Дэлхийн мөхлийг заасан цагийн зүү 23.57-г зааж байна

2016 оны 1 сарын 27

 

Галавын өдрийн гэх бэлгэдлийн цагийн зүү цөмийн дайн, цаг уурын өөрчлөлт зэрэгтэй холбоотойгоор дэлхийн мөхлийг заасан хэмжээндээ үлдсэн байна. Шинээр дүгнэлт судалгаа хийсний дараа ийм шийд гарсан тухай Time мэдээлэв.

 

Одоо Галавын өдрийн цагийн зүү 23.57-г зааж байгаа. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 22-нд цагийн зүүг хоёр минутаар урагшлуулсан юм.

 

Bulletin of the Atomic Scientists товхимолд нийтлэгдсэн илтгэлд цагийн зүүг өнгөрсөн онд урагшлуулсаны дараа Ираны цөмийн хөтөлбөрийн хяналтын гэрээ байгуулагдсан нааштай алхам тэмдэглэгджээ. Мөн Парист 200 улс орон агаар мандлын хүлэмжийн хийн хаягдлыг багасгах талаар тохиролцсоныг бас эерэг гэж үзсэн байна.

 

АНУ ба ОХУ-ын харилцаа “хүйтэн дайны үеийг санагдуулахаар хурцадсан гэдгийг энд заав.

 

“Украин, Сирийн сөргөлдөөн үргэлжилж, Сирид байлдааны ажиллагаа явуулж байсан Оросын онгоцыг сөнөөсөн НАТО-гийн гишүүн Турктэй дайны ирмэгт байгаа гэсэн дэвэргэсэн мэдээлэл гарч байна” хэмээн илгэлд өгүүлжээ. Мөн Умарт Атлантын эвсэл болон ОХУ цэргийн хүчээ шилжүүлэн байрлуулж өргөн цар хүрээтэй сургуулилалт хийж буйг бас тэмдэглэв.

 

Илтгэлд “Россия сегодня” гэдэг мэдээллийн агентлагийн захирал Дмитрий Киселевын хэлсэн ОХУ-ын цөмийн хүч нь АНУ-ыг “цацраг идэвхт үнс” болгох чадвартай гэх мэдээллийг дурдлаа.

 

“Вашингтон, Москва хоёр цөмийн зэвсгийн хяналтын гэрээнүүдийн ихэнхийг үргэлжлүүлэн мөрдөж байна. Гэхдээ энэ хоёр улс, мөн бусад улс зэвсгийн шинэчлэлийн хөтөлбөртөө цөмийн зэвсгийг оруулсан байгаа” хэмээн илтгэлд тэмдэглэжээ. Тухайлбал, АНУ ба ОХУ хоёроос гадна Хятад, Пакистан, Энэтхэг, Хойд Солонгос цөмийн зэсгийн нөөцөө нэмэгдүүлж байгааг тэмдэглэв.

 

Бас нэг түгшүүртэй хүчин зүйлээр Өмнөд Хятадын тэнгис дэх арлуудад Хятад чөлөөтэй нэвтэрч газар нутгийн маргаан үүсгэснийг нэрлэжээ.

 

БНАСАУ-ын устөрөгчийн зэвсгийг туршсан мэдэгдлийг тусгайлан дурдсан байна. “Энэ туршилт нь хоёр шатлалын  халуун цөмийн зэвсэг байгаагүй гэсэн дүгнэлтэд шинжээчид ойр байгаа ч Хойд Солонгост хязгаарлалт байхгүй нөхцөлд цөмийн зэсгийн нөөцөө өргөжүүлэн хөгжүүлэх болно гэдэгт эргэлзэх зүйлгүй” хэмээн тайланг бичигчид хэлжээ.

 

Цагийн зүүг шөнийн 23.53 цагт 1947 онд заан байрлуулсан юм. ЗХУ болон АНУ хоёул 1952 онд халуун цөмийн бөмбөг туршсаны дараа цагийн зүү таван минутаар урагшилж 23.58 болсон юм. 1960-аад оны улс төрийн хямралын дараа Стратегийн зэвсгийг хязгаарлах нэгдүгээр гэрээ ба Пуужингийн довтолгооноос хамгаалах  гэрээ байгуулагдсан учир цагийн зүүг 10 минутаар ухраасан байв.

 

1980-аад онд зэвсэглэлээр хөөцөлдөх ажиллагаа ба ерөнхийлөгч Рональд Рейганы “Стратегийн хамгааллын санаачлага” нь аюулгүй байдлын төвшинг 2015 оных шиг 23.57 цагт аваачсан.

 

Харин 1991 онд ЗХУ-АНУ-ын хооронд стратегийн зэвсгийг хязгаарлах гэрээнд гарын үсэг зурсаны дараа цагийн зүү 23.43-ыг заасан юм. 2000-гаад оны дунд үеэс цагийн зүүг даяарчлалын цаг уурын өөрчлөлтийн аюулаас шалтгаалан урагшлуулж ирсэн. Гэхдээ 2010-2014 онд цагийн зүү тогтвортой буюу 23.55 дээр байсан.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна