ИУ-аас нефть авдаг хэмээн Туркийг буруутгав

2016 оны 1 сарын 27

 

Израилийн батлан хамгаалахын сайд Моше Яалон Туркийг “Исламын улс” бүлэглэлээс нефть худалдан авч, хэт даврагчдыг санхүүжүүлж байгаад буруутгажээ. Грекийн Афин хотноо хэлсэн үгэндээ Моше Яалон “Исламын улс” маш удаан хугацааны турш нефть худалдсан Туркийн мөнгөөр санхүүжсэн” хэмээн ярьсан байна. Түүнчлэн тэрбээр Сири, Иракийн исламын зэвсэгт дайчдыг Европ руу гарч, ороход Турк улс чөлөөтэй нэвтрүүлдэг хэмээн буруутгажээ.

 

Өмнө нь ОХУ-ын зүгээс Туркийг Сири дэх исламын дайчдаас нефть худалдан авдаг хэмээн буруутгаж байсан юм. Гэвч өнгөрсөн сард АНУ-ын төрийн департментын албаныхан ОХУ-ын буруутгалыг үгүйсгэсэн аж. Исламын улс бүлэглэл нь Сири, Ирак дахь нефтийн нөөцийг хяналтдаа авснаар санхүүжилтийн нэг гол эх үүсвэрээ болгоод буй. Туркийн арми Оросын байлдааны онгоцыг Сирийн нутагт сөнөөсний дараа Москва Анкараг “Исламын улс” бүлэглэлээс нефть худалдан авдаг хэмээн буруутгасан юм. Оросын байлдааны онгоц Сирийн хойд хэсэгт исламын дайчдын нефтийн цувааг агаараас бөмбөгдөөд буцаж явсан аж.

 

Үүний зэрэгцээ Израиль, Туркийн харилцааг сэргээх оролдлого удаа дараа бүтэлгүйтжээ. Тухайлбал, өнгөрсөн арванхоёрдугаар сард Израиль, Туркийн албаныхан уулзсан боловч амжилтгүй болжээ. Турк нь Израилийн газрын тосыг импортлох найдлага тавин харилцаагаа сайжруулахаар оролдсон аж. Үүний дараа Туркийн талаас тусламжийн хөлөг онгоцонд зорчиж явсан 10 идэвхтний амь насанд Израилийн Засгийн газраас нөхөн төлбөр шаарджээ. Израйлийн тэнгисийн цэргийнхэн 2010 онд Газын зурвасын бүслэлтийг нэвтрэн орохыг завдсан Туркийн хөлөг онгоц руу дайралт хийсэн аж.

 

Б.АНХТУЯА

 

ЭХ СУРВАЛЖ: ВВС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна