Дани дүрвэгсдийн үнэт зүйлсийг хураан авна

2016 оны 1 сарын 27

 

Дүрвэгсдийг орон байр, хоол хүнсээр хангасны хариуд биедээ авч яваа үнэт зүйлсийг нь хураан авах төлөвлөгөөг Данийн парламент дэмжсэн байна. Ингэснээр Данийн цагдаа нар дүрвэгсдээс 10 мянган кроноос илүү гарсан үнэт эд зүйлсийг хураан авах болж байгаа аж. Ингэхдээ хуримын бөгж, удам дамжсан дурсгалын зүйлийг хураан авахгүй гэнэ. Данид ирсэн дүрвэгсэд биедээ 3000-10000 крон хүртэлх үнэ өртөг бүхий эд зүйлсийг байлгахыг зөвшөөрч байгаа аж.

 

Данийн парламентын шийдвэрийг НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун хурцаар шүүмжилж, “Дайн тулаан, зөрчил мөргөлдөөнөөс зугтаж амь насаа эрсдэлд оруулан Газар дундын тэнгисийг гатлан олон зуун км газрыг яван туулж маш их зовж зүдэрсэн хүмүүсийг өрөвдөн энэрч, дүрвэгсдийн эрхийг нь хүндэтгэх хэрэгтэй” хэмээсэн байна. Данийн парламентын төлөвлөгөөг өмнө нь дэлхийн II дайны үеэр еврей хүмүүсээс үнэт зүйлсийг нь хураан авдаг байсантай зүйрэлжээ.

 

Дани улс өнгөрсөн 2015 онд 21 мянга гаруй дүрвэгчийг хүлээн авсан байна. Дүрвэгсдийн эд зүйлсийг хураах арга хэмжээг авах болсон ганц Дани улс биш аж. Өмнө нь Швейцарьт өнгөрсөн онд 100 орчим дүрвэгчээс үнэт зүйлсийг нь хураан авсан нь шүүмжлэл дагуулж байжээ. Шведийн цагаачлалын дүрэмд дүрвэгсэд 1000 ам.доллараас илүү гарсан үнэт эд зүйлсийг биедээ авч явбал хураалгах ёстой гэнэ.

 

Б.АНХТУЯА

 

ЭХ СУРВАЛЖ: ВВС

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна