Их Хурал биш, бүх түвшиндээ хүрэх зорилтоо тодорхойлж баталдаг, тухайн сонгуулиар ялсан нам тэр зорилтын хаана хүрснийг хэмжиж болохуйц маш тодорхой хууль гарахаар бэлтгэгдэж байна. Энэ хоёр хууль батлагдсаны дараа Үндсэн хуульд заасан засаг захиргааны нэгж болгон өөрийн зорилтоо дэвшүүлэх бололцоотой болох юм.

Нутгийн хөгжил чадварлаг удирдлагад тулгуурлж хөгжинө. Үүнтэй маргах хүн гарахгүй болов уу. Орон нутгийн сонгуулийн дараа олноороо солигдсон шинэ төлөөлөгчдийг үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор Улсын Их Хурал, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Швейцарийн хөгжлийн агентлаг хамтран “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь” төслийг Улсын Их Хурлын Тамгын газрын дэргэд 3 дахь жилдээ хэрэгжүүлж байна. Энэ төсөлд Та бүхний олонх нь оролцсон байгаа. Төслийн хүрээнд нутгийн удирдлагыг чадавхжуулах, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид чиг үүргээ хэрэгжүүлэхэд нь тулгарч буй асуудлаар хууль эрх зүй, онол, арга зүйн туслалцаа үзүүлэх, сургалтад хамруулах, цаашлаад Хурлын төлөөлөгчид, ажилтнуудын үйл ажиллагааг дэмжсэн сургалтын тогтолцоо, бүтцийг бүрдүүлэх зорилгоор төсөл сонгон шалгаруулж санхүүжилт олгох, мэдээлэл, сурталчилгаа хийх зэрэг ажлыг хийж байна. Энэ бол аймаг, нийслэл, сум, дүүргийн удирдлагыг чадавхжуулахад Улсын Их Хурлаас авч хэрэгжүүлж буй бодит арга хэмжээ юм.

Удирдлагаас гадна иргэдийн санаачилга, оролцоогүйгээр Та бидний зорьж буй ажил бүтэхгүй. Хөгжлийн бас нэгэн чухал хөдөлгүүр. Айл хотол, өрх гэр, иргэд өөрсдөө санаачилгаа өрнүүлж, дундаасаа хуримтлал үүсгэн, хамтын хүчээр аж амьдрал, ахуй орчноо өөд татаж байгаа олон сайн туршлагаа солилцохоор Та бүхэн өнөөдөр энд чуулж байна. “Олны хүч оломгүй далай” гэдэг. Төрийн “гар харж”, “төсөв царайчлахаа” эн тэргүүнд тавилгүй айл хотол, өрх гэрээрээ өөрсдөдөө байгаа боломжоо дайчилж, ахуй амьдралаа хамтаараа, нийтээрээ өөд нь татах санаачилга  бодит үйл хэрэг болоосой гэж би хүсч байна.

Хөгжилд олон нийтийн оролцоотой, хамтын хүчээр хүрэхэд хууль зүйн боломж нь чамлахааргүй байна. Тухайлбал, Монгол Улсын Их Хурал “Нийтийн сонсголын тухай” хуулийг 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдөр баталсан бөгөөд энэ оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж байгаа. Иргэд, олон нийт Та бүхэн энэ хуулиар олгосон боломжийг ашиглаж төрийг удирдах, хөгжлийн асуудлаа шийдвэрлэх үйл хэрэгт гар бие оролцох бүрэн боломжтой. Орон нутагт хуулийн хэрэгжилт хэр байгааг хэлэлцэж сонсохоос эхлээд аймаг, нийслэл, сум, дүүргийн төсвийн бүрдүүлэлт, зарцуулалтыг ч хүртэл нийтээрээ цуглаж хэлэлцэх, мэдээлэл сонсох эрх зүйн үндэслэл бүрдсэн. Улс орон, нутаг ус, айл хотол, өрх гэрийнхээ хөгжлийн төлөө гэх сэтгэлээр хуран цугларсан Та бүхний чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсэхийн зэрэгцээ, энэ чуулганыг зохион байгуулж байгаа Монголын баг, сумдын үндэсний холбоо, Улсын Их Хурлын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт талархал илэрхийлье.

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна